"Ээж минь бага байхад ‘Аварга аа, босоорой’ гэж дууддаг байлаа"

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

"Ээж минь бага байхад ‘Аварга аа, босоорой’ гэж дууддаг байлаа"

"Ээж минь бага байхад ‘Аварга аа, босоорой’ гэж дууддаг байлаа"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор жүдо бөхийн тамирчин Б.Сүхбатыг онцолж байна. Жүдо бөхийн УАШТ-ийн -60 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүлж, онцгой амжилт үзүүлсэн түүнтэй танилцъя. 


БЯМБАСҮРЭНГИЙН СҮХБАТ

2000.07.27

Төгссөн сургууль:

49 дүгээр дунд сургууль

Аварга биеийн тамирын дээд сургууль

Мэргэжил:

Багш, дасгалжуулагч

Сошиал хуудас:

Бямбасүрэн Сүхбат , sukhbat_byambasuren

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Хүүхэд нас минь таван буудалд өнгөрсөн. Морь унах дуртай, морь унадаг хүүхэд байлаа. Их л хөдөлгөөнтэй байсан. Хурдан морь л унаж өссөн дөө. Арван настайгаасаа хойш жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-Манай ээжийн дүү нар болон өвөө маань барилддаг хүмүүс. Тийм сайн биш ч дор бүрнээ барилдах сонирхолтой,  хорхойтой байсан. Тэд нараа хараад л бөхөд дуртай болсон доо.  Гэртээ үеэл ахтайгаа их ноцолддог байлаа.

АНХНЫ АМЖИЛТ?

-2010 онд Эрдэнэт хотод гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Нармандах ахын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэр тэмцээнд явсан нь сонирхолтой түүхтэй. Жүдогийн дугуйланд яваад дөнгөж сар болж байсан юм. Клубын багш нар тэмцээнд явах болоогүй гэж байхад манай ах “Хоёулаа явъя” гээд клубээсээ тусдаа явж байсан. Тэгээд анхны медалиа авсан даа. Их гоё дурсамж.

ХЭР ШАРТАЙ ВЭ?

-Шартай. Аливаа юмыг хийчихье л гэж боддог. Яагаад надаас илүү байгаа юм бэ гэж боддог. Багадаа бэлтгэл дээрээ найзууддаа хожигдоод, гэртээ ирээд “Яагаад би үүнийг хийж чадахгүй байгаа юм бэ?” гэж боддог байлаа. Дэвтэрт их бичдэг байсан. Уг нь өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ч нэг удаа хүн уншсанаас хойш хөтлөхөө больсон. Тэрэндээ жаахан харамсдаг. Бас их уйланхай. Бэлтгэл дээр өрсөлдөөд хожигдвол уйлчихдаг байсан.

ЧУХАЛ БАРИЛДААНЫХАА ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Ээжийгээ л их боддог доо. Ээж минь 2016 онд бурхан болсон. Тэрнээс өмнө хүүхэд байхдаа “Хожих л юм чинь” гэж боддог байлаа.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН?

-Хүүхэд байхдаа Монголоос С.Мияарагчаа ахыгаа харж, үлгэр жишээ авдаг байлаа. Одоо бол бүхий л ах, эгч нараасаа мэх, биеэ авч яваа байдал зэргийг нь хардаг болсон. Яг энэ, тэр гэж нэрлэж чадахгүй юм байна.

УЛСЫН АВАРГА БОЛСОН СЭТГЭГДЭЛ?

-Өнгөрсөн жил, мөн энэ жил дараалан -60 кг-д улсын аварга боллоо. Энэ жил түрүүлэхийг их зорьсон. Улсын аваргын тэмцээн болохын өмнө Японд очиж бэлтгэл хийсэн. Яагаад гэвэл, сүүлийн арван жилийн хугацаанд улсын аваргын -60 кг-д дараалан түрүүлсэн хүн байгаагүй болохоор дараалан түрүүлэхийг хүссэн.

АНХНЫ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН?

-Хамгийн анх 2015 онд өсвөрийн ДАШТ-д оролцож байсан юм. Тухайн үед зардал олдохгүй жаахан хэцүү байсан л даа. Тэгээд хөдөө морио унаад явж байтал Т.Энхцэцэг багш минь “Чиний зардлыг олчихсон. Хүрээд ир. Тэмцээндээ явъя” гэж байсан. Тэр л анхны олон улсын тэмцээн байлаа.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН?

-2017 оны өсвөрийн ДАШТ юм болов уу даа. Тухайн жилдээ өсвөрийн улсын аваргадаа түрүүлчихсэн, залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртчихсэн байсан юм. Тэгэхэд л өөрийгөө сайн барилдана гэж бодсон ч хэсгийн аваргын төлөө харамсалтай хожигдсон. Тухайн үедээ өөрийгөө их л азгүй хүн байна даа гэж бодсон.

ТАМИРЧИН ХҮНИЙ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

-Ер дан бэлтгэл хийгээд л өнгөрдөг дөө. Өглөө босоод бэлтгэлдээ яваад эргэж гэртээ ирж амраад буцаад л бэлтгэлд гарна. Хотод иймэрхүү өнгөрдөг.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Уяач болох байсан байх. Би өөрөө хөдөө, мал аж ахуй талдаа их сонирхолтой. Манай эмээгийнх үхэртэй байдаг байсан. Хичээлд бол нэг их дуртай байгаагүй ээ.

ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ГЭВЭЛ ХЭНИЙГ НЭРЛЭХ ВЭ?

-Яг нэрлэж чадахгүй юм аа. Яагаад гэвэл бэртсэнээсээ хойш таван тэмцээнд орлоо. Тавууланд нь ялагдлаа. Би өрсөлдөгчтэйгөө тэнцүү байж л хожигдоод байгаад учир байна. Надаас илүү хүчтэй, хүчгүй гэхээсээ илүүтэйгээр олон медальтай хүмүүс л байсан. Жаахан хичээж, алдаагаа засвал болчих байх.

ШАНТРАХ ҮЕ БИШГҮЙ ТОХИОСОН УУ?

-Сүүлд Португал, Тел Авивын тэмцээнд ялагдчихаад, том ахдаа “Би одоо болвё доо. Та нарын мөнгийг хий дэмий үрээд байна” гэж хэлж байсан юм. Зардлаа бид хувиасаа гаргадаг. Португалын талд зардлыг холбоо даасан. Бусдаараа өөрсдөө олдог. Ирээд их сэтгэлээр унасан. Өөрийгөө тийм муу барилдана гэж бодоогүй. Гэтэл ах минь “Би ч гэсэн адуу мал аваад байж л байна. Морь түрүүлж, айрагдах нь надад чухал биш. Би дуртай зүйлээ л хийж байна. Миний дүү ч гэсэн бэлтгэлээ, дуртай зүйлээ хий. Болно доо. Битгий санаа зов” гэж хэлсэн. Бас найз охинтойгоо их ярилцана.

ӨӨРИЙНХӨӨ ЯМАР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

-Амьдрал дээр ч, дэвжээн дээр ч сэтгэл зүйгээ сайн бэлдмээр байна. Эрх болохоор хүний үг сонссон ч их гомддог. Гомдомхой. Тэрийгээ л гайгүй болгомоор байна. Тамирчин хүнийхээ тал дээр техникээ засмаар байна.

ЯПОНД ОЧИЖ, ЖҮДОГИЙН ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУДТАЙ БЭЛТГЭЛ ХИЙСЭН ТАЛААР?

-Японы Тэнри их сургуульд анх 2019 онд очиж байлаа. Сая хоёр дахь удаагаа очсон. 2019 онд О.Цэцэнцэнгэл начин ах дээрээ очиж байлаа. Олимпийн шүүгч Т.Энхцэцэг багш минь Тэнри их сургуулийн багштай холбогдож, намайг бэлтгэл хийлгэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэгээд л О.Цэцэнцэнгэл ахынхаа өрөөнд Л.Сэргэлэн найзтайгаа байрлаж, бэлтгэлд хамрагдсан даа. Харин 2022 онд Японд очиж бэлтгэл хийх боломж олгосон Иваки хотын Хигаши их сургуулийн багш К.Озаки, ОХУ-д багшилдаг У.Эрдэнэбаатар багш болон ОУХМ Н.Дагвасүрэн ахынхаа гэр бүлд баярлалаа.

Аваргуудтай хамт бэлтгэл хийгээд заавар зөвлөгөөг нь сонсох тэс өөр мэдрэмж. Сая очиход ч Оно, Марүяама аваргууд их нээлттэй хүлээж авсан. Тэр хоёр шиг л хөмөрдөг болохыг хүсдэг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Одоо аль болох хөдөө агаарт гарахыг хичээдэг. Хоббигоо л хөөдөг.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Манай аавыг Бямбасүрэн, ээжийг Тунгалагтамир гэдэг. Бид эхээс зургуулаа. Дээрээ гурван эгч, хоёр ахтай айлын отгон хүү байна.

ӨӨРИЙНХӨӨ БАРИЛДААНЫГ ТОДОРХОЙЛВОЛ?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ классик жүдо үзүүлэхийг хичээдэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Улаанбаатар Гранд сламд сайн барилдах. Түүний төлөө ч бэлтгэлээ хийж байна даа.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Би 2020 онд өвдөгний бэртэл авсан. Хагалгаанд орж, эмнэлгээс гараад, бэртэл эдгэх хүртлээ сайн тамирчин болно, олимпийн аварга болно гэж боддог байлаа. Гэхдээ бэртсэний дараа хүн хүн чанартай байх хэрэгтэй л юм байна гэж ойлгосон. Тэр ч утгаараа сайн аав, сайн хань байхыг л миний амьдралын зорилго гэж хэлнэ. Тийм байхыг ч хичээж байна.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Манай ээж “Хүний юманд өөрийн юм шиг хандаарай. Тэгвэл амьдрал сайхан болно доо” гэж хэлдэг байсан юм. Аливаа юманд чин сэтгэлээсээ хандвал болдог юм болов уу гэж боддог. Зорилготой байгаарай л гэж хэлье.

Б.СҮХБАТЫГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ?

-Миний төлөө байдагт баярлалаа. Мөн намайг ивээн тэтгэж, дэмждэг байгууллага, компаниуддаа талархлаа илэрхийлье. “Аравт” компани, “DNS” уургийн компанийн Монгол дахь салбар, “Женко” клуб, үндэсний шигшээ багтаа баярлалаа. Ялангуяа “Аравт” компани намайг бэртээд удаагүй байхад хамтарч ажиллаж, дэмжсэн. Тэгэхэд маш их баярласан. Хүн дэмжихээр улам их урам ордог юм байна лээ.

Ер нь би өөрөө урмын үгэнд их дуртай юм шиг ээ. Ээж минь бага байхад “Аварга аа, босоорой” гэж дууддаг байлаа. Тэр үеийг одоо дурсахад жаахан хэцүү байдаг ч найз охин минь одоо надад их урам өгч, ээжийг минь орлож байгаа юм шиг санагддаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж