Багш нар: Сайн багш өндөр цалин авна гэдэг шалгуур худлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Багш нар: Сайн багш өндөр цалин авна гэдэг шалгуур худлаа

Багш нар: Сайн багш өндөр цалин авна гэдэг шалгуур худлаа
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нар 1.5-2.0 сая төгрөгийн цалин хөлс авдаг талаар мэдээлсэн. Гэвч бодит амьдрал дээр багш нарын цалин, ажлын ачаалал тэнгэр газар шиг зөрүүтэйг хэлж байгаа юм. Багш нарын төлөөллөөс байр суурийг нь сонссоноо хүргэе.

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш ХУЛАН /нэрээ нууцлахыг хүсэв/:

-Би 2003 онд Монгол Улсын багшийн их сургууль төгссөн. Одоо Хөвсгөл аймгийн сумын сургуульд 20 дахь жилдээ багшилж байна. Өнгөрсөн хугацаанд багш нарын цалин хөлс тодорхой хэмжээгээр нэмэгдээд, нэг сая төгрөгт хүрсэн. Одоо багшийн ажлаас үнэндээ залхаж байна. Маш хүнд нөхцөлд, өндөр шаардлага тавьж ажилладаг.

Хөдөө орон нутгийн багш нарын амьдралын түвшин өөр өөр. Миний хувьд гэхэд дөрвөн хүүтэй, өрх толгойлсон ээж. Үндсэн цалин маань 1, 050, 000 төгрөг. Би одоо нойр хоолгүй шахам ажиллаж, авч болох бүх нэмэгдэл, урамшууллаа аваад, 1.6 сая төгрөгийн цалин авдаг.

Тендерийн А/3 буюу сургуулийн бүх худалдан авалтад оролцож, 20 хувийн нэмэгдэл авдаг. Ганц компанийн тендерийн материал татаж авахад 200 гаруй бичгийн цаас ордог, маш хариуцлагатай ажил. Бас би бага анги даасан багш. Ангид маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Хотын багш нартай харьцуулахад унаа тэрэгний зардалд мөнгө зарцуулахгүйгээр сургууль хүртлээ 20 гаруй минут алхаж очдог. Харин залуу багш нар 800 мянган төгрөгийн цалин авдаг. Тэндээсээ татвар суутгалаа төлнө. Орон нутагт багш мэргэжилтэн хомсдолтой. Ялангуяа монгол хэл, англи хэлний багш нар. Сүүлийн үед шинээр ажилд орохоор зорьж ирэх багш байхгүй болсон.

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш ОЮУН /нэрээ нууцлав/:

-Багш нарын цалин үнэхээр бага байна. Салбар яамныхан яг нэгж дээр нь ирж, багш нарын гар дээр авч буй цалин хөлсийг хараагүй байх. Хамгийн сайн багш хоёр сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Тэр нь нийслэлийн лаборатори сургуулиудын багш нар, 30 хувийн урамшуулал гэж авна. Мөн дээр нь дунд ангийн багш нар хомсдож, хүрэлцэхгүй илүү цагийн нэмэгдэл гэж авч буй. Эдгээрийг нэмэхээр зарим багш нар хоёр сая төгрөгийн цалин арайхийж авах байх.

Миний хувьд энэ салбарт 36 жил ажилласан хүн учраас өндөр цалинг нь авч байна. Өндөр шатлалаар цалинжиж, олон жилийн нэмэгдэл 25 хувь, тэргүүлэх зэрэгтэй, анги даалт, кабинеттэй гээд 1.7 сая төгрөгийн цалин авдаг. Үүний 300-400 мянга нь суутгалд явчихдаг.

Залуу багш нар нэмэгдэл урамшуулалгүй учраас бүр бага цалин авна. Сүүлийн үед залуу багш нар ажилд орох нь эрс багассан. Цалинг нь сонсоод л ажиллахаа больдог болсон. Нэг хоёр жил ажиллаж байгаа багш нар хүртэл цалин бага учраас ажилдаа сонирхолгүй болж байна. Залуу багш нар ахмад багш нараасаа илүү ачаалалтай, стресстэй ажилладаг. Ахмад багш нарын цалин нэг сая төгрөг, залуу багш нар 700-800 төгрөг байж байгаад тэгшитгэнэ гээд 25 жил ажилласан багш нарын цалинг 1.005.000 төгрөг болгосон. Тэгсэн 25 жилээс дээш ажилласан багш нар нь нэмэгдэлгүй болж, хэл ам гаргасан чинь 50 мянган төгрөгөөр нэмсэн. Сайн багш өндөр цалин авна гэж байгаа. Энэ хөрсөн дээрээ буухад худал үнэлгээ. Өнгөрсөн хавар ангийн багшийг эцэг, эхчүүд, сурагчид, сургуулийн удирдлага, багш нар дүүрэг, нийслэлд ямар амжилт гаргасан тухай өөрсдийгөө үнэлсэн. Багш болгон өдөр тутмын ажилдаа л анхаарна уу гэхээс тэр болгон дүүрэг, нийслэлд тэргүүлээд байдаггүй шүү дээ. Дараа нь сурагчдаас нь шалгалт авч үнэлсэн. Хаврын үнэлгээний дүн намар гарахад сайн үнэлгээ авсан ч багш нар байсан. Саар үнэлгээ авсан багш ч байсан. Хамгийн гол нь багшийн амжилт сурагчдын сурлагын ахиц шүү дээ. Тэрнээс биш багшийн амжилт чухал биш шүү дээ. Би үнэнчээр үнэлгээ гаргасан чинь нэмэгдэл авч чадаагүй.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ч.МӨНХТУЯА:

-Боловсролын салбар багшийн мэргэжилтний хомсдолд орж байна. Ялангуяа бага ангийн багш, математикийн багш, хөгжмийн багшийн ажлын байрны дутагдалтай байна. Үүний шалтгаан нь цалин хөлс. Сүүлийн жилүүдэд багш нар Өмнөд Солонгос руу ажил хийхээр их явж байна. Тэд эргээд эх орондоо ирэхгүй байгаа нь үнэн. Цалин хөлсийг нь ажлын ачаалалтай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа учраас мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болж байна. Багш нар хичээлээ заачихаад үргэлжлүүлээд маргаашийнхаа хичээлдээ бэлтгэнэ. Ялангуяа цэцэрлэгийн багш нарт ажлын цаг нар гэж байхгүй. Багшийн ажил хүнд ажил шүү дээ. Үйлдвэрчний эвлэлд хандсан багш нар цалин хөлс нэмээсэй, нийгмийн асуудлыг шийдээсэй, цэцэрлэгийн багш нараас 50, 55 настай тэтгэвэрт гармаар байна гэсэн хүсэлт их тавьдаг. Учир нь ажлын стресс маш ихтэй шүү дээ.

Одоо багш нарын цалин бага багаар нэмэгдсээр 1005000 /нэг сая таван мянган/ төгрөг болсон. Харин 25 жилээс дээш жил ажилласан багш нар 1050000 /нэг сая тавин мянган/ төгрөгийн цалин авч байна.

Тиймээс багш нарын цалинг 1000 ам.доллар болгоё гэж ярьж буй. Нэг туслах шүүгч гэхэд 2.7 сая төгрөгийн цалин авдаг юм билээ. Гэтэл багш нар 20 гаруй жил ажиллачихаад сая төгрөг аваад сууж байна. Цалин нь үнэхээр хүрэлцээгүй, ажлын ачаалал их, эцэг эхчүүдийн дарамт ихтэй ажилладаг. Багш нар 2017 онд анх цалингаа нэмүүлье гэж жагсахад 535 мянган төгрөг байсан. Дараагаар нь 750, 850, нэг сая төгрөг болж байгаа юм. Төр засгаас багш нарын цалинг нэмэх боломжгүй байна гэдэг ч түмэн зовлон тоочдог хэрнээ албан тушаалтнуудын идэж уусан мөнгийг харахад тийм биш байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж