Сурвалжлага: СӨХ-ны мөнгөө төлдөггүй айлуудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: СӨХ-ны мөнгөө төлдөггүй айлуудад хариуцлага тооцно

Сурвалжлага: СӨХ-ны мөнгөө төлдөггүй айлуудад хариуцлага тооцно

Нийслэл хотын хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр орон сууцанд амьдрах өрхийн тоо өсч буй. Үүнийг дагаад иргэдийн хариуцлага, ухамсрын асуудал мөн давхар яригдах болсон. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон сууцанд амьдардаг хэрнээ сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны мөнгөө төлдөггүй айлуудыг Монголбанкны хар жагсаалтад оруулах тухай мэдээлэл гарсан. Уг журам одоогоор батлагдаагүй ч олон хүний дургүйцлийг хүргэж буй. Тиймээс СӨХ-ны төлбөртэй холбоотой асуудлыг сурвалжилж байна.

СӨХ-ны мөнгийг байрны нийт оршин суугчдын хурлаар хэлэлцэж тогтоодог бөгөөд тухайн орон сууцны өрхийн тоо, нийтийн эзэмшлийн талбай зэрэг онцлог өгөгдлүүдээс хамаарч хийсэн зардлын тооцоон дээр үндэслэж гаргадаг байна.

МӨНГӨӨ ӨГСӨН НЬ ХОХИРЧ, ТӨЛӨӨГҮЙ НЬ ЗАВШИЖ АМЬДРАХ ЁСГҮЙ

Иргэдийн хэлж байгаагаар шинэ орон сууц хорооллын айлуудын хувьд СӨХ-ны мөнгөө сар тутамд тогтмол өгдөг. Мөн нийт оршин суугчдын цахим хуудастаа шилэн данс хөтөлж, төлбөр хураамж, зардалтай холбоотой мэдээллийг сараар нь гаргадаг гэсэн юм. Харин 2020 оноос өмнө нь байгуулагдсан байрны тухайд 6-10 сар болон жилээс дээш хугацаанд төлбөрөө төлөөгүй айл өрх олон байдаг. Шаардлага тавьж, иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч маргаан шийдэгдэхгүй хугацаа их зарцуулдаг гэсэн юм. Иргэдийн зүгээс СӨХ-ны төлбөрөө гурваас дээш сар төлөөгүй айлуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Мөнгөө төлсөн нь хохирч, төлөөгүй нь завшдаг байх ёсгүй гэдгийг хэлж байлаа.

Гэхдээ төлбөрөө олон сараар төлөөгүй айлуудад хатуу хариуцлага тооцохоос илүүтэй тогийг нь таслах болон халуун усыг хаах зэрэг арга хэмжээг авч, шаардлага хүлээж авахгүй бол хуулийн байгууллагад хандах нь зөв гэв.

Харин нөгөө талдаа зарим айлын хариуцлагагүй байдлаас болж СӨХ үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулахад хүндрэл үүсдэг болохыг хэлж байлаа.

СӨХ ОРШИН СУУГЧДААС АВСАН МӨНГИЙГ ЗАРДЛААС ГАДНА ХУРИМТЛАЛД ЗАРЦУУЛДАГ

Хотын А бүс буюу 40 мянгат, гутлын 22 гудамжнаас эхлээд төрийн ордны хойд хэсгийн хуучны орон сууцны тохижилт, байрны өнгө үзэмж харьцангуй сайн. Тус байрнуудын хувьд СӨХ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оршин суугчдын зүгээс ч хариуцлагатай ханддаг болохыг хэлсэн.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Ордон СӨХ-ны дарга Ш.ХОНГОРЗУЛ:

-2021 оны арваннэгдүгээр сард манай байр оршин суугчдын дундаасаа шинээр төлөөлөл гаргаж СӨХ байгуулсан. Миний хувьд зургаан сарын хугацаанд энэ ажлыг хийж байгаа учраас одоогоор тулгамдаж байгаа асуудал бага. 1-2 айл сар тутамд мөнгөө өгдөггүй ч үүнийг шийдвэрлэх боломжтой асуудал гэж хардаг. Манай СӨХ-ны харьяанд байрны маань найман орцны нийт 48 өрх харьяалагддаг. Мөн 17 аж ахуй нэгжтэй. Төлбөрийн тухайд аж ахуй нэгжүүд бол сар бүр асуудалгүй төлбөрөө өгдөг. Оршин суугчдын хувьд тал хувь нь түрээс, 50 хувь нь үндсэн оршин суугчид. Тиймээс СӨХ-ны төлбөр дээр 1-2 айл дээр маргаан үүсгэх тохиолдол бол бий.

“Ордон” СӨХ-ны тухайд харьцангуй бага мөнгө авдаг. Энэ СӨХ байгуулагдахад бид хуучин холбооноос хуримтлалгүй авсан. Харин сүүлийн жилийн хугацаанд бага ч болов хуримтлал үүсгээд явж байна.

Манай байр 1948 онд баригдсан хуучны орон сууц. 2-3 өрөө байрны сонголттой. Өрөөний хэмжээнээс шалтгаалаад 15-20 мянган төгрөгийн төлбөр сард авдаг. Бусад том хотхонуудтай харьцуулахад хямд. Оршин суугчдаас авч байгаа мөнгө бага учраас хуримтлал үүсэхэд урт хугацаа шаардлагатай. Энэ зун бид оршин суугчдаараа ярилцаж байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, бүтээн байгуулалтын ажил хийх талаар ярьж байгаа. Мөн хуучны байр учраас сангийн асуудал их гарч, СӨХ-ны мөнгөөр урсгал засвар хийх нь их.

Өнгөрсөн жилийн хувьд хамгийн их гарсан гэнэтийн зардал бол орцны хаалганы эвдрэл, сантехникын асуудал. Мэдээж зардал гарч байгаа юм чинь айл бүр төлбөрөө төлөх нь зөв. Гэхдээ миний хувьд төлбөрөө олон сар төлөөгүй айлуудад хэт хатуу хариуцлага тооцох нь зүйтэй эсэхийг хэлж мэдэхгүй байна.

СӨХ-ны хувьд гэнэтийнхээс бусад зардлыг аль болох оршин суугчид, төлөөлөн у;ирдах зөвлөлийн гишүүдтэйгээ ярилцаж байгаад тусгаж, шийдвэрлэдэг.

ОЛОН САР ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ АЙЛЫГ МОНГОЛБАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ САНАЛ ГАРГАСАН

МСӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.ГАЛБААТАР:

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1600 гаруй сууц өмчлөгчдийн холбоо байгаа. Одоо мөрдөгдөж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын эрхзүйн байдал Нийтийн зориулалттай орон сууцны дундын зориулалттай эзэмшлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хууль, бусад холбогдох хуулиар зохицуулагдаж явдаг. Иргэний хуулийн 147-д зааснаар иргэн ус, дулааны мөнгөө холбогдох байгууллагад, СӨХ-ны төлбөрөө харьяа СӨХ-нд төлөхөөр үүрэгжүүлсэн байдаг. Хэрэв зургаагаас дээш сар төлбөрөө төлөөгүй бол иргэний хэргийн анхан шатны шүүх рүү явах зохицуулалттай.

Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс энэ зохицуулалт мөнгөө төлж байгаа иргэдэд хохирол учруулж байгаа учраас нэмэлт зүйлсийг тусгах хэрэгтэй гэж үзсэн. Тухайлбал, олон сар төлбөрөө төлөөгүй өрхийн мэдээллийг Монголбанкны хар жагсаалтад оруулах тухай.

Ингэхдээ утасны төлбөр болон бусад банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөөд тус жагсаалтаас хасагддаг зохицуулалттай ижил нөхцөлтэй гэсэн үг. Бидний хийсэн судалгаагаар СӨХ-ны төлбөрөө төлдөггүй айлуудын дийлэнх хувь нь боломжтой өрхүүд байсан. Тиймээс тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэдэг санал боловсруулаад холбогдох албанд хүргүүлээд байгаа. Мөн Иргэний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүмүүст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог болох тухай мөн ярьж байна. Нөгөө талд мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдах журам, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг дэмжих, хянах журам боловсруулагдаж байна. Хэрэв хотод амьдарч л байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй болохыг эрхзүйн хувьд тусгаж өгч байгаа.

Монголбанкны хар жагсаалтад оруулах тухай саналд СӨХ-нд өртэй айл өрөө барагдуулсан тохиолдолд тухайн жагсаалтаас шууд гаргахыг онцолсон. Нөгөө талдаа зөвхөн зээлийн хар жагсаалтаас гадна хэрэглээг хязгаарлах зохицуулалт СӨх-нд байх хэрэгтэй гэдгийг тусгаад байна.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулиар иргэдийн авсан зээлд эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд хар жагсаалтад оруулдаг зохицуулалттай. Тиймээс орон сууцны хэрэглээний зардлаа олон сар төлөөгүй иргэдийг тус жагсаалтад оруулах боломжтой гэж үзсэн.

ХАРИУЦЛАГАГҮЙ СӨХ ОЛОН БИЙ

Сууц өмчлөгчдийн холбоотой санал, хүсэлт гаргадаг цахим хуудаст бичсэн мэдээллээс харвал үйл ажиллагааны хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ олон байдаг аж. Иргэд энэ талаар холбогдох мэдээллийг нээлттэй бичиж, өр төлбөр, данс тооцоог харуулдаггүй, асуултад хариулдаггүй, үйл ажиллагааны тайланг тогтмол өгдөггүй зэрэг гомдол гаргасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг тансаг зэрэглэлийн хотхон болон шинээр байгуулагдсан СӨХ, Баянзүрх дүүргийн зарим хотхонуудтай холбоотой гомдолд олон иргэн санал хүсэлтээ өгчээ.

Ийнхүү иргэдийн эрх ашиг зөрчигдөж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг хариуцдаг СӨХ-ны ажил доголдоход хариуцлагагүй өрхүүд хүргэж байна. Тэгвэл шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлбэл олон мянган өрх монголбанкны хар жагсаалтад орохоос гадна хэрэглээний халуун ус, тогоо хязгаарлуулах нь. Тиймээс хүн бүр ухамсартай байж, бусдаас байр худалдан авч байгаа тохиолдолд өр тооцоог сайн хянаагүйгээс маргаан шүүхэд очихоос сэргийлэх, мөн түрээслэгчтэй гэрээ хийхдээ СӨХ-ны төлбөрийг тусгах зэргийг сайтар анхаарахгүй болон олон сарын өрийн хуримтлал хэнийг ч эрсдэлд оруулж магадгүй. Гол нь иргэд өөрсдөө хариуцлагатай байх нь чухал.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж