Рецидивүүд энэ улсын зовлон болов!

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Рецидивүүд энэ улсын зовлон болов!

Рецидивүүд энэ улсын зовлон болов!

Даваа гаригт хуралдсан МАН-ын бүлэг  Засгийн газартаа чиглэл өгчээ. Чиглэлийнх нь гол утга нь бусдын бизнесийг булаах, дарамт үзүүлэх, үйл ажиллагаанд нь оролцож, үл хөдлөх хөрөнгөнд нь халдсан рецидивүүдийг дарах тухай. Гээд жинхэнэ том рецидивүүд нь төрийн ордон болон намын цагаан байранд сууж байгаа. Жишээ нь, бусдын бизнесийг жирийн иргэн очоод булаачихгүй. Хуулийн сайд Х.Нямбаатарын зарласан хулигаануудын дийлэнх нь улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс байсан.  Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү төрсөн дүү Макс Жонсонын 19 сая ам.долларыг луйвардсан хүн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хадам ах.  “Суруга Монгол” компанийг япон өвгөнөөс дээрэмдсэн гэх хэрэгт хуулийн томчууд нэр холбогддог. Хуулийн сайдаар ажиллаж асан хүн хүртэл гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх мэт.  Том гарын дээрэмчид нь энэ мэт хөрөнгө оруулагчдыг хууль шүүхээр айлгаж, ичээдэг бол жижиг гарын рецидивүүд энэ тэнд очиж, ил цагаан дээрэм, тонуул хийдэг болов.  Болдогсон бол адгийн шааруудын хоргоддог сүүлчийн оромж болсон “эх оронч” гэх үгийг эх хэлнээсээ хасах юмсан.

Өнгөрөгч гуравдугаар сард болсон Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улс бурхан мэт хүндэлнэ” гэж. Дотоодын хөрөнгө оруулагчиддаа чөтгөр мэт хандвал бурхан мэт дээдлээд ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй.  Хуулийн сайд өөрөө хэлсэн байна лээ, хөрөнгө оруулагчаа хууль хяналтын байгууллагатайгаа хамтарч дээрэмддэг улс руу ямар ч хөрөнгө чиглэхгүй гэж.  Тэгвэл үүнийгээ хийх хэрэгтэй, хэрэгтэй, хэрэггүй уянгыг халил ярьж байхаар. Үнэн нь, рецидивүүдээ зогсоохгүй бол Монголд гадаадаас ганц сохор зоос ч орж ирэхгүй.

Нэг.

Гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйг хуулийн сайд хэлсэн. Монголын төр ямар бизнес хийх вэ гэдгээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдадаа танилцуулж, тоглоомын дүрмээ тодорхой болгох эрх зүйн орчинтой болно. Гадаадын хөрөнгө оруулагчад таатай орчин бүрдүүлнэ л гэнэ. Засгийн газар болгон, сайд мяндагтнуудын сайхан амалдаг үгс. Даанч гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огт нэмэгдсэнгүй.  “Монголд чөлөөт зах зээл байхгүй” гэх үг үнэндээ хөрөнгө оруулагчдад шуудхан хөрөнгийг дээрэмдэнэ гэсэнтэй ялгаагүй сонсогдоно. Ямар ч тэнэг хүн чөлөөт зах зээлгүй улсад хөрөнгө оруулахгүй нь лав.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлэж, хууль, шүүх нь шударга болсон гэсэн ойлголт өгөх гэж хичээж байгаа нь илт, Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийг хохироосон асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Хөрөнгө оруулагчдыг хохироосон асуудалд хуулийн байгууллагууд шударга ёсны шийдвэр гаргаж, Монгол Улсын нэр хүндийг сэргээх нь чухал болохыг сануулж, тэднийг дээрэмдсэн хүмүүсийг нэр устай нь хүртэл өнгөрсөн оны аравдугаар сард зарласан. Гэтэл хагас жил өнгөрчхөөд байхад хохирлыг нь барагдуулсан, шийдвэрлэсэн хэрэг  нэг алга. Шүүхийн процесс үргэлжилж байна л гэх.

Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд бизнес эрхлэхэд учирдаг бэрхшээлдээ “Бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд урт хугацаа зарцуулдаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа удаан” гэдэг. Ядаж л нэр устай нь зарласан хэргүүдээ яаралтай нэг талд нь шийдэхгүй бол яриад яваад байвал ямар ч хэрэггүй.

Энэ мэт нэг амаараа гадаадын хөрөнгө оруулагчидаа “бурхан мэт дээдлэнэ” гэснээ тэсэж үлдсэнээ ад үзээд, дарамтлаж, шантаажлаад байвал  тэнэг хүн ч мөнгөө хийхгүй. Ядаж л байгаа хэдэн хөрөнгө оруулагчдаа рецидивүүдээс, босоо хэвтээ хөхдөгүүдээс, Б.Цэгмид, Ц.Мөнхбаяр мэтээс хамгаалах ёстой. Үгүй бол Х.Нямбаатарын уулзалт зөвөлгөөн дээрх үг үр дүнгүй л утга, уянга болж үлдэнэ.

Хоёр.

ЦЕГ-ийн мэдээллээс харахад бусдын бизнес, эд хөрөнгийг нь айлган сүрдүүлж дээрэмдэг рецидивүүд олширсон байна. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, 10 сая төгрөг авсан, Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг авахын тулд бусдын заналхийлсэн гэх гэмт хэргийн мэдээлэл байна. Эрүүгийн цагдаа нар нь ажлаа хийхгүй болохоор түрүүний бөөсүүд толгойд гарахаас яах вэ дээ.

Үнэндээ, хулигаануудын ард хуулийнхан байна гэж харагддаг, хардагддаг. Захын рецидив хэвлэлийн бага хурал хийгээд бусдыг алтна, тална, эрэмдэглэнэ, зэрэмдэглэнэ гэдэг болсон. Хоёр жилийн өмнө Хон Хэрэйдийн Энхбат гэж рецидив бусдын амь нас эрүүл мэндэд ил цагаан заналхийлсэн асуудлыг хууль, хүчнийхэн шалгасан болоод хаясан. Иргэний хөдөлгөөн нэртэй төрийн бус байгууллагуудтайгаа төр нь гар бариад, тэврэлдээд явж байх жишээний.  Эх орон, байгаль орчин нэрээр рецидивүүд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа шантаажилдаг нь хэвийн үзэгдэл болсон. Хэн ч тэдэнтэй хариуцлага ярьдаггүй тооцдоггүй.  Дураараа дургисан хэдэн рецидив нь мөнгөгүй болохоороо уул уурхайн хэдэн компани дээрээ очоод утсаараа лайв хийгээд, хэн нэгэн хамгаалагч руу нь дайраад, үйл ажиллагаанд саад хийгээд эхэлдэг. Тэгсэн мөртлөө Засгийн газар нь хөрөнгө оруулалт татна гэж мөрөөдөөд суух. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийг зээр хордууллаа гэсэн. Газрын тос гол ус шиг урсдаг юм биш шүү дээ, цооногоор л олборлодог. Ураны салбарт хөрөнгө оруулагч ороод ирэхээр зургаан хөлтэй ямаа ярьсаар байгаад хөөчихдөг.

Тэр ч бүү хэл Засгийн газрынхаа бодлогыг орон нутгийн хурган дарга нар нь эсэргүүцэж унагах түгээмэл болсон. Бүр элдвийн матаас захидал илгээж, эдийн засагтаа гай болох хурган дарга нар орон нутагт цөөнгүй.

Хятадын Элчин сайдад хандаж “Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг зогсоож өгөөч” гэсэн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргатай  хэн ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй.  Тооцох ёстой кэйс мөн үү гэвэл мөн.

Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хүний хувийн өмчид халдаж болохгүй гээд заачихсан. Харамсалтай нь, төр нь хүртэл цэрэг цагдаа, сэтгүүлч зураглаач дагуулж очоод хөрөнгийг нь булаасан МАН засгийн эрхийг барьсан өнгөрсөн долоон жилд нэг бус удаа гарсан. 2018 онд УИХ-ын дарга нь Салхитын мөнгөний ордыг буцааж авахдаа бараг тагнуултай кино шиг зураг, дүрс дэлхийгээр нэг цацсан шүү дээ. Шүүгчийг нь яллаж, маргаан үүсгэсэн хятадуудыг айлгаж байгаад булаачихсан. Үүнийг нь  хөрөнгө оруулагчид энэ улсад эрх зүйт төр байхгүй л гэж харна, болгоомжилно, айна.

Иймээс Х.Нямбаатараас асуух асуулт байна. Монгол Улс төрд суугаа, гудамжинд яваа  рецидивүүдээсээ хөрөнгө оруулагч, хувийн хэвшлүүдээ хуулиар хэрхэн хамгаалах юм бэ. Хулгайч, авлигачдаас гадна хуульгүй амьдрах рецидивүүд чинь энэ улсын зовлон болчихлоо шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж