Авлигын хэргээ хялбаршуулсан АЛБАН ТУШААЛТНУУД

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Авлигын хэргээ хялбаршуулсан АЛБАН ТУШААЛТНУУД

Авлигын хэргээ хялбаршуулсан АЛБАН ТУШААЛТНУУД

 Хуулийн байгууллагаас төрийн албан хаагчдын гэрээс, ажлын байрнаас их хэмжээний мөнгө олж, нийгэмд дуулиан болгодог. Гэвч тэдэнд шударгаар хариуцлага тооцож чаддаггүй. Хамгийн сүүлд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 тэрбум төгрөгийг хураасан ч түүний хэргийг шийдэлгүй дөрвөн ч удаа нэг сараар хорих арга хэмжээг сунгаад байгаа юм. 


Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “…Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа…” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн байдаг. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно…” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана…” гэж тус тус заасан байдаг.

Ингэхдээ хорих ялын доод хэмжээ найман жилээс доош, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон ч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал хангагдаж байвал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр авлига, хээл хахуулийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалтыг болиулж, чангатгасан.

ПРОКУРОР АСАН Ц.НАСАНБАТЫГ 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАСАН

Бас нэг дуулиантай хэрэг бол нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбаттай холбоотой хэрэг. Түүнийг 2021 оны гуравдугаар сарын 31-нд АТГ-аас дөрвөн тэрбум төгрөгийн авлигын хэргээр шалгаж эхэлсэн. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбатыг прокурорын байгууллагын нэр хүндийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдын захиалгаар бусдыг хэрэгт холбогдуулан шалгасан, хэрэгсэхгүй болгосон, шалгагдаж буй хэргүүдийн тухай гадагш мэдээлэл задруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.

Ц.Насанбат прокурор нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдон шалгагдсан Ухаахудгаас-Гашуунсухайт хүртэлх төмөр замын хэрэг буюу 280 сая ам.доллар-738 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 2008 онд шалгагдсан БНСУ-ын хоёр иргэнийг шүүх хуралд улсын яллагчаар оролцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Монгол Улсыг 280 сая ам.доллараар хохироосон хоёр солонгос иргэнд ердөө 40-хөн  сая төгрөгөөр торгууль ногдуулах шийдвэрийг гаргаж, тэднийг нутаг буцах боломжоор хангасан гэдэг мэдээллүүд ч бий.

Д.ХАЯНХЯРВААГИЙН ОФФИСЫН ШҮҮГЭЭНЭЭС 66 САЯ ТӨГРӨГ ИЛЭРЧ, ХУРААН АВСАН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн байдаг. Ингэхэд хувийн оффисын шүүгээнээс 20 мянган ам.доллар болон зургаан сая төгрөг илэрсэн юм.

Тухайн үед АТГ-аас гүйцэтгэх ажиллагааны үйл явцын зургийг олон нийтэд цацсан нь хүний эрх зөрчсөн үйлдэл байж магадгүй гэх мэдээлэл ч байна. Тухайн үед эх сурвалжийн мэдээлж байснаар Д.Хаянхярваа нь улс төрийн шахалт бусад тохирооны дагуу ирэх арванхоёрдугаар сард ажлаа өгөхөө мэдэгдсэн байжээ.

ПРОКУРОР АСАН Ш.НЯМДОРЖИЙН ГЭРЭЭС 200 САЯ ТӨГРӨГ ХУРААСАН

Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт 2021 оны наймдугаар сард АТГ-аас нэгжлэг хийж, саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгасан байдаг.

Ингээд шүүхээс Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, 22.10 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Ийнхүү түүний хэрэг "хурдтайгаар" шийдэгдсэн нь өөрөө хэргээ хүлээсэнтэй нь холбоотой гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээ өөрөө сайн дураараа хүлээж хуульд зааснаар үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна.

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСЧ, 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН

ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Өөрөө ч хамгийн өндөр үнийн дүн бүхий зээл авсан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн байдаг. Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж