Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Сингапур Улсад болсон FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг зургадугаар байранд орсон юм.
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд тав, Ази тивд нэгдүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн амжилт гаргаж, Ази тивийн хошой аварга болсонд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдын нөр их хөдөлмөр зүтгэл, эв нэгдлийн хүчээр тус спортод амжилтаа ахиулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэллээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сагсан бөмбөгийн холбоодын асуудал цэгцэрч, сагсчид Монгол гэдэг нэрийн дор нэгдэж чадсанаар тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгааг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.
Холбоотой мэдээ