“Covid-19” цар тахлын хуулийн хүрээнд төрийн албан болон төрийн өмчит компанид томилогдсон байсан албан тушаалтан, ажилчдыг чөлөөлөх ажиллагаа эхэлжээ. Эхний ээлжинд 2000 хүнийг чөлөөлж байгаа мэдээлэл ирлээ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.04.06/ мэдэгдлээ.
Тэрбээр “Засгийн газраас 5 Ш ажиллагааг зарлаж, 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн алба өөрөө хуулиа мөрддөг байх том зорилгыг агуулж, цэгцлэх зорилгоор “Шүүр” ажиллагааг зохион байгуулж байгаа.
Монгол Улсын төрд төсвөөс цалинждаг 225 мянган албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит компанид 75 мянган ажилтан ажиллаж байна. Нийт дүнгээрээ 300 мянган хүн ажиллаж байна. Олон нийтээс ирдэг шүүмжлэл байдаг. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын чадвартай холботой асуудал. Хоёрдугаарт ёс зүй хандлага. Гуравдугаарт, төрийн албаны шаардлагыг хангаагүй төрийн албанаас шимэгчилж ирсэн асуудлыг хөндөж тавьсаар ирсэн.
Төрийн үйлчилгээний албанд танил тал, хамаатан саднаа томилсон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зөрчил нэлээдгүй байсаар ирсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон орон нутгийн өмчит газруудад томилогдсон удирдах албан тушаалтан, албан хаагчид нь хуулийн зөрчилтэй, мэргэжлийн шаардлага хангаагүй, улстөрчдийн шахаагаар ажиллаж байгаа хэсэг ч бий.
Засгийн газар эдгээр хууль зөрчсөн мэргэжлийн бус, тодорхой зөрчил үүсгэж томилогдсон хэсгийг чөлөөлж, төрийн албыг цэвэрлэх ажлыг урьтал болгож байна.
Аль нэг нам, улстөрчдийн харьяанд байгаагаасаа болж, төрийн албыг давуу тал болгодог байдлыг “Шүүр” ажиллагаагаар таслан зогсоох ёстой.
Улс төрийн сонгуулийн үр дүн яаж ч гарсан байсан төрийн алба нь баталгаатай мерит байх ёстой. Баталгаатай мерит байх ёстой гэдэг нь төрийн алба төрийн бодлогыг ард иргэдэд хүргэж байх үндсэн үүргээ бүрэн төгс хэрэгжүүлдэг байх ёстой.
Тэрнээс биш төрийн албан хаагчид нь аль нам ялах бол хэн гэдэг улстөрч манай салбарыг удирдах бол, хэн гэдэг дарга ирээд манай байгууллагыг удирдах бол гэдгээс айж бэмбэгнэж, ажилд илүү орлцохгүй байх тсумаа халгүй мэтээр ойлгож буйг засах ёстой. Төрийн албан хаагч хангалттай хэмжээний ёс зүйтэй байя, төр түмнээ холбох ажлыг нэр төртэй гүйцэтгэдэг байх.
“Шүүр” ажиллагаагаар урьдчилсан байдлаар 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байна.
Сүүлийн гурван жил орчим төрийн алба болон төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компанид Covid-19-ийн хуулийг үндэслэж томилгоо хийж ирсэн. Covid-19-ийн хуулийг хэрэгжүүлэхээс ч аргагүй байсан. Энэ хуулийн хэрэгжилт 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс зогссон. Хуулийн хэрэгжилт зогссоноор 2000 орчим албан хаагч, албан тушаалтны асуудал хөндөгдөж, шийдэгдээд явж байна.
Гэхдээ Covid-19-ийн хуулиар томилогдоод чөлөөлөгдөж байгаа 2000 гаруй албан хаагч нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн өмчит компанид хэрэгжиж байгаа хуулиудын шаардлагыг хангаж, шаардлагатай шалгалтад хамрагдсаны үндсэн дээр эргэн томилогдох боломж нөхцөл нь бүрдсэн.
Хоёр дахь асуудал нь Засгийн газар 2023 оны төсвийг батлуулахдаа “2023 оноос эхлэн тэтгэвэр авч байгаа иргэн төсвөөс цалинжихгүй байх зохицуулалтыг хуулиар тусгаж оруулж өгсөн. Өнөөдөр 5000 орчим хүн тэтгэвэр аваад төрийн албанд ажиллаж цалин авдаг асуудал давхар яригдаж байна.
Хөдөө орон нутаг суманд боловсон хүчний нөөц хомсдолтойн улмаас аргагүйн эрхэнд ажиллуулж байгаа нөхцөл байдал бас байна. Тухайлбал, эмч, багш, нарийн мэргэжлийн хүмүүсийг тэтгэвэртээ гарсан ч буцааж урьж ажиллуулж байгаа асуудал бий. Үүний хажуугаар онцын шаардлагагүй мөртлөө тэтгэвэр аваад төрөөс цалин авч байгаа хүмүүс байгаа тул ялгаа заагийг нь гаргаж цэгцэлнэ.
Боловсон хүчний нөөцийн хомсдлын асуудал яригдаж байгаа. Төрийн бүх төвшинд аль болох зохицуулж ирсэн. Боловсролтой, мэдлэгтэй боловсон хүчний дутагдлаас болж мэргэжлийн бус ажлыг хавсран гүйцэтгүүлэх тохиолдол олон бий. Энэ бүгдийг ялгаа заагтай авч үзэж, чөлөөлнө.
Төрийн албыг үнэгүйдүүлж байгаа, бусдаас давуу байдал авч томилогддог асуудлыг таслан зогсооно.
Шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд бүх мэдээллээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 10 ны дотор мэдээллээ ирүүлэх ёстой.
Төрийн албаны тухай хуулиар нэг сарын өмнө мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөх ёстой байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гарын үсэгтэй албан бичгийг үндэслэн шууд ажлаас чөлөөлж, зориудаар шүүх хяналтын байгжууллагаар шийдүүлэхээр хийдэл гаргаж байна.
Ингэж чөлөөлөлт хийх гэж байна гэдэг мэдээллийг л ирүүлэх ёстой. Харин дөрөвдүгээр сарын 10-наас хойш элдэв тайлбар хүлээн авахгүй.
Хүн хэлмэгдүүлж, Засгийн газар хэт харгис бодлого гаргаж энэхүү “Шүүр” ажиллагааг хийгээгүй гэдгийг хэлье. Хуулиа мөрддөг болсны үндсэн дээр бусдаас хууль хэрэгжүүлэхийг шаарддаг болох ёстой. Монголын төрийн алба, төрийн өмчит компанид хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна. Хууль нь амьдралд нийцхгүйгээс зөрчил гарч байна.
Нөхөх зохицуулалт хийнэ. шаардлагагүй албан тушаал, орон тоо байгаа тохиолдолд царцааж, хэрэгцээтэй шаардлагатай газар нь орон тоо бий болгоно. Сумын төвшинд мал хамгаалах чиглэлээр 4-5 хүн ажилладаг хэрнээ хүүхэд хамгаааллын асуудлаар нэг ч хүн ажиллуулдаггүй гэдэг асуудал өнөөдөр Трөийн ордонд зохион байгуулж байгаа хүүхэд хамгааллын форумын үеэр хөндөгдөж байна. Энэ асуудлыг ч хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ.
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн албан хаагчийг орлон гүйцэтгүүлээд ажиллаж байгаа ч Төрийн албаны тухай хулиараа энэ нь хаалттай байгаа. Иймээс Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, эдгээр нөхцөл боломжийг хуульд тусгаж өгнө” гэлээ.
Г.ХОРОЛ