Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын хагас шигшээ шатны ээлжит нэгэн тоглолт өнөөдөр/2023.04.06/ “UG” аренад болно. Одоогоор финалд Эрдэнэтийн Уурхайчид баг шалгараад байгаа бөгөөд тэдэнтэй өрсөлдөхөөр Завхан “Brothers” болон Тэнүүн Өлзий Металл багууд үлдээд буй.
Дээрх хоёр багийн цувралын харьцаа Металлын илүүтэй буюу 3-1 байгаа. Өнөөдөр тэд хожиход л финалд Уурхайчидтай хүчийг үзнэ. Харин Завхад дараалан гурав хожих шаардлага бий. Гэхдээ хоёр багт асуудал гарсан.
Учир нь цувралын дөрөв дэх тоглолтын төгсгөлд хоёр багийн тамирчид тэр дундаа Д.Мөнхтүвшин, Кристофер Блэйк нар нударга зөрүүлж, лигийн зүгээс ч зохих ёсны шийтгэлийг нь оноосон. Тодруулбал, Завханы довтолгоо, урд шугамын хамгаалалтын гол хүн Д.Мөнхтүвшинийг хоёр тоглолтоор, Металлын довтолгооны гол сонголт Блэйкийг нэг тоглолтоор шийтгэн тус бүр нэг сая төгрөгөөр торгосон билээ.
Ингээд харахаар өнөөдрийн тоглолтод Завхан давуу талтай. Хэрэв зургаа дахь тоглолт гарвал Металлд илүүрхэх боломж бий.
Нөгөө талд саяхан 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга болсон Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нар өрсөлдөгчийн дүрээр нүүр тулна. Нэг өдөр нь талбай дээрх ахан дүүс, хамтрагчид нөгөө өдөр нь өрсөлдөгчид.
Холбоотой мэдээ