Тойм: Засгийн газрын сайд нарыг чөлөөлж, томилов

Хуучирсан мэдээ: 2023.04.09-нд нийтлэгдсэн

Тойм: Засгийн газрын сайд нарыг чөлөөлж, томилов

Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛОВ

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний бүрэн эрхийнхээ хувиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг сэлгэн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ. Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгын сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, гурван талт хэлэлцээрийг олон улсын түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг асуудалд цогц шийдэл гаргахад Сангийн дэд сайд бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзлээ. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг эмэгтэй улстөрч удирдах нь илүү дэвшилттэй шийдэл гэж үзлээ.

Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж, улсын экспортын орлого 2022 оны байдлаар 12.5 тэрбум ам.долларт хүрсэн түүхэн дээд амжилт үзүүлж, улсын төсвийн орлого анх удаа 1.5 их наяд төгрөгөөр давж, цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 4 хувийн өсөлттэй гарлаа. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргад Б.Тулгыг томилох нь зүйтэй гэж үзэв. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар төрд ажилласан, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн корридорын яриа хэлцлийг ахиулахад Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг нь харгалзаж үзлээ.


"27 ТЭРБУМЫН ЭРСДЭЛД ОРУУЛСАН 230 ЗЭЭЛДЭГЧИЙГ ТОДОРХОЙ БОЛГОЛОО"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Баасан гаригт /2023.04.07/ Боловсролын зээлийн сан/БЗС/-гийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ БЗС-г 27 тэрбум төгрөгийн эрсдэлд оруулсан 230 зээлдэгчийн нэрсийн жагсаалтыг тодорхой болгосон талаар онцоллоо.

Тэрбээр “БЗС нь 1997 оноос хойш ажиллаж эхэлснээр өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор  1.2 сая суралцагчид 1 их наяд 638 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Буцалтгүй тусламж тэтгэлгийг давхардсан тоогоор 1.2 сая суралцагч авсан. Буцалтгүй тусламжийн тэтгэлэгт:

  • Бүтэн өнчин,
  • Хөгжлийн бэрхшээлтэй,
  • Сувилагч,
  • Цаатан өрхийн суралцагч,
  • Гурваас дээш оюутантай нэг өрхийн суралцагч,
  • Багш /ЭЕШ/-ын өндөр оноотой. Хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч,
  • Орон нутгийн сургуульд суралцвал 50 хувь,
  • Аймгийн төвөөс 500 км-ээс дээш алслагдсан бол замын зардал,
  • Гадаадаас Монголд суралцдаг гадаад оюутанд зээл олгосон,

Хоёрт, хөнгөлөлттэй зээлийг 169641 оюутан авсан, үүнд 40 тэрбум төгрөг зарцуулсан. Гуравт, Оюутны хөгжлийн зээлийг 53592 суралцагч авсан. Монгол Улсад эрэлттэй байгаа, тэргүүлэх зэргийн мэргэжил сонгосон, ЭЕШ-ын оноо нь 600-гаас дээш, голч дүн нь 2.8-аас дээш байх шалгуур хангасанд 78 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт дүнгээрээ дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгосон зээл 761 тэрбум юм" гэлээ.

БЗС-гаас зээл авч суралцаад гэрээний нөхцөлөө биелүүлэлгүй 27 тэрбум төгрөгийн эрсдэл учруулаад буй зээлдэгчдийн жагсаалтын дэлгэрэнгүйг эндээс харна уу.


"МАН-ЫГ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛАХ САЙН ЦАГ ИРНЭ"

Өнөөдөр /2023.04.07/ Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөр Ардчилсан намаас Соёлын төв өргөөнд “Ардчилсан нам: Монгол Улсад ирж буй сорилт” чуулган зохион байгуулж байна. Тус чуулганд Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож буй юм. Энэ үеэр Ардчилсан ахмадын холбооны тэргүүн, ахмад эмч Батбаяр (Олхонууд Шаабар) ахмадуудаа төлөөлөн үг айлдав.

Түүх сөхвөл, 1989 оны арванэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулж байв.

Ардчилсан холбоо 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргасан. 1990 оны дөрөвдүгээр сарын 8, 9-нд МоАН-ын Их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны тавдугаар сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн юм.

Ийнхүү МоАн байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон билээ.


Т.БАДАМЖУНАЙГ НЭГ САР ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилсан тухай бид Мягмар гаригт /2023.04.04/ мэдээлсэн билээ. Тэгвэл Лхагва гаригт 10:55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр түүнийг хууль хүчний байгууллагынхан Монгол Улсад авч ирэв.

Шүүхэд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг цагдан хорих хүсэлт ирсэн. Түүнийг хорих хүсэлтийг Баасан гаригт /2023.04.07/ 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хэлэлцлээ. Яллагдагч Т.Бадамжунай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл бий” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.


Д.МӨНХ-ЭРДЭНЭД 3 ЖИЛ 10 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООВ

Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал Пүрэв гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжлэн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр уншиж сонсгох хэсгийг шууд дамжуулалтыг  ЭНД дарж үзнэ үү. Шүүх хурлаас түүнд гурван жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, түүний үйлдлийн улмаас 112 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж