
-Алдар зохиолч Виктор Гюго хоёр зууны тэртээ “Шоовдорлогсод” хэмээх суут бүтээлээ бичиж байлаа. Энэ цаг үед эх орон нэгтнүүд нь түүний эмзэглэж байсан тэр гунигт тавилангаас салсан боловч төрөлх Францад нь цагаач нэртэй шоовдорлогсод байсаар л байна. Бас л нэг сонирхолтой романы сэдэв болохуйц амьдрал дунд яваа тэдний төлөө хэн санаа тавих бол..?-
Францын Лилль хотын католик сүмийн лам Артур Хэрвэ “ Манай ерөнхийлөгчийн зүрхийг хаагаад өгөөч” гэж бурхнаас гуйсан тухай мэдээлэл өнгөрч байгаа сарын хамгийн хөгжилтэй бас шуугиан дэгдээсэн мэдээлэл болж байв. Тэгвэл үүний шалтгаан нь Францын ерөнхийлөгч Николя Саркозийн хийсэн түүнээс ч дутахгүй шуугиант мэдэгдэл болжээ. Николя Саркози Франц улсын нутаг дэвсгэрт хууль бусаар амьдарч байгаа цыган иргэдийн түр хоргодох 300 зогсоолыг хааж, тэнд амьдарч байсан цыгануудыг хөөн гаргахаар шийдвэр гаргасан нь дэлхий нийтийн хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд болон хүний эрхийн байгууллагууд, тэр ч бүү хэл НҮБ-ын зүгээс ч анхаарлыг нь онцгой татаж, тэд шүүмжлэх байр сууринаас багагүй шуугиан дэгдээж байна. Мөн энэ шийдвэрийг тэр дор нь хэрэгжүүлэн 200 гаран цыгануудыг Францаас хүчээр гаргасан нь сүүлийн үеийн хамгийн шуугиант мэдээлэл болж байгаа юм.
Хүний эрхийг дээдлэх учиртай Европын холбооны томоохон улс орон ийм шийдвэр гаргалаа гэж олон талаас хурцаар шүүмжилж байгаа ч үнэнэ хэрэгтээ бол хэрэг явдалд хэтэрхий хожуу анхаарсан хиймэл реакци болж байна гэж үзэх нь ч бий. Учир нь тус улсын дотоод хэргийн яамны нарийн тоо баримтыг харвал Францын эрх баричгчид 2009 онд 10 мянга , энэ оны эхний хагаст гэхэд л 5000 цыган иргэнийг нутгаасаа хөөн гаргаад байхад яагаад 200-хан цыган иргэний асуудал ийм их шуугиан дэгдээсэн нь гайхалтай.
Гэвч шалтгаан нь энгийн. Өмнө нь хэдэн мянгаар нь гаргаж байсан цагаачдын асуудлыг Францын засаг захиргаа элдэв чимээ аниргүй хийдэг байсныг л дээрхи баримтууд илтгэж байгаа бол энэ удаа тэд хэргээр шуугиан тарьсан болж таарч байна. Элдэв хууль бус асуудлуудтай холбогдон Францын өнөөгийн эрх баригчдын нэр хүнд, байр суурь илт ганхаж ирснээс болж тэдэнд улс орондоо байгаа цагаачдпын асуудлаар шийдмэг байр суурь барьж байгаагаа харуулан унаж байгаа чансаагаа сэргээх арга хайсан бололтой. Цагаачдын асуудлаар шийдмэг бодлого барих нь францын баруун болон явцуу барууны үзэл баримтлалтай сонгогчдын дунд таашаагдах магадлалтай байдаг гэнэ. Хэдий тийм боловч энэхүү шийдвэртэй арга хэмжээ жирийн л нэг нүд хуурсан зүйл болно гэж шинжээчид хэлж байна. Тоо баримтаас харахад хөөгдөн гарч байгаа цыган иргэдийн гуравны хоёр нь зүүн Европын буюу Румын Болгараас гаралтай цыганууд байдаг ажээ. Өөрөөр хэлбэл Европын холбооны иргэн болж байгаа тэдний хувьд богинохон хугацааны дотор Франц улсад эргэн ирж гурван сарын хугацаатай амьдрах эрхтэй болж болж байгаа юм. Мөн цыгануудыг хөөн гаргах нь өөрөө өртөгтэй ажил болж байгаа нь ч бас нэг асуудал.
Даяаршлын эрин эргэлтгүйгээр хүчээ авч байгаа үед энэ үзэгдлийн сүүдэр
хамгийн их тусч байгаа орны нэг нь яах аргагүй Франц болж байна гэж тус
орны иргэд үзэж байгаа гэнэ. Асуудлын гол нь өдөр бүр өсөн нэмэгдсээр
байгаа цагаач иргэдийн асуудал юм. Өнөөдөр тус улс уугуул бус иргэдийн
тоогоороо Европтоо тэргүүлдэг нэгэн болсон байна. Зарим нэг эх
сурвалжийн тооцоогоор бол одоогийн Францын хүн амын 13-14 хувь нь цагаач
иргэд гэж үзэж байгаа юм. Францад тус улсын иргэн болсон ба ийм статус
авах боломжтой цагаач иргэдийн тоо 5 сая гаруйд хүрч байгаа нь нийт хүн
амын 8 хувь болж байгаа аж. Түүн дээр Францын иргэн болж чадаагүй ч тус
улсад амьдарч байгаа 3 сая 600 мянга орчим цагаач нар энэ улсад амьдарч
байна. Энэ нь хүн амын 6 орчим хувь болж байгаа юм. Мөн 600 мянга
“цагаач” хүүхдүүд Франц улсад мэндэлснээс үзэхэд хүн амын дотор
цагаачдын эзлэх хувь нь улам бүр өсөн нэмэгдэх нь тодорхой. Тэгэхдээ
цагаач иргэдийн төрөлт өндөр байгаа нь тус улсыг баруун Европын орнууд
дотор төрөлтийн тоогоороо тэргүүлэгч орон болгож байгаа нь ч бас үнэн
Тухайлбал цыган иргэдийг гаргах асуудлыг шийдэхдээ мөнгөн төлбөрийн арга хэрэгсэл хэрэглэдэг болсоор удаж байгаа аж. Хэрэв ямар нэг асуудал гаргалгүйгээр “арилж өгвөл” насанд хүрсэн хүн болгонд 300 еврог, харин хүүхдэд болохоор 100 еврогийн урамшуулал өгч байгаа юм байна. Гэвч тэдгээр цыгануудын орж гарч байгааг нь нарийн бүртгэхэд маш хэцүү, байнга машинаар хил гарч байдаг тул визийн тэмдэглэгээ гэж байхгүй гэхэд болно. Дээр нь тэд дахин Францад ирэхдээ өөр бичиг баримттай ирэх тул хөөгдөн гарах 300 еврогийн төлбөрөө дахин аваад буцах боломжтой гэсэн үг юм. Энэ нь тэдэнд хөнгөхөн аргаар мөнгө олох бас нэгэн боломж олгож байна гэсэн үг. Гэхдээ ганцхан тэд ч биш бас хамаарах албаны ажилтнууд нь ч өөрсдийн ажилд хэрэгт шаардлагатай тоог барьж байхад энэ нь тус болдог бололтой. Эцсийн дүндээ Франц дахь цагаачдын тоо багасдаг ч үгүй харин ч эсрэгээрээ…
Николя Саркозигийн “нүдэнд орсон хог” болоод байгаа цыганууд Франц дахь нийт цагаачдын дотор тэгтлээ нүд үзүүрлэгдэх ааш авир гаргадаг уу гэвэл бас тийм биш. Гэхдээ л зүүн Европын орнуудаас гаралтай цыганууд маш ядуу амьдралтай, бүр туйлын ядуу ч гэж хэлж болох юм. Тэдний зкарим нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Румынд юм уу, Болгарт байсанаас Францад амьдрах нь хамаагүй илүү хэмээн хэлж байна. (Хамгийн сүүлийн үеийн тоо мэдээгээр бол Румынд 2 сая орчим цыганууд амьдарч байгаа бол Болгарт 800 мянга гаран цыган бий.) Тэдний амьдрал залгуулах арга нь голчлон гуйлга гуйх. Гэхдээ бусдыг бодвол арга хэлбэр нь өөр байпаг болохоор ч тэр үү бас ч гэж өл залгуулна. Тэдний хэлж байгаагаар өдөртөө ямар ч байсан 10 хүртэл еврог гуйлга хийгээд олох тул Францад амьдрах сонирхолтой гэж ярьцгааж байна. Бас нэг түгээмэл бизнес нь хаягдал төмөр цуглуулах. Гэхдээ энэ нь тийм ч их орлоготой биш, нэг тонн төмөр цуглуулж байж л 40 евро олох боломжтой тул ашиг муутай юм. Хэдийгээр Францад маш үнэтэй машин хөлөглөсөн цагаач цыганууд байдаг ч тэд ч бас асуудал үүсгэж чаддаг гэнэ. Наанадаж л нүүдэллэж амьдрах зуршлаа хаяхгүй тул нөгөө тансаг машиныхаа араас чингэлэг зүүж хаа дуртай газраа зогсон хоноглох маягаар амьдарана. Энэ нь францын орон нутгийн цагдаа нарын дургүйг хүргэдэг бололтой.
Гэвч одоогоор Францад амьдарч байгаа 380 мянган цыган иргэдийн ихэнх нь хүний эрхийг хамгаалах байгууллагуудын хямд үнээр зардаг аяны майханд л өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Тэд буудаллах ямар нэг газар нутаг олдох л юм бол хог дээрээс түүсэн модон самбар энэ тэрээр яах ийхийн зуургүй овоохой босгож орхидог байна. Яг ийм овоохойнууд Парисын дагуул хот Сэн Дэнигийн Анюль хэмээх газарт саяхан баригдаад байгаа аж. Нөгөөх дуулиант хөөн гаргах шийдвэрийн гүйцэтгэлд хэлмэгдсэн ч үлдэж хоцорсон хэсэг цыган иргэд тэнд хоргодож байна Тэд хэсэг хуацаанд ч болов хоргодох газартай болсондоо баяртай байгаа ч тэдний байрдаж байгаа Анюль хэмээх энэ газарт жилийн дараа орон сууцны байшин барих тул ирээдүй нь мөн л бүдэгхэн байна. Тэнд амьдарч байгаа хүмүүс ус авахын тулд 6-7 км зайтай Сэн Дэни дэх Үндэсний цэнгэлдэх хүрээлэн рүү хуванцар сав барин алхах хэрэг гарна. Тэдэнд ариун цэврийн өрөө байхгүй тул татсан хөшигний араар орж хувин хэрэглэх хэмжээнд л зохицуулдаг аж. Гэвч ийм хэцүү нөхцөл ч тэднийг төрсөн нутаг руугаа буцах хүёлийг нь төрүүлэхгүй байгаа гэнэ. Тэдний олонхийх нь эх орон болох Румын болон Болгарт цыганууд мөн л хоёрдугаар ангиллын хүмүүс гэж үзэгдсэн хэвээр байгаа тул энэ тал дээр ялгаа гардаггүй гэж тэд үзэж байна. Нэгэнт ийм болохоор хаана мөнгө илүү олдож байгаа газартаа л амьдарч байгаа нь энэ юм.
М.Наст