Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“News” агентлагийн энэ долоо хоногийн “Ярилцлага” буланд  Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам тэргүүтэй  зочид уригдаж, сонирхолтой яриа өрнүүллээ. Энэхүү ярилцлагуудыг дахин хүргэж байна.

С.Бямбацогт: Шинэ төмөр замууд мухар учраас тээвэр хийх боломжгүй”

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–Хаврын чуулганыг авлигын эсрэг гэж тодотгосон. Түүнийгээ дагаад ч тэр үү чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн бол УИХ-ын гишүүнД.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг прокурорын байгууллагын хүсэлтээр түдгэлзүүлэх шийдвэр өнгөрсөн баасан гаригт УИХ-аас гаргалаа. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байна?

–Нийгэмд шударга ёс тогтоох, хууль хэрэгждэг байх, авлига авч, албан тушаалаа урвуулан ашигладаггүй байх нь төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан гээд хэн бүхний үүрэг бас хариуцлага. Гэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар хашиж байгаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчил гаргах тохиолдол төдийлөн буурахгүй байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд авлигын индексийн үзүүлэлтээр дэлхийн бусад улс оронтой харьцуулахад дээгүүр жагсч байгаа бөгөөд, энэ үзүүлэлтээ бууруулж чадаагүй байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас шат дараатай арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Засгийн газраас зарласан “Таван Ш” ажиллагаа юм. Нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулаад байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг оруулж ирсэн. Өмнө нь  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тохиолдол гарч байсан.

Үнэнийг хэлэхэд тухай бүр нь УИХ-ын гишүүд хамгаалаад үлддэг байсан. Гэтэл энэ удаа хуулийн байгууллагаас оруулж ирсэн нэр бүхий гурван гишүүний асуудлыг авч хэлэлцээд хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр УИХ-ын гишүүд гаргасан нь энэ чуулганы бас нэгэн онцлог боллоо.

Өөрөөр хэлбэл, “Шаардлагатай бол шалгуул” гэдэг байр суурин дээр бат зогсч чадлаа. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа гэээд хэн нэгний гэм бурууг тогтоож байгаа асуудал огт биш. Харин хууль хяналтын, мөрдөх байгууллагад хуулийн хүрээнд холбогдох үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаа хэрэг. Нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр УИХ-аас гаргасан нь тэдний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Түүнээс өмнө хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасныг сануулахад буруудахгүй байх.

-Таны хариуцаж байгаа салбарт ч мөн их хэмжээний авлига, албан тушаалын хэргүүд гарсан. Төмөр замын нэг л даргын гэрээс сэйф дүүрэн мөнгө гарч ирсэн нь нийгэмд дуулиан тарьсан. Нүүрсний хулгайн асуудал ч явж, явж зам, тээврийн салбартай холбогдож байна. Салбараа авлигаас ангид, нээлттэй, ил тод болгохын тулд юу хийж байна?

–Тээврийн үйлчилгээ хүрдэггүй түүнийг хүртдэггүй нэг ч хүн байхгүй. Иргэн бүр авто зам, төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар хүртдэг. Нэг ёсондоо зам, тээврийн  салбарын хамрах хүрээ өргөн, онцлог их. Тиймээс зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод, хурдан шуурхай хүргэх, хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахад үндсэн бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Төр нь иргэддээ үйлчлэх ёстой. Төрийн албан хаагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх үүрэгтэй. Энэ үүргээ ухамсарладаг байх үндсэн шаардлагыг би өөрөө ч баримталдаг бусад хүмүүст ч тавьдаг. Хууль зөрчихгүй, хулгай хийхгүй, төрийн үйлчилгээг иргэдэд түгжрэлгүй хурдан шуурхай хүргэх ёстой. Сайдаар томилогдож ирээд үндсэн тавьсан бодлого, зорилго ердөө энэ байсан. Сайдын албан тушаалд томилогдсоноос хойш хагас жил өнгөрч байна. Энэ хугацаанд салбартаа тавьсан зорилтын үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн.

Манай салбар өмнө нь хүнд сурталтай, удаан байснаас үүдэн иргэд үйчилгээ авахад чирэгдэл үүсдэг, үүнээс шалтгаалаад авлига ашиг сонирхлын зөрчил их гардаг байсан. Харин өнөөдөр дээрээс нь бодлогоор шахаад эхлэхээр шат шатандаа хэл ам, гомдол чирэгдэл, бухимдал, авлига ашиг сонирхлын зөрчил буурсан гэж харж байна.

Гэхдээ буурчихлаа гэж тайвширахгүйгээр цаашид улам илүү нээлттэй болгохын төлөө ажиллана. Цаашид нээлттэй утас ажиллуулж хаана, ямар хүнд суртал, асуудал чирэгдэл учруулж байгаа талаар иргэпийн санал гомдлыг хүлээж авч, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг, нээлттэй утас ажиллуулахаар төлөвлөж байн

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2637582/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

“Би донат амттаны дүрсэнд дурласан”

Банзрагчийн Орхонтуул өнөөдрийн цаг мөчид Монголын уран зургийн салбарт  бүтээлүүдээрээ ихээхэн анхаарал татаж байгаа уран бүтээлч юм. Түүнтэй ярилцлаа.


-Өнгийн будаг, материал энд тэндгүй байгаагаас харахад та саяхан нүүж иржээ дээ?

-Түрээсийн олон байр дамжиж явсаар саяхнаас энд тохижиж байна. Урландаа ихэнх цагийг зарцуулдаг. Шинэ газар орохоороо нэг хэсэгтээ эвгүй байдаг. Тэгж байгаад дасдаг даа. Би урландаа эмх замбараагүй байхыг хүсдэггүй. Гэхдээ яг уран бүтээл хийх үеэр бол “дэлбэрчихдэг”. Ер нь цэвэрхэн байх ямар ч нөхцөл байхгүй.  Урлангаа сайхан цэвэрлэчихээд, бүтээл хийлгүйгээр хараад суувал сууна шүү дээ./инээв/

-Урлангийн голд байрлах гурван баримал их гоё юм.  Энэ  таны цуврал бүтээл үү?

-Яг одоо цуврал гурван баримал, үзэсгэлэнгийнхээ скез, санаан дээр ажиллаж байна. Би сүүлийн үед энэ дүрсэд их дурлаж байгаа. Эхний загвар моделийг баримлын шавраар хийдэг. Энэ дууссаны дараа хэв авч, хоёрдогч хатуу материал дээр буулгана. Дахин хүрэл, мөнгө, алт зэрэг янз бүрийн материалаар өнгөлдөг юм.

-Уран зургаас гадна уран баримал хийдэг бололтой. Аль нь илүү онгод, хүч хөдөлмөр, цаг, хугацаа шаарддаг вэ?

-Зураач мэргэжлийг сонгодоггүй. Би багаасаа л зураг зурдаг байсан. Ер нь өөр мэргэжил сонгоё гэж огт бодож байгаагүй. Миний хувьд 2003 онд Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийн уран зургийн анги төгссөн. Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч байгаад дундаасаа гарсан.

Уран зураг бол хавтгай формат дээр ажилладаг. Орон зай, том талбайд чөлөөтэй ажиллаж болдог бол уран баримал арай хумигдмал. Дүрс модельтой ажилладаг учраас тэр биз.

Уран зургийг зурахад тоглолт ихтэй. Баримлаар нэг хүний хөрөг хийхэд аль ч талаас нь харсан тэр хүн л харагддаг байх ёстой. Олон талаас харж ажиллана. Зураач байж байгаад баримал хийж байгаа учраас илүү сонирхолтой санагдаж байна. Зарим хүн хэцүү байх тусам ард нь гарах гэж зүтгэдэг шүү дээ. Тэрэн шиг л улам сонирхол татаж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2638214/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

Д.Сосорбарам: Анхны 13-ын таваас бусад нь НАХЯ-ны …

Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Догмидын Сосорбарамтай ярилцлаа.


-“Намрын халуун өдрүүд”-ээс “Илүү сартай зун” хүртэл… Бошгыг халах залуучуудын эвлэлийн  Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Баваасангаас нийгмийнхээ араа шургын эсрэг өөрийнхөөрөө тэмцсэн Галбадрах болтол… Догшин хутагтаас Догшин ноён хүртэл… Ингээд харахаар таны бүтээсэн дүрүүд их сонин. Магадгүй таны амьдрал, тэмцлийн эсвэл монгол хүний үе үеийн тэмцлийн цаад мөн чанарыг хэлээд байх шиг. Дүрүүдийнхээ холбоосыг та юу гэж хардаг вэ…

–Найруулагч нарын дүр урлахуйн хүмүүсээ олж хардаг харц, таниц өөр өөр санж. Би болбоос амьдралдаа их хүйтэн дүртэй хүн шиг. Дотны уран бүтээлчид ярихад халгаатай гэдэг. Юундаа байдгийг мэдэхгүй. Миний хувьд нэлээд хожуу энэ урлагт хөл тавьсан хүн. 1982 онд жүжигчний сургууль төгсөөд хоёр, гурван жил өнжөөд ажиллаж эхэлсэн. Харин манай ангийнхан оюутан байхаасаа л кинонд тоглоод одоогийнхоор “од” болчихсон хүмүүс. Сайн хэрэг… Миний ерөнхий төрх найруулагч нарын нүдэнд тусаагүй байж л дээ. “Намрын халуун өдрүүд” миний анхны киноны дүр. Тэр үед Д.Долгор гэж том найруулагч байсан.Их өвөрмөц араншинтай. Баргийн хүнтэй таарамжгүй. Тэр хүн “Намрын халуун өдрүүд” гээд зохиолч С.Удвал, Д.Дожоодорж гуайн зохиолоор МАХН-ын III их хурлаас сэдэвлэж кино хийсэн. Ингээд энэ киноны Ж.Баваасангийн дүрийг надад өгсөн. Ингэхдээ “Сосорбарам минь чи яг өөрийнхөө араншингаар тогло. Нэгт, энэ хүн тийм ч муу хүн биш” гэсэн. Би ч оюун санааны хувьд тэр хүн хэн байж вэ гэдгийг гаргахыг хичээсэн. Солийн Данзангийн баруун, зүүн гар болж явсан хүн шүү дээ. “Иргэн баян бол улс баян”, уулын бэлээс оргилыг нь хүртэл явахдаа юу ч битгий алгас гэхчлэн энэ улс орныг сүйтгэчихгүйхэн шиг аваад яв гэж байсан С.Данзанг МАХН-ын III их хурлаар хөнөөсөн. Данзангийн дүрд манай Ардын жүжигчин П.Цэрэндагва ах маань тоглосон шүү дээ.     Уг кинонд Данзангийн хэлдэг нэг үг байсан юм. “Х.Чойбалсан нарын замаар явбал 50-60 жилийн дараа Монгол ертөнцийн хөрснөөс арчигдана шүү” гэж хэлэхэд нь Баваасан асгартал уйлаад буудуулахаар явдаг. Тэрийг нь хасчихсан. Эргээд харахад Д.Долгор найруулагчийн шигтгээ, шигээ их айхтар байсан. Тухайн үед янз бүрээр л хэлж, муучилж байсан. Гэтэл манай “Хонх”-ын С.Цогтсайхан тэр киноны мөн чанарыг олж харсан. “Ямар азаар бид энэ киног хийгээ вэ” гэдэг. Одоо харахад алдаа оноо бий л дээ.

-Тэр том агуулгыг хайчлуулж байж “Бүхэл бүтэн нийгмийг алгасна гэдэг чинь чиний тэр хормойгоо шуугаад Дунд голын дээгүүр харайхтай адил биш. Өнөөдрийг хүртэл дэлхийн нэг ч орон ямар ч нийгмийг алгасаагүй” гэх мэт диалоги хэсгүүдээ авч үлджээ. Баваасан гэдэг хүний дүрийг харсан ч одоо муу хүн гэж харагдахгүй. Монголыг монголоор нь байлгах гээд л зогсоод байгаа хүн. Баримтыг харсан ч С.Данзан, Ж.Баваасанг  нарыг хорооход их харамссан тухай ярианууд бишгүй дайралддаг… Гэтэл энэ киноноос хоёр жилийн дараа таны тоглосон “Илүү сартай зун” киноны Галаагийн дүр бас л бусдын сайн сайхны системийнхээ эсрэг зогсдог. Гэхдээ хоёулаа харамсалтайгаар төгсдөг. Нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд ордог. Ингээд харахаар таны дүрүүд дандаа нийгмийнхээ эсрэг зогссон байх жишээтэй.

-Манай Б.Баатар найруулагч их сонин өнцгөөс наад санааг чинь хэлсэн. 1996 онд чөлөөт уран бүтээлч болоод У.Шекспирын “Отелло” жүжгийг бие дааж хийсэн юм. Гэтэл Б.Баатарындаа нэг орой очоод байж байтал жаахан охин нь “Со ах дандаа гоё гоё дүрд тоглох юм” гэдэг юм. Тэгсэн Б.Баатар охиндоо баярлаад “Миний охин ямар гярхай харав. Энэ хүн чинь их онгироо нөхөр байхгүй юу” гээд намайг юу гэж ойлгохоо өөр мэд гэсэн. Өөрөө их сонин хүн шүү дээ. Баваасанг онгироо гээгүй. Галааг онгироо гэсэнгүй. Сосорбарамд байгаа өөртөө итгэх итгэл, өөрөөрөө онгирох жижигхээн зучлыг нь олж хараад хэлсэн юм байна гэж одоо л бодож байна. Тухайн үед инээгээд л өнгөрсөн. Чиний хэлээд байгаа Баваасангаас Галаа хүртэлх гэх шугам бас сонин сонсогдож байна. Тухайн үед хоёр жилийн хугацаанд манай үеийнхэн бол хэд хэдэн дүрийг хийнэ шүү дээ. Энэ хоёрын дунд кино, дэлгэцийн бүтээл надад байгаагүй юм. Хоёр өөр араншин. Баваасан бол хэзээ ч өөрийнхөөсөө хазайгаагүй хүн. Данзангаа дэндүү ойлгодог байсан. Тиймээс ч хамт буудуулсан. 25-26-хан настай залуу шүү дээ. Тэр үед буудчихдаг байж: Өнөөдөр ч тийм зүйл цухалзаад л байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2638574/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

“Ээж минь бага байхад аваргаа аа босоорой гэж дууддаг байлаа”

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор жүдо бөхийн тамирчин Б.Сүхбатыг онцолж байна. Жүдо бөхийн УАШТ-ийн -60 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүлж, онцгой амжилт үзүүлсэн түүнтэй танилцъя.


БЯМБАСҮРЭНГИЙН СҮХБАТ

2000.07.27

Төгссөн сургууль:

49 дүгээр дунд сургууль

Аварга биеийн тамирын дээд сургууль

Мэргэжил:

Багш, дасгалжуулагч

Сошиал хуудас:

Бямбасүрэн Сүхбат , sukhbat_byambasure

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Хүүхэд нас минь таван буудалд өнгөрсөн. Морь унах дуртай, морь унадаг хүүхэд байлаа. Их л хөдөлгөөнтэй байсан. Хурдан морь л унаж өссөн дөө. Арван настайгаасаа хойш жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-Манай ээжийн дүү нар болон өвөө маань барилддаг хүмүүс. Тийм сайн биш ч дор бүрнээ барилдах сонирхолтой,  хорхойтой байсан. Тэд нараа хараад л бөхөд дуртай болсон доо.  Гэртээ үеэл ахтайгаа их ноцолддог байлаа.

АНХНЫ АМЖИЛТ?

-2010 онд Эрдэнэт хотод гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Нармандах ахын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэр тэмцээнд явсан нь сонирхолтой түүхтэй. Жүдогийн дугуйланд яваад дөнгөж сар болж байсан юм. Клубын багш нар тэмцээнд явах болоогүй гэж байхад манай ах “Хоёулаа явъя” гээд клубээсээ тусдаа явж байсан. Тэгээд анхны медалиа авсан даа. Их гоё дурсамж.

ХЭР ШАРТАЙ ВЭ?

-Шартай. Аливаа юмыг хийчихье л гэж боддог. Яагаад надаас илүү байгаа юм бэ гэж боддог. Багадаа бэлтгэл дээрээ найзууддаа хожигдоод, гэртээ ирээд “Яагаад би үүнийг хийж чадахгүй байгаа юм бэ?” гэж боддог байлаа. Дэвтэрт их бичдэг байсан. Уг нь өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ч нэг удаа хүн уншсанаас хойш хөтлөхөө больсон. Тэрэндээ жаахан харамсдаг. Бас их уйланхай. Бэлтгэл дээр өрсөлдөөд хожигдвол уйлчихдаг байсан.

ЧУХАЛ БАРИЛДААНЫХАА ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Ээжийгээ л их боддог доо. Ээж минь 2016 онд бурхан болсон. Тэрнээс өмнө хүүхэд байхдаа “Хожих л юм чинь” гэж боддог байлаа.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2638865/линк рүү нэвтэрч уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж