Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний нөөцгүйгээ харуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний нөөцгүйгээ харуулав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний нөөцгүйгээ харуулав

Т.Аюурсайхан нь нүүрсний хэрэгт холбогдсоноос сайдын суудлаасаа бууж, орных нь хүнийг томилох шаардлага үүссэнийг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар өчигдөр /2023.04.07/ хэлэлцэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг, Боомтын асуудал хариуцсан сайдаар Б.Тулгыг нэр дэвшүүлэн батламжилж, УИХ-д тангараг өргөснөөр Засгийн газар бүтэн боллоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол хүний асуудал хариуцсан Засгийн газрын чухал бүтэц.  Тэрхүү агуулгаараа эмэгтэй хүнээр сайд томилсон нь зөв ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хүний нөөцгүй болжээ гэж хэлж болохоор байна.

Учир нь, хоёр сарын өмнө МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит бус хуралдаан зарлан удирдлагаа өөрчлөх болоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож, Х.Булгантуяаг санал болгосныг гишүүд нь дэмжин, баталсан.

Энэ үйл явдал болохоос ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө яамгүй сайд нарын томилгоог хийхэд мөн л Ерөнхий сайд Х.Булгантуяаг Боомтын асуудал хариуцсан сайдад нэр дэвшүүлж, хамгийн сайн тохирох хүн гэдэг асуудал хөндөн, тангараг өргүүлсэн.

Харин өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын томилгоог хийх болоход УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлэв.  Хууль нь байгаад, эрх  мэдэл нь хүрдэг бол Х.Булгантуяаг нэгээр тогтохгүй сайдын дээл давхарлуулж мэдэх нь.

Ердөө гурван сарын хугацаанд нэг сайдаас нөгөө сайдын суудал руу сэлгэж очин, яам удирдах болж байгаа Х.Булгантуяаг  олон нийт  “Нэг шүгэл үлээгээд яам удирдах боллоо. Хоёр дахь удаагаа шүгэл үлээвэл Шадар сайдаар тогтохгүй Ерөнхий сайд ч болж мэдэх нь” гэж хошигноцгоож байна.

Гэхдээ энэ хошигнолын цаана Засгийн газрын тэргүүнд фракц дотор нь Х.Булгантуяагаас өөр санал болгочих, хариуцсан ажлаа чамбай гүйцэтгэчих кандидат байхгүй нь харагдлаа. Улс төрийн тохироог фракцдаа ашигтай хийх нь удирдлагын үүрэг ч ч улс төрд хол явъя, урт зам туулъя гэвэл баг чухал.  Нам дотор нь хэд, хэдэн фракц бий ч энэ ажлыг хариуцуулчих итгэлтэй нь алга бололтой.

Уг нь Монголд дээрх албыг асуудалгүй хаших боловсрол өндөр, мэдлэг чадвартай боловсон хүчин олон бий. Харамсалтай нь, улс төрийн томилгоо нь зөвхөн нам дотроо эргэлддэг, тэр дундаа фракцаас нь өөр хүн бол хэн ч байсан хүлээн авахгүй гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг болсон нь төр цүнх баригчид, нам дагаж далдагнагсдын үүр овоохой болох замыг ч засч өгч байна.

Нөгөө талдаа МАХН-аа татан буулгаад МАН-тай нэгдсэн Н.Энхбаяр тохиролцоогоо сануулан зүтгэсээр туслах Б.Тулгыгаа Боомтын асуудал эрхэлсэн сайдаар томилуулж хоосонгүй хоцорлоо.

Б.Тулгын хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын  туслахаас нь эхлээд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүртэлх алба хашиж ирсэн. Ардчилсан нам МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгтэй хамтран Засгийн газар байгуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын алба хашиж байв.  Цүнх баригч ч гэлээ ямар ч ажлыг хийсэн шиг хийчихдэг, МАН дотор бол дээгүүр жагсах боловсон хүчин бол мөн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ч Б.Тулгаас нь өөр итгэлтэй, нүүрийг нь түлчихгүй байх "баруун гар" тун цөөн. Тиймдээ ч хамтран зүтгэгчдээс нь хамгийн их албан тушаалд очдог нь юм.

Ажлаа хүлээн аваад буй сайд нарыг танилцуулъя.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

Боловсрол:

  • 2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр,
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан,

Ажилласан байдал:

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч
  • 2010-2011 онд “Оюу Толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга,
  • 2023 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байгаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдов.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга:

Боловсрол: 

  • 2001 онд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр,
  • 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль,
  • 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан,

Ажилласан байдал:

  • 2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш,
  • 2003-2004 онд МАХН-д ажилтан,
  • 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах,
  • 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах,
  • 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд,
  • 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд,
  • 2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал,
  • 2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн дарга,
  • 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ноос Боомтын асуудал хариуцсан сайд болов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж