Хөдөлмөрийн сайдын томилгоо ба горилогчид

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайдын томилгоо ба горилогчид

Хөдөлмөрийн сайдын томилгоо ба горилогчид

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг яаралтай томилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөгт хүргэхийг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос шаардаад хоёр долоо хонож буй ч Засгийн газар яарахгүй байна. Энэ нь эрх баригчдын хувьд хэнийг сайдаар томилох тохироогоо эцэслээгүй байна гэж хэлж болох юм.

Уг нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон улстөрчдийг зарласан үеэс  л Т.Аюурсайхан явах нь тодорхой болж, МАН дотор сайдын марафон эхэлсэн  ч өнөөг хүртэл эл асуудыг шийдэж чадаагүй нь фракциудтай нь холбоотой гэх яриа ч дуулдаж буй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Э.Батшугар, Н.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарын нэр яригдаад удаж буй. Тэднээс Т.Мөнхсайхан нь “Сайд болох амбиц алга. Хаанаас миний нэрийг хавчуулж сэвээд байгаа юм. Би бол эрүүл мэндийн салбарын хүн” гэх агуулгатай тайлбар хийж буй бол УИХ-ын гишүүн Н.Энхболд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон.

Харин бусдынх нь тухайд тодруулахад, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг ,Г.Мөнхцэцэг нар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Байнгын хорооны даргын алба тус, тус хашсан.   Харин Э.Батшугарын хувьд УИХ-д анх удаа сонгогдсон. Ингэхдээ Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болж, нөхөн сонгууль зарласнаар УИХ-д орж ирсэн. Аав Н.Энхбаяр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Э.Батшугар, Б.Тулга нарын нэгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилуулах хүсэлт тавьж, шахалт үзүүлж байгаа гэх “бор шувуу” нисээд удаж буй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол том институц. Монгол Улсын 3.4 сая иргэнтэй холбоотой асуудлуудын бодлого зангидаж, шийдвэр гаргадаг, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүй иргэдийг хөдөлмөрт зуучлахаас эхлүүлээд түмэн ажил бий. Гэвч эрх баригчдын хувьд тус яамны сайдын томилгоог адууны наймаа хийж буй аятай бүлэг, фракцын квотыг тэнцүүлэх, шантаажчдынхаа амбицыг дарах зорилгоор ашигладаг албан тушаал болгож хувиргасан.

Энэ удаад ч үнэ ханш, яриа хөөрөө нь таарсан хэнд ч “бэлэглэчихэж” мэдэхээр л байна.

Засгийн газар байгуулагдсанаас хойш гурван ч сайдыг үдэж, дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэх гэж буй тус яамыг одоогоор дэд сайд С.Зулпхар зангидаж байна.

Тус яамны хувьд УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлуулах том ажил хүлээгдэж буй. Уг төслийг боловсруулахад анхнаас нь оролцсон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Завхан аймгийн Засаг даргаар томилогджээ гэх мэдээлэл цацагдсан ч үгүйсгэгдлээ.

Тэрбээр Завхан аймийн МАН-ын хорооны дарга болсон. Энэ нь ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байна гэж хэлж болох нэг нүүдэл юм.

УИХ дахь МАН-ын бүлэг нэн даруй дээрх яамны сайдыг яаралтай томилох чиглэлийг Ерөнхий сайдад өгөхгүй бол багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шахалт үзүүлж буй зэрэг нь хаврын улс төрд хүч өгч мэдэхээр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд чөлөөлснөөс хойш бараг сар болох нь.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж