Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр Боловсролын зээлийн сан /БЗС/1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн.
Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авчээ. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн байна.
Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцсан нь санхүүжилтийн 75 хувийг авсан гэсэн үг аж. Гэхдээ энэ сангаас зээл авсан дотоодын суралцагчдад гадаадын их, дээд сургуульд суралцагчдад олгодог шиг боломж олгоогүйгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд эдүгээ 10050 диплом хадгалагдаж буй аж.
Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох юм байна. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Дотоодод суралцагчдад
- Буцалтгүй тусламж, тэтгэлэг
- Хөнгөлөлттэй зээл
- Оюутны хөгжлийн зээл гэсэн 3 төрлийн санхүүжилт олгодог.
Харин гадаадад суралцагчдад
- Өндөр хөгжилтэй оронд магистр, доктор
- Засгийн газар хоорондын гэрээ
- Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалавр
- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр
- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гэсэн 5 төрлийн санхүүжилт олгодог.
Зээлд хамрагдалт, эргэн төлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал, маргаан нь гадаадад ахисан түвшинд суралцсан 1867 иргэнтэй холбоотойгоор үүсээд буй юм.
- Зээлээ төлж байгаа 34
- Одоо суралцаж байгаа 39
- Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
- Гэрээ хэрэгжиж байгаа /ажиллаж байгаа/ 634
- Чөлөөлөлтөд хамрагдсан 890 байна.
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.