Банкны салбарын реформын хүрээнд Монголын хамгийн том банк болох ХААН Банк IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болохоор өнөөдөр үнэт цаасны танилцуулга арга хэмжээгээ нийслэлд болон Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг зохион байгуулж, Монголын олон нийтийн радио телевиз орон даяар шууд дамжууллаа.
32 жилийн түүхтэй, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж, банкны салбарын нийт активын гуравны нэгийг дангаар бүрдүүлж чадсан, Монголын хүн амын 82 хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нэгж хувьцааныхаа үнийг 959 төгрөгөөр үнэлж, нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй.
“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэн, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
ХААН Банк ийнхүү нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлд хөл тавьснаар Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO болж байгаагаараа онцлог бөгөөд тус бирж дэх хамгийн өндөр үнэлгээтэй компани болох юм.
ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК тэргүүлэх андеррайтераар, “Таванбогд капитал ҮЦК” ХХК дэд андеррайтераар ажиллаж байна.
Та бүхэн манай андеррайтеруудаас гадна өмнө нь данс нээлгэсэн үнэт цаасны бусад компаниудад хандан захиалга өгч болно. Хэрэв та ХААН Банкны харилцагч бөгөөд онлайн бүртгэлийн үйлчилгээний гэрээтэй бол үнэт цаасны дансгүй байсан ч https://ipo.khanbank.com сайтаар хандан захиалга өгөх боломжтойг дуулгая.
ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгж, эсвэл Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 лавлах утсаар холбогдон банкны ажилтнуудаас мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.
ХААН Банкны үнэт цаасны танилцуулга өдөрлөг амралтын өдрүүдэд буюу 4-р сарын 8, 9-нд “Шангри-Ла молл”-д болон ХААН Банк цамхагт бүтэн хоёр өдрийн турш болох тул та бүхэн хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхсон асуулт, зөвлөгөө мэдээлэл аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Холбоотой мэдээ