Урин цаг ирсэн ч цас орж, шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээ анхаарууллаа.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи дөрөвдүгээр сарын 10-11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Мөн дөрөвдүгээр сарын 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Холбоотой мэдээ