БАЙР СУУРЬ: Хятадад хориотой бүтээгдэхүүнийг Монголд борлуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Хятадад хориотой бүтээгдэхүүнийг Монголд борлуулж байна

БАЙР СУУРЬ: Хятадад хориотой бүтээгдэхүүнийг Монголд борлуулж байна

Барилгын чанар, стандарт нэн тэргүүнд яригдах ёстой чухал асуудал. Монгол Улсад газар хөдлөлт идэвхжиж, иргэд барилгын чанар стандартад анхаарал хандуулах болсон. Чанарын шаардлага хангаагүй орон сууц, барилга байгууламж ашиглалтад орж байгаад иргэд ихээхэн бухимдалтай байна.  Барилгын материалын үнэ өмнөх онтой харьцуулахад дунджаар 20 орчим хувиар буурчээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эд, бараа материалын үнэ өссөн учраас ковидын өмнөх үнэтэй адил бага үнээр авах боломжгүй болсныг мэргэжилтнүүд хэллээ.


“ЯАМ ЖИЖИГ КОМПАНИУДАА ОРХИОД, ТОМООХОН КОМПАНИУДТАЙ ХАРИЛЦАА ТОГТООДОГ НЬ АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ШАЛТГААН БОЛДОГ"

Монголын логистикийн холбооны тэргүүн А.МӨНХБОЛД:

-Сүүлийн жилүүдэд ковид цар тахлын улмаас тээвэр логистикийн салбар хүнд байдалд орсон. Үүнээс үүдэн импортын бүтээгдэхүүний үнэ өссөн. 2022 оны байдлаар 76 хувь өссөн. Ковидийн дараах эдийн засгийн нөхцөл байдалд өмнөх жилүүд шиг байх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл ковидийн дараах эдийн засгийн нөхцөл байдал бүх улсад цоо шинээр үүсч байна. Монгол улс сайн тогтолцоотой байгаагүй учраас барилгын салбарт хүнд цохилт болсон.

Монголчуудын хамгийн том асуудал бол төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод нь хийх ёстой ажлын тогтсон хуваарилалт байхгүй. Яам мэргэжлийн холбооны өмнөөс ажил үүргийг нь гүйцэтгэдэг. Тиймээс яам барилгын компаниудтай шууд харилцах ажил хийдэг. Жижиг компаниудаа орхиод томоохон компаниудтай харилцаа тогтоодог. Өөрөөр хэлбэл, энэ нь эргээд авлига, хээл хахуулийн асуудал болно.

Бусад өндөр хөгжилтэй орнуудын мэргэжлийн холбоод тухайн салбарынхаа бүх байгууллагыг төлөөлөн дотоодын зах зээлийг хамгаалж, гадаад худалдаагаа зохицуулдаг. Бид энэ зарчим руу явахгүйгээр барилгын салбарын ханган нийлүүлэлтийг зохицуулах ямар ч боломжгүй. Нөгөө талаас бодлого төлөвлөлтөд маш их алдаа гардаг.

Өнгөрсөн хугацаанд цементийн үйлдвэр гэхэд төвийн бүсэд нийтдээ 3 сая орчим тонны хүчин чадалтай гурван том үйлдвэр байгуулсан. Гэтэл баруун, зүүн талд үйлдвэрлэл байдаггүй. Тиймээс гаргасан зардлаа олохын тулд үнээ өсгөж ашиг олохоос өөр аргагүйд хүрдэг. Энэ мэтчилэн төлөвлөлтгүй ажилладаг. Шалтгаан нь барилгын материалын урсгалын судалгаа хийдэггүй. Ямар ч мэдээлэл байхгүй. Гадаадын улс орнууд бүгд логистикийн мэдээллийн системтэй байдаг. Монгол Улсад мэдээллийн систем байхгүй, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөгүй учраас асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Төр өөрөө хийх биш, эрх зүйн орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй байна.

ИХЭНХ ҮЙЛДВЭРИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ НЬ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮС БАЙНА

ШУТИС-ийн Материал судлалын төвийн захирал Г.САРАН:

-1990-ээд онтой харьцуулахад, шаардлагатай барилгын материалын 60 хувийг дотооддоо үйлдвэрлээд, ханган нийлүүлж байНа. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, үнэ өртөг өндөр, түүхий эд бага шил, гэрэлтүүлэг, сан техникийн материал зэргийг гаднаас авахаас өөр аргагүй. Дотооддоо үйлдвэрлэх боломж бололцоо нөөц байгаа боловч мэргэжлийн хүмүүс ихээхэн дутмаг байна. Барилгын материалын чанар стандартыг сүүлийн жилүүдэд их ярьж байНа. Гэхдээ чанар стандартыг хангаж байгаа гол хүчин зүйл бол хүн байдаг. Барилгын материал, үйлдвэрийн лабораториуд дээр итгэмжлээд, очиж танилцахад мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байдаг.

Ихэнх үйлдвэрийн үүсгэн байгуулагч нь мэргэжлийн бус хүмүүс байгаад байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл цаашаа хөгжихгүй, чанар стандарт хангалт муу байх нөхцөл бүрдэж байна гэж үзэж болно.

Сүүлийн үеийн залуучууд цахим орчинд ажиллах сонирхолтой болчихсон. Бүтээн байгуулах, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх арга хэмжээнд багаас нь сургаагүй. Нэг хэсэг хуульч, эдийн засагч их гаргасан. Гэвч олон улсын гэрээн дээр ажилладаг хуульч байхгүй. Одоогоор ШУТИС-ийн барилга архитектурын сургууль 1.2 мянга гаруй төгсөгчтэй. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн материал судлалын ангийг төгссөн 120 төгсөгч байна. Гэтэл ажлын байр 5 мянга гараад явчихсан байна.

Мэргэжлийн хүн буруу зөвийг нь мэдээд байдаг. Дөнгөж төгсөөд, ажлын байранд гарсан ч гэсэн юу нь болохгүй байгаа талаар нарийн тайлбарлаж хэлж чадахгүй дутагдалтай тал байгаа боловч цаашдаа найрлагаа гаргаж, туршиж үзсэнийхээ дараа материалаа өөрөө гаргачих боломжтой. Барилгын салбарыг хүмүүс хар ажил гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь маш нарийн төвөгтэй ажилбартай. Мэргэжлийн хүмүүс хийх ёстой ажил.

“НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭХГҮЙ, ЭРЭЛТ ИХ БАЙГАА ЦАГТ ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХ БОЛОМЖГҮЙ”

"Барилгачин групп"-ийн үүсгэн байгуулагч Г.БАТСҮХ:

-Байрны үнэ барилгын материал гэхээсээ илүүтэй эрэлт нэмэгдсэнтэй холбоотой өссөн. Эрэлт нэмэгдэх гол шалтгаан нь Монгол Улсын Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийг зарлаж, их хэмжээний мөнгө зах зээл рүү оруулсан. Мөн гурван жилд олгодог ипотекийн зээлийг нэг жилд олгож, их хэмжээний зээл гаргасан. Шинэ орон сууцуудын хувьд барилгын материалын үнэ буурснаар өртөг буурах боломж байдаг. Харин хуучин орон сууцуудад барилгын материалын үнэ өсөх, буурах нь төдийлөн нөлөөлдөггүй.

Цаашдаа орон сууцын үнийг тогтвортой барих, иргэдийг чанартай орон сууцаар хангахын тулд ханган нийлүүлэлтийн бараа материалын үнийг тогтвортой байлгах хэрэгтэй. Мөн барилгын салбарыг дэмжсэн санхүүгийн механизмууд бий болгох хэрэгтэй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр орон сууцны үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт их байгаа цагт үнэ буурах боломжгүй.

Хятад улсад хэрэглэхийг хориглосон хуурамч бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд борлуулж байна. Үүнийг хэрэглэгчид, дарга нар мэдэж байгаа ч хуурамч бараа бүтээгдэхүүн зарж байгаа асуудалд хэн ч хариуцлага тооцдоггүй. Үүнийг бид хаах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улсын барилга чанартай болно. Иргэд аюулгүй, эрүүл орчинтой орон сууцад ажиллаж, амьдрах боломжтой болно” гэлээ.

Импортоор орж ирдэг материалуудыг бүгд чанарын шаардлага хангаагүй гэж хэлж болохгүй. Чанарын шаардлага хангасан материал их бий. Тэр дунд чанарын шаардлага хангаагүй материал ч бий. Барилгын материалыг захиалагч, аж ахуйн нэгжүүд чанартай бүтээгдэхүүн оруулж ирэх нь үүнийг зогсоох хөшүүрэг болохыг мэргэжилтэнүүд онцолж байлаа.

Д.НЯМХҮҮ
Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж