Саяхан л Челсигээс халагдаж байсан Фрэнк Лампард эргэн ирлээ. Гэхдээ энэ удаад тэрбээр түр хугацаагаар улирал дуустал хайртай клубээ удирдах аж. Челсигийн энэ улирал бүхэлдээ бүтэл муутай байгаа бөгөөд ганц гэрэл гэгээ нь УЕФА Аваргуудын лиг болоод байна.
Тус клубын шинэ эзэн Тодд Боэли улирлын эхэнд Томас Тухелийг халж, солилцоо наймаанд харамгүй мөнгө зарсан ч хүссэн үр дүнгээ авч чадахгүй байгаа учир Брайтоноос авчирсан Грэм Поттер дасгалжуулагчийг үдэн явуулсан. Үүний дараа шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан ч гал авалцаж буй Челсиг энэ улирал үргэлжлүүлэн удирдах хүн олдоогүй бололтой. Тиймээс Эвертоноос халагдаад удаагүй байгаа Фрэнк Лампардыг түр хугацаанд авчирч байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Юлиан Нагельсманн, Луис Энрике, Антони Конте гэх нэрс Челсигийн дасгалжуулагчийн албан тушаалд яригдаж байгаа ч тэд бүгд энэ улирал бус ирэх улирлын эхэнд багийг удирдах хүсэлтэй байгаа аж. Тэгэхээр Лампардын гол даалгавар нь одоо ноцоод буй галыг унтрааж, ирэх улирал Европын аль тэмцээний эрх авах болоод байна. Хэрэв чадвал УЕФА Аваргуудын лигт Реал Мадридыг давж, цаашлаад түрүүлэх хэрэгтэй.
Өдгөө 44 настай Лампард хоёр дахь удаагаа дасгалжуулагчийн дүрээр Челсид ирж байна. Өмнө нь 2019-2021 онуудын хооронд 84 тоглолтод тус багийг удирдахдаа 44 хожил байгуулж, 52.4 хувьтай ялалт байгуулж байжээ. Харин тамирчны хувиар Челсигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин, амьд домог билээ.