Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг сар бүр урамшуулах зарлигийг 2012 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар хэрэгжүүлсэн түүхтэй. Өнгөрсөн онд л гэхэд 67 тамирчин сард 154 сая төгрөг, жилд 1.848 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал хүртжээ. Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан билээ.
Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон. Үүнд:
- Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус хүртэнэ.
Харин олимп, дэлхийн медальтай тамирчин нас барсан тохиолдолд тухайн тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал нэг жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох гэж заажээ.
Одоогоор дараах арван тамирчин хамгийн өндөр урамшууллыг хүртэж байна.
- Э.СОДНОМПИЛЖЭЭ/ПАУЭРЛИФТИНГ/ – 10 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Токио 2020 паралимп – алт, Рио де Жанейро 2016 паралимп – хүрэл, Нур Султан 2019 ДАШТ – алт, Мехико 2017 ДАШТ – мөнгө, Тбилиси 2021 ДАШТ – мөнгө
- Г.БОЛОР-ЭРДЭНЭ/ТАЕКВОНДО/ – 8 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Москва 2014 ДАШТ – алт, Самсун 2017 ДАШТ – алт, Лондон 2017 ДАШТ – алт, Анталья 2019 ДАШТ – алт
- З.ОЙДОВ/ЧӨЛӨӨТ БӨХ/ – 7.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Монтреал 1976 олимп – мөнгө, Истанбул 1974 ДАШТ – алт, Минск 1975 ДАШТ – алт, Льюзанне 1977 ДАШТ – хүрэл
- Н.ТҮВШИНБАЯР/ЖҮДО/ – 7.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Бээжин 2008 олимп – алт, Лондон 2012 олимп – мөнгө, Будапешт 2017 ДАШТ – хүрэл
Засгийн газар журмын өөрчлөлтийн дагуу Н.Түвшинбаяр нь хуулийн хариуцлага хүлээсэн тул цаашдаа сар бүрийн тэтгэмж авах боломжгүй болж байна.
- Х.БАЯНМӨНХ/ЧӨЛӨӨТ БӨХ/ – 7 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Мюнхен 1972 олимп – мөнгө, Софи 1971 ДАШТ – мөнгө, Истанбул 1974 ДАШТ – мөнгө, Минск 1975 ДАШТ – алт
- Д.СУМЪЯА/ЖҮДО/ – 6 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Рио де Жанейро 2016 олимп – мөнгө, Астана 2015 ДАШТ – хүрэл, Будапешт 2017 ДАШТ – алт, Баку 2018 ДАШТ – хүрэл
7. М.УРАНЦЭЦЭГ/ЖҮДО/ – 6 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Токио 2020 олимп – хүрэл, Рио де Жанейро 2013 ДАШТ – алт, Будапешт 2017 ДАШТ – мөнгө, Токио 2019 ДАШТ – хүрэл, Будапешт 2021 ДАШТ – хүрэл
8. С.БАТЦЭЦЭГ/ЧӨЛӨӨТ БӨХ/ – 5.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Лондон 2012 олимп – хүрэл, Москва 2010 ДАШТ – алт, Лас Вегас 2015 ДАШТ – алт, Будапешт 2013 ДАШТ – мөнгө, Нур Султан 2019 ДАШТ – хүрэл
- П.СЭРДАМБА/БОКС/ – 5.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Бээжин 2008 олимп – мөнгө, Милан 2009 ДАШТ – алт, Баку 2011 ДАШТ – хүрэл
- Э.БАДАР-УУГАН/БОКС/ – 5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Бээжин 2008 олимп – алт, Чикаго 2007 ДАШТ – хүрэл
Холбоотой мэдээ