"МАН-ыг улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулах сайн цаг ирнэ"

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

"МАН-ыг улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулах сайн цаг ирнэ"

"МАН-ыг улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулах сайн цаг ирнэ"

Өнөөдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөр Ардчилсан намаас Соёлын төв өргөөнд “Ардчилсан нам: Монгол Улсад ирж буй сорилт” чуулган зохион байгуулж байна. Тус чуулганд Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож буй юм. Энэ үеэр Ардчилсан ахмадын холбооны тэргүүн, ахмад эмч Батбаяр (Олхонууд Шаабар) ахмадуудаа төлөөлөн үг айлдав.

Тэрбээр “Сайхан хаваржиж байна уу? Ардчилсан намын журмын нөхөд өө, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Намын дарга болон ҮБХ-ны хорооны эрхэм гишүүд ээ, АН-ын төлөө ажил, амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулсан, одоо ч, цаашид ч зориулсаар дуусах, ахмадууд, та бидний халааг авах залуучууд үе үеийн төлөөлөл эрхэм зочид оо!

Өнөөдөр АН-ын баярын өдөр тул зөвхөн сайн үг хэлэлцэж, сайхан ерөөл тавилцаж, бух ялна, тор засгаа төвхнүүлнэ, авлигачдыг алаад өгнө, ашиг хонжоо хайгчдыг арчаад өгнө, ууж идсэн нөхдийг шоронд суулгана, улсаа худалдсан луйварчдыг шонд өлгөнө. Бид ялна, бид чадна Ураааа… Алгаа чанга ташицгаа, хорсож байсан ч хамаагүй улам хүчтэй таш. Ардчилсан нам нэр цэвэр, МАН-тай зүйрлэшгүй шударга, эх оронч.

Манай намд тэр нүүрсний хулгайч, банкны дээрэмчид, ЖДҮ-ийн шуналтан нэг ч байхгүй. Харцгаа, манай нэр цэвэр, ёс суртахуун өндөр төрийн түшээд маань энэ байна. Бидэнд итгээрэй…гэхчлэн баяр хөөртэй, бардам цогтой хэлэлцээд өнгөрдөгсөн бол ёстой тэнгэрийн умдаг атгаснаас ялгаа юун. Тийм байгаасай гэж олон мянган жирийн гишүүн чинь хүсч байна. Одоо ч гэсэн тэр л хүслээ дотроо нууцхан бодсоор сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Харамсалтай нь, манай намын өнөөгийн байдал тэр сайхан мөрөөдлийг хэрэгжүүлж чадна гэсэн итгэл 100 хувь уу? Өнгөрсөн сонгуулиас хойш үндсэндээ гурван жил бид толгой ч үгүй, тархи ч үгүй морь унасан толгойгүй хүнээс ч дор гар, хөл байсан нь худлаа гэх үү. Гар байвч өргөж батлах, алга ташихаас өөрийг хийж чадсан бил үү. Хөл байвч хаашаа алхахаа мэдэхгүй өсгийгөө өшиглөж, өлмий дээрээ гишгэлцэхээс хэтрэлгүй дороо эргэлдсээр өнөөдөр хүрсэн нь худлаа гэх үү.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэдэн даргыг 100 хувийн саналаар баталж, ура хашхирсан билээ. Хоёр зуу шахам мянган гишүүнтэй АН-ыг, намын хамгийн дээд байгууллага болох Намын Их хурлын шийдвэрийг хэрхэн үл ойшоож, доромжлон басамжилж болдгийг харахаараа нэг боллоо. Ганцхан Эрдэнээгээс долоон дор болохоо хүлээн зөвшөөрсөн мэт дүмбийсээр өнөөдөр хүрсэн нь үнэн биз дээ. Тэгээд эцэст нь ямар үр дүнтэй үлдэв.

Тамгагүй төр гэдэг шиг л гурван өөр толгойтой, эрх баригчдын өөдөөс олигтойхон, зоригтойхон дугарч чаддаггүй амаа үдүүлсэн, бөлдгөө базуулсан хэдхэн гишүүнтэй, ард түмний дунд МАН-аас ялгарах юмгүй гэх шахам үнэлгээтэй, цээж дэлдсэн үлбэгэр НАМ болсон гэхэд харамсалтай. Ард түмний тодорхой хэсэг манай намыг дэмжиж байгаа гэдэг үнэн үү. Үнэн гээд баталчих тоо баримт, тодорхой судалгаа байна уу?

Эрх баригч МАН-ынхан л дэндүү увайгүй идэж уун, газар шороогоо худалдаж, мөнгөөр нь хагартлаа баяжиж авлига хээл хахуулийг өмд гуталдаа, чихэж, оффшорт нууж, орд харшууд дотно гаднагүй босгосноо улс орны нүүр царай гэж хашхиралдаж байгаа нь ил цагаандаа гарлаа. Ерөнхий сайдаасаа эхлээд таван "Ш" гэж хэчнээн бариад ирэх Бадамжунайг ямар их сүр болгож авчирснаа шувуу рекламдавч, Филиппиний гудамжнаас зүгээр л хоёр залуу очоод ажиллагаа эхэллээ хэмээн сүржигнэх.

Төрийн ордонд УИХ-ын хэдийнээ ил болсон 17, магадгүй түүнээс илүү хулгайч гишүүнээ гишүүний сэнтийд заларч байгаа Су.Батболдоос эхлээд ард түмэнд хаацайлан цаг хожиж суугааг манай 13 гишүүн яагаад өдөр бүр илчлэн, зогсолтгүй, ээлж дараалан үгээ хэлж, шахаж шаардахгүй байгаа юм бэ. Ингээд тоочоод байвал өдөржин ярьсан ч багадахаар байна.

Бид бухимдаж байна. Маш их бухимдаж байна. Бухимдлаа хаана хэнд хэлэх вэ. Өнөөдөр баярын хурал ч гэсэн хэлэхээс өөр арга байсангүй. Ахмадууд бид хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ. Бидний шүүмжлэлийг сонсохгүй юм бол өөр хэний үгийг сонсох вэ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвыг сонсох юм уу. Би уг нь ахмадуудаа төлөөлөн баярын үг хэлэх гэж ирсэн юм. Харамсалтай нь, бухимдсан, гомдсон, гонсойсон сэтгэл маань бодсоноо хэл гэж дотроос хатгаад тэвчсэнгүй.

Уучлаарай, нөхөд минь. Нам маань сайн яваасай, ялалтад хүрээсэй, төр улсаа төвхнүүлээсэй гэж залбирахгүй АН-ын гишүүн нэгээхэн ч байхгүй. Тийм биз. Би тэдний л нэг. Баярын өдөр билиггүй үгс хэллээ гэж зэмлэх нэгэн байгаа л байх. Ямар ч байсан хүлцэл өчье. Муу санаа агуулаагүй хүлцэл шүү. Дахин дахин байгуулагдсаны 33 жилийн ойн мэндийг дэвшүүлж, баяр хүргэхийн ялдамд тавьсан зорилгынхоо төлөө эв санаагаа нэгтгэн, нэгэн хүчээр улс орноо сүйрүүлж байгаа эрх баригч МАН-ыг хулгайч гишүүдтэй нь хамт улс орны улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулах сайн цаг ирнэ гэдэгт эргэлзэлгүй гараа зангидацгаая. Бидэнд муу санаа байхгүй. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг монгол зан заншилдаа сүсэлцгээе. Эрүүл урт наслаарай" гэж хэлэв.


Түүх сөхвөл, 1989 оны арванэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулж байв.

Ардчилсан холбоо 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргасан. 1990 оны дөрөвдүгээр сарын 8, 9-нд МоАН-ын Их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны тавдугаар сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн юм.

Ийнхүү МоАн байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж