"27 тэрбумын эрсдэлд оруулсан 230 зээлдэгчийг тодорхой болголоо"

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

"27 тэрбумын эрсдэлд оруулсан 230 зээлдэгчийг тодорхой болголоо"

"27 тэрбумын эрсдэлд оруулсан 230 зээлдэгчийг тодорхой болголоо"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.04.07/ Боловсролын зээлийн сан/БЗС/-гийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ БЗС-г 27 тэрбум төгрөгийн эрсдэлд оруулсан 230 зээлдэгчийн нэрсийн жагсаалтыг тодорхой болгосон талаар онцоллоо.

БЗС-гаас зээл авч суралцаад гэрээний нөхцөлөө биелүүлэлгүй 27 тэрбум төгрөгийн эрсдэл учруулаад буй зээлдэгчдийн жагсаалтын дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Тэрбээр “БЗС нь 1997 оноос хойш ажиллаж эхэлснээр өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор  1.2 сая суралцагчид 1 их наяд 638 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Буцалтгүй тусламж тэтгэлгийг давхардсан тоогоор 1.2 сая суралцагч авсан. Буцалтгүй тусламжийн тэтгэлэгт:

  • Бүтэн өнчин,
  • Хөгжлийн бэрхшээлтэй,
  • Сувилагч,
  • Цаатан өрхийн суралцагч,
  • Гурваас дээш оюутантай нэг өрхийн суралцагч,
  • Багш /ЭЕШ/-ын өндөр оноотой. Хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч,
  • Орон нутгийн сургуульд суралцвал 50 хувь,
  • Аймгийн төвөөс 500 км-ээс дээш алслагдсан бол замын зардал,
  • Гадаадаас Монголд суралцдаг гадаад оюутанд зээл олгосон,

Хоёрт, хөнгөлөлттэй зээлийг 169641 оюутан авсан, үүнд 40 тэрбум төгрөг зарцуулсан. Гуравт, Оюутны хөгжлийн зээлийг 53592 суралцагч авсан. Монгол Улсад эрэлттэй байгаа, тэргүүлэх зэргийн мэргэжил сонгосон, ЭЕШ-ын оноо нь 600-гаас дээш, голч дүн нь 2.8-аас дээш байх шалгуур хангасанд 78 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт дүнгээрээ дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгосон зээл 761 тэрбум юм.

Гадаад зээл:

Өндөр хөгжилтэй, гадаадын их сургуулийн магистр, докторантурын хөтөлбөрт 1867 оюутан хамрагдсан. Жилд 16 мянган ам.доллар хүртэлх зээл олгодог. Гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөлд зээл нь тэтгэлэг болж, чөлөөлөгддөг.

Засгийн газар хоорондын гэрээ буюу Франц, Америк, Англи, Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр 593 оюутан суралцсан. Зарим оронд суралцаж байгаа хүүхдэд Монгол Улсын Засгийн газар сургалтын зээл олгдоггүй, амьжиргааны зардал олгодог. Тухайлбал, Польшийн Засгийн газар сургалтын төлбөрийг 100 хувь даагаад, Монгол Улсын Засгийн газар оюутандаа амьжиргааны тэтгэлэг олгодог зохицуулалт ч бий. Үүнд 2,8 сая ам.доллар зарцуулсан.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр 2010 оноос хэрэгжсэн. Түүнээс хойш  421 оюутан суралцаж төгссөн, мөн суралцаж байна. Дотор нь задалбал, гэрээний хугацаа нь дуусаагүй биелүүлэхээр ажиллаж байгаа 325 төгсөгч бий, таван жилийн хугацаа нь дуусаагүй, одоо сургуульдаа суралцаж байгаа 77 оюутан, гэрээний үүргээ биелүүлээгүй сургуулиа сольсон, сургуулиа төгсч чадаагүй, Төрийн сангаас авсан зээлээ буцаагаад төлсөн 9 оюутан бий. Хоёр оюутан нас барсан.

2022 оноос Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр гадаадын их сургуульд 245 оюутан суралцаж байна. Гурав хүртэлх хичээлийн ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан, хэлний шалгалтад өндөр оноо авсан, хамран сурах тойрогтоо суралцсан 245 суралцагч Засгийн газрын хэлэлцээрээр гадаадын их сургуульд суралцахаар явсан.

Ерөнхий сайдын тэтгэлэг буюу магистр, докторантурын тэтгэлэгт өнгөрсөн жилээс тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр 23 оюутан сонгогдон, суралцаж байна. Үүнд 2 тэрбумын зардал гарч байна. Гадаадад магистр, докторантурт сурч байгаа 1867-гоос зээлээ төлж байгаа 34, одоо суралцаж байгаа 39, гэрээний үүргээ цуцлаад, зээлээ төлсөн 40 оюутан буцаан төлөлт хийсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 зээлдэгчийн нэр тодорхой болсон. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбумыг эрсдэлд оруулсан нэрс гарсан. Энэний эрэлд бид мордох ёстой. Яагаад энэ тэтгэлэг төлөгдөхгүй байна вэ.

Гэрээ нь хэрэгжиж байгаа, ажиллаж байгаа 634, чөлөөлөлтөд хамрагдсан 890 байна. Энийг шалгах ёстой. Зарим нь төгсч ирээд мэргэжлээрээ ажиллаагүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ-ээ төлөөд яваад ирснийг үүргээ биелүүлсэн гэж үзэн, чөлөөлсөн байгаа тул эргэн харна.

Гадаадын шилдэг их сургуульд суралцагчдын сонгон шалгаруулалтыг яаж хийдэг вэ?

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам оролцдоггүй сонгон шалгаруулалт байна. Үүнд Хятад, Австрали, ОХУ, Япон, Турк, Энэтхэг, Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт салбарын яамны оролцоо байдаггүй.  Тухайн улс орнууд нь тэтгэлгээ зарлаж, оюутнаа сонгон шалгаруулдаг.

Хамтарсан оролцоотой тэтгэлэг гэж бий.  Үүнд АНУ-ын Фулбрайтын хөтөлбөр, Их британи, Франц, Унгар, Вьетнам,  Лаос улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд багтана.  Сонгон шалгаруулалтыг хамтарч хийдэг.  Хардлага сэрдлэг бий.  Өнгөрсөн хугацаанд нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй.

Өглөө ирэхэд яамны үүдэнд иргэн энэхүү сонгон шалгаруулалттай холбоотой асуудал хөндсөн. Хүүхэд  нь энэ жил Унгарын баклаврын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгчихсөн юм байна. Англи хэлний шалгалтад өндөр оноо авсан.  Гэтэл МУБИС-иас сонгогдсон,  англи хэлээр ярьж чаддаггүй багш уг тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах сонгон шалгаруулалт хийсэн. TOEFL, IELTS –д өндөр оноо авчихсан хүүхдийг англи хэлний төвшин байхгүй багш яаж сонгон шалгаруулах вэ. Энд гадны нөлөө орох эрсдэл бий. Тийм учраас цаашдаа сонгон шалгаруулалтыг яамнаас хамааралгүй болгоё. Дэлхийн шилдэг 100, 50 их сургуульд суралцагчдыг сонгохдоо англи хүнээр нь ярилцлага хийлгэж, сонгон шалгаруулалт хийлгэдэг болно.

БЗС-гаас зээл аваад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүний нэрсийг ил болгоно гэх мэдээллийг хийснээс хойш эргэн төлөлт сүүлийн долоо хоногт эрс нэмэгдсэн. Одоогоор 71 мянган ам.доллар буюу 250 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байгаа” гэлээ.

Сануулахад, БЗС-ийн зээлээр гадаадад сурч ирээд мэргэжлээрээ эх орондоо таван жил ажиллавал гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэн, зээлийг нь чөлөөлдөг байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж