Б.Батчулуун багш нэг нийтлэлдээ ингэж бичсэн байдаг, “ХУУЛЬ-ШҮҮХИЙНХЭН ШУДАРГА ЁСОНД ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛЬЧХООР Л ЭЦСИЙН НАЙДВАР ТАСАРЧХАЖ байгаа юм. Авлигач шүүгч нар бол энгийн иргэдийн улс-орондоо шударга, сайхан амьдрах эцсийн найдварыг үгүй хийж буй хүмүүс. Энэ утгаараа шүүхийнхэн бол хамгийн аймшигт гэмт хэрэгтнүүд мөн. Монголд хамгийн түрүүнд засч, залруулах ёстой салбар бол ХУУЛИЙН САЛБАР, тэр тусмаа шүүх” гэж.
Хуулийн засаглалыг бэхжүүлэхэд хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгч хоёрын ёс суртахуун, ёс зүй чухал. Ёс зүйтэй хуульчид шударга ёс, бодит үнэний төлөө ажил албан тушаалаа золиослохоос айдаггүй гэдэг. Тиймээс Монголын шүүх шударга ёсонд үйлчилдэг үү, эрх мэдэл, мөнгөнд үйлчилдэг үү. Энэ бол нэгдүгээр асуулт.
Үндсэн хууль төр ард түмний тоглоомын дүрэм мөн гэвэл тэрхүү тоглоомын дүрмийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байдаг. Тэгвэл хоёр дахь асуулт нь, Монголын шүүгчид хараат бус, гагцхүү хуульдаа захирагдаж ажиллаж чаддаг уу?
МАНЖ-ИЙН ДАЙСНУУД
МАНАН-гийн эсрэг тэмцэгчдийг МАНЖ гэх нь бий. Дэлгэрэнгүй нь МАН+Женко. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Монголын улс төрд бий болсон бүлэглэл. МАНАН ялагдаж, МАНЖ-ууд засгийн эрхийг авлаа. Эндээс нь хууль, шүүхийн жинхэнэ завхрал эхэлсэн гэж хэлэхэд болно.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа өөрийн дайснуудаа, МАН-ын дайснуудтай хамт даралцсаны эхний улс төрийн хоригдол нь М.Энхсайхан байв. М.Энхсайхан “Чамаар Монголоо тоглуулахгүй” гэж хэлснээр Х.Баттулгын заналт дайсан болсон байдаг. Тэдний улс төрийн ринг дээр зодолдох шалтгаан нь нарийн цариг. М.Энхсайхан нарийн царигтай төмөр зам тавибал эдийн засагт ашигтай гэж тооцож байсан бол Х.Баттулга нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг, танк орж ирнэ гэсэн продаганда зохиов. Үнэндээ, М.Энхсайхан тооцоо судалгаа хийж суух зуур Х.Баттулгын пропаганда аль хэдийнэ уул даваад явчихсан.
Эцэст нь урт ташуур барьж, цоохор дээл өмссөн монголчууд Х.Баттулгыг ордны гурван давхарт, хууль, шүүхэд захиалга даалгавар өгдөг эрх мэдэлд хүргэж өгсөн юм. Эсрэгээрээ М.Энхсайхан эдийн засгийн терроризм хийсэн гэж үзэглээгүй гэрээнийхээ төлөө ялтан болж байлаа. Төрийн ордны гурван давхрын шүүгчид М.Энхсайханд хямдхан машин авлаа гэж 4.6 жилийн хорих ял оноож байсан нь Монголын хууль, шүүхийн “гутамшиг” болж үлджээ. Шүүхийн энэ шударгуу шийдвэрээр бол МАН-ын цагаан байранд ялгүй үлдэх хүн бараг байхгүй. Хэрэвзээ, М.Энхсайханы боловсруулсан төслөөр 2015 онд “Эрдэнэс Тавантолгой”-г хөрөнгө оруулагчдад зарсан бол өнөөдөр Монгол Улс 40 их наядын ашгаа хулгайд алдахгүй байв.
Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Монголын эдийн засагт нэн ашигтай, том төслүүдийг хөдөлгөсөн хүмүүсийг ээлж дараалан хууль, шүүхэд дуудав. Путины захиалга байсан уу, Х.Баттулгын хүсэл байсан уу, мэдэхгүй. Ямартай ч С.Баяр, С.Баярцогт хоёр "Оюутолгой"-н гэрээг, Ч.Сайханбилэг Да.Ганболд, Б.Бямбасайхан нар далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулсныхаа төлөө Х.Баттулгын хонгилоор ороод гарсан. Түүний захиалга, даалгаврыг гардан гүйцэтгэж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт садар самууны хэргээр ял авсан. Уг нь, улс төрийн хэлмэгдүүлэлтийг зохион байгуулалцсаны төлөө түүнээс Монголын шүүх ял, шийтгэл асуух ёстой байв. Харамсалтай нь, Б.Баасанцогтоос захиалга авдаг хууль, шүүхийнхэн, түүнд захиалга өгдөг төрийн ордны гурван давхарынхан бүгд гэм зэмгүй үлдэж байна.
Ц.НЯМДОРЖИЙН ДАЙСНУУД
Сүүлчийн ганц цамцаа урагдтал эх орныхоо төлөө зүтгэсэн Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронгоос сулласны дараа төрийн ордноос явсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгаж, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2017 онд шүүхээс ялласны дараа Ц.Нямдоржийн дайснаар ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар тодров.
Б.Хурц нь Ц.Нямдоржийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан /одоо тав дахь удаа болсон/ болохыг хэлж, Ц.Нямдорж нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн бичлэгийг цацав. Мэдээж, ринг дээрх шүүгч Б.Хурц, Г.Эрдэнэбат хоёрт ялагдал “хүлээлгэв”. Ц.Нямдоржийн дайсан Монголын дайсан болдог бичигдээгүй хууль шүүхэд үйлчилдэг. Үүнээс өмнө генерал Х.Баатар, өмгөөлөгч Л.Санжаасүрэн хоёр Ц.Нямдоржийн үнэнийг дэлгэсэн хэрэгт буруутгагдан шоронд хоригдож, ажил амьдралын карьер нь цэглэгдсэн юм.
Тэгвэл өчигдөрхөн шүүхээс гурван жил, 10 сарын хоригдох ялаар шийтгүүлж, 82 сая төгрөгийн торгууль хүлээсэн Д.Мөнх-Эрдэнэ Ц.Нямдоржийн хүү Анхбаярын заналт дайсан. Аав, хүү хоёрыг лайваараа гүтгэсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх нь лав. Харин түүний асуудаг Ц.Нямдоржийн хүү Б.Анхбаяр бусдын боломжийг аавынхаа нэр нөлөөг ашиглан булаасан уу, булаасан. Түүний тавьсан шаардлага нь Монголд Ц.Нямдоржийн хүү, Даваагийн хүү хоёр тэгш эрхтэй байх тухай л ярьдаг, хөнддөг. Түүнд буруу бий, хамар доорх хагархай гэгчээр таарсан болгоноо муу, муухайгаар дуудаж явдаг. Тэглээ гээд Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Мөнхбат хоёрт шүүх адилхан хандах учиртай. Хууль шүүх нь өөрөө шударга ёсонд үйлчлэхээ больчхоор шударга ёс нэхсэн иргэд хууль, шүүхээ буруутгаад байгаа юм шүү дээ.
Шүүх Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын Ерөнхий консул байхдаа хөрөнгө завшсан, мөн иргэн байхдаа авлига өгсөн хэрэгт буруутгаж, ял оноосон байж болно. Гэхдээ АН-ынхан шоронд орж, МАН-ынхан торгууль төлөөд суллагддаг дабль стандарт, давуу эрх Монголд бий болбол дарангуйлал тогтоно гэсэн үг.
АЮУЛТАЙ ХОРИГДЛУУД
АН-ын гишүүн Д.Монголхүүг зургаан цагдаа зодсон хэрэгт буруутгаж, гавласан. Гэвч гаваа унтраасан, маршрут зөрчсөн гэж Д.Монголхүүг зургаан сараар хорьжээ. Мэдээж, шүүх хуульд заасан үндэслэлээ барьсан биз. Гэхдээ Д.Монголхүү шоронд харин улсад, нийгэмд, эдийн засагт асар их хор хохирол учруулсан авлигачид ордонд суудаг нь Ерөнхийлөгчийн амалсан шударга ёс биш байлтай.
Монголд даргын дайсан бол аюултай хоригдол болж хувирдаг нь бичигдээгүй хууль. Нохойтой зодолдвол хормойгүй л болох байх. Харин ноёнтой зодолдвол толгойгүй болохыг Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан олон олон кэйсээс харж болно.
Олны анхаарал Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү хоёр дээр төвлөрөх хойгуур Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг дөрвөн өдөр хэлэлцээд, хэргийг нь цагаатгасан байна. Хэвлэлийнхнийг Д.Мөнх-Эрдэнэ дээр "цуглуулж" байгаад ар хударгаар нь амжуулсан байж таарлаа. 82 сая төгрөгийн хохиролтой, авлига, албан тушаалын хэргийг гурван өдөр хэлэлцэж, олны анхааралд оруулсан шалтгаан нь энэ.