"Сүши терроризм" гэдэг зүйл сүүлийн үед япон ресторануудад гарах болсон. Тодруулбал, хүмүүс ресторанд туузан дамжуулагч дээрх сүшинд хүрэх, долоочихоод буцааж тавих гэх зэргээр дэггүйтэж буй бичлэг цахим орчинд тарснаар энэ бүхэн эхэлжээ. Ресторанууд ийм үйлдэл гаргасан хүмүүсийг цагдаад мэдүүлж, тэмцэх болсон. Өнгөрсөн сард л гэхэд ийм хэргээр гурван ч хүн ял сонссон байна.
Рю Шимазү, Тошихидэ Ока нэртэй хоёр залуу ч бас сүши ресторанд дэггүйтсэн бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлсэн нь цагдаад дуудагдах шалтгаан болжээ. Тэд нийтэд зориулан савалсан даршилсан цагаан гаанаас өөрсдийнхөө савхаар авч идэж байгаа бичлэгээ нийтэлсэн байна. Угтаа бол эрүүл ахуйн шаардлагын дагуу өөрсдийнхөө савхыг нийтийн хоолны сав руу дүрэх учиргүй юм. Залуус "сүши террор" гэсэн хаштагт нэгдэж, хүмүүсийг инээлгэхийг хүссэн гэжээ.
Хэрвээ тэд буруутай нь тогтоогдвол бизнес эрхлэхэд саад учруулсан хэргээр гурван жил шоронд хоригдож, 3800 ам.долларын торгууль төлнө. Мөн бусдын эд хөрөнгө сүйтгэсэн хэргээр дахин гурван жилийн ял, 2280 ам.долларын торгууль төлж магадгүй аж.
Улс даяар 1000 орчим сүлжээтэй Ёшинояа рестораны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна. "Энэ мэдээ үйлчлүүлэгчдийн дунд таагүй сэтгэгдэл, түгшүүр төрүүлж байна. Хүмүүс гадуур хооллохдоо аюулгүй байдалд нь эргэлзэх болсон. Үнэхээр харамсаж байна. Дахин ийм зүйл болохгүй гэж бид чин сэтгэлээсээ найдаж байна" гэж тэр хэлжээ.
Ресторанууд дэггүй үйлчлүүлэгчдээс сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааны тусламжтай камер суурилуулах, сүшиний туузан дамжуулагчаа бүхэлд нь салгаж авах зэрэг арга хэмжэээ авсан. Гэвч үйлчлүүлэгчид туузан дамжуулагчаар урсаж буй сүшинээс сонгож идэх хамгийн дуртай. Тиймээс туузан дамжуулагчаасаа татгалзах бол эцсийн арга хэмжээ юм. "Туузан дамжуулагчтай сүши нь нэг талаасаа зугаатай. Бид үүнийгээ хадгалж үлдэхийг хүсдэг" гэж Күра Сүши рестораны хэвлэлийн төлөөлөгч Акихиро Цүжи хэллээ.
Эх сурвалж: FOOD & WINE
Холбоотой мэдээ