Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан.
Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд дээрх хуваарийн дагуу санал хураалтыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах юм. Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өмнөх өдөр нь санал авахаар баталжээ.
Нийслэлийн сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд даргаар нь ажиллана. Тэрбээр 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дарга, гишүүнээр ажилласан туршлагатай.