Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 15-ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар иргэдээс хоёр сайттай холбоотойгоор ирүүлсэн зургаан гомдол хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэг. Мэдээлэл нь үнэнд нийцэж байгаа ч баримтаар баталгаажуулаагүй, эх сурвалжийн түвшин хангалтгүй байсан гэж үзлээ
Neguun.mn сайт болон тус сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар “Шуурхай: Эмээлтийн мах ачигдаж байна” гэх гарчигтай мэдээллийг шууд дамжуулжээ. Уг шууд дамжуулалт нь агуулахад байсан махыг Мэргэжлийн хяналтын газраас устгалд оруулахаар шийдвэрлэсэн, зөвшөөрөлгүй лацыг нь хөндөн, хулгайгаар зөөвөрлөж байгаа мэтээр илт худал, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн хэмээн үзэж тус агуулахыг эзэмшигчийн өмгөөлөгч ХМЗ-д гомдол ирүүлсэн. Ингэхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 4.2, 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.
Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд, редакц мэдээллээ бэлтгэхдээ тухайн үед зөөж байсан махыг устгалд оруулах ёстой мах гэдгийг ямар нэг баримтаар нотлоогүй ч энэ үйлдэл нь шууд дамжуулалтын дараа гарсан Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч П.Энхбаяр гэх хүний үйлдсэн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгох, устгуулахаар Нийслэлийн засаг даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн 80 тн махыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн буцаан олгох тогтоол үйлдсэн тул ажлаас нь халах арга хэмжээ авах талаар тусгасан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 11 сарын 4-ний өдрийн 5/460 тоот тушаалаар баталгаажсан гэж үзлээ. Ёс зүйн зарчмын 1.1, 1.6, 4.2, 5 дахь заалтуудыг зөрчөөгүй, эх сурвалжаас авсан мэдээллээ бусад эх сурвалжаас тодруулах, ямар нэг баримтаар батлах, нягтлах зэрэг сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа дутуу хийсэн гэж үзэн 1.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ.
Хоёр. Редакц ёс зүйн алдаа гаргаагүй
News.mn сайтын бэлтгэн нийтэлсэн “Иргэдээ сонсдог, уулздаг ганц сайд” гэх гарчигтай мэдээллийн агуулга нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, улс төрийн нам хүчний үзэл баримтлалыг сурталчилсан, хувийн үзэл бодол, дүгнэлтийг олон нийтэд тулгасан, улмаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.5 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж, нэгэн иргэн гомдол ирүүлсэн.
Ёс зүйн хороо уг гомдлыг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд нягтлан хэлэлцээд, дээрх мэдээлэл нь мэдээ биш бөгөөд үзэл бодол гэж дүгнэв. Мөн редакц хариу тайлбартаа уг мэдээллийг сайтынхаа “Улс төр” цэсний “Нийтлэл” хэсэгт ангилан байршуулсан тухайгаа дурдсан байна. Иймд тус сайт ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн дүгнэлээ.
Гурав. Редакц мэдээллээ нягтлах, баримтаар баталгаажуулах ажлаа дутуу хийсэн, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй гэж үзлээ
1. Neguun.mn сайт болон уг сайтын фэйсбүүк хуудсанд 2022 оны аравдугаар сарын 24-нөөс 2023 оны нэгдүгээр сарын 6 хүртэл мэдээлсэн дөрвөн удаагийн мэдээлэлд нэгэн цагдаагийн албан хаагч гомдол ирүүлсэн. Ингэхдээ тус сайтын редакцыг цахим орчинд Монгол Улсын Үндсэн Хуулийн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” болоод Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж, цагдаагийн байгууллага, алба хаагч руу чиглэсэн, хэт нэг талыг барьсан худал мэдээлэл нийтэд түгээж байгаа нь нийгмийн стресс бухимдлыг төрүүлж, алба хаагчийн аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхол, албан үүрэг гүйцэтгэх байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэхээс гадна цаашид төрийн байгууллагын шийдвэрийг үл тоомсорлох, алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, иргэн-цагдаагийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэх зэргээр нийгэмд тогтворгүй байдал бий болгох эрсдэлтэй байна” хэмээн үзсэн байна. Харин редакц хариу тайлбартаа бүх мэдээллээ эх сурвалжийн мэдээллийн дагуу бэлтгэн хүргэсэн, хөндсөн асуудал бүр нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг дурдсан байв.
Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд “Өмнөговь аймгийн хурц арслан М.Адьяахүү орцонд таарсан иргэнийг зодож, эхнэрийг нь хүчиндэхийг завджээ” гэх шууд дамжуулалтыг бэлтгэхдээ эх сурвалжийн өгч буй мэдээлэл үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулах, нягтлах ажил хийгээгүй, цагдаагийн байгууллага, хохирогчоос тухайн үйл явдлын талаар тодруулах боломжтой байсан ч хохирогчийн найз гэх нэг л иргэний яриаг олон нийтэд хүргэсэн байна гэж үзээд, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.
2. Neguun.mn сайт “Хийдийн тэргүүн лам хүчин үйлдэж л байг уу!” гэх шууд дамжуулалтыг бэлтгэхдээ редакц асуудлыг олон талын эх сурвалжаас тодруулан тэнцвэртэй мэдээлээд, дүгнэлт хийх эрхийг үзэгчдэд үлдээх нь зүйтэй байлаа. Нэг талын баримт үзүүлэн, сэжигтэн ламын нэрийг хэлж, гэрэл зургийг харуулан, хийдийг нь танигдахаар мэдээлсэн, нэг эх сурвалжаас авсан мэдээллээ бусад эх сурвалжаас тодруулах, баримтыг нягтлах, өөр баримтаар батлах зэрэг сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа дутуу хийсэн, сэжигтнийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мэт гарчигласан зэрэгт үндэслэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэв.
3. Neguun.mn сайт “Шүүхийн шийдвэргүй тэмцэж байгаа залуусыг цагдан хорьж эхэлсэн үү!!” гэх шууд дамжуулалтыг бэлтгэхдээ эх сурвалжийн яриаг баталгаажуулах ажил хийгээгүй, мэдээллийг өөр эх сурвалжаас нягтлах, тодруулах боломжтой байтал хохирогч гэх нэг л иргэний яриаг нягтлалгүй, баримтаар баталгаажуулалгүй шууд мэдээлсэн, “Шүүхийн шийдвэргүй тэмцэж байгаа залуусыг цагдан хорьж эхэлсэн үү” гэж гарчигласан нь аливаа тэмцэл хийхдээ шүүхээс зөвшөөрөл авах ёстой мэтээр агуулгыг буруу ойлгуулсан тул Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэсэн юм.
4. Neguun.mn сайт “Самарчин Ганбаа нэг удаагийн явалтаар 500 орчим сая төгрөг олдог ба … архины хамааралтай иргэдийг ихэвчлэн Дэнжийн мянга, Нарантуул, Хархорин орчмоос олж ууланд аваачдаг гэх мэдээлэл байна” гэх агуулга бүхий мэдээллийг тус сайт фэйсбүүк хуудсандаа пост хэлбэрээр оруулсан, сайтдаа тухайн мэдээллийг оруулаагүй байлаа. Энэ нь сэтгүүл зүйн бүтээл биш тул хэлэлцэх үндэслэлгүй хэмээн шийдвэрлэлээ.
Хавсралт
Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:
1.1 – “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”
1.2 – “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”
1.3 – “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”
1.5 – “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”
1.6 – “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”
4.2 – “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”
5 – “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана”
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл