Асгатын мөнгөний ордын нөөцийг бүрэн тогтоогоогүй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Асгатын мөнгөний ордын нөөцийг бүрэн тогтоогоогүй хэвээр байна

Асгатын мөнгөний ордын нөөцийг бүрэн тогтоогоогүй хэвээр байна

Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоож, ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Улмаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл АМГТГ болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судалсан билээ.

Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2020 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Х.Баделхан, Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийнхэн Асгатын мөнгөний ордын нарийвчилсан хайгуулын ажлыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг тодотгож шинэчлэн тогтоох болон баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийж, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол”  ХХК хариуцан ажиллахаар болсныг дуулгаж байв.

Уг ордоос технологийн дээж авахаар өнгөрсөн оны тавдугаар сард “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэйгээр, туслан гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажилласан. Төлөвлөгөөнд тусгасны дагуу хоёр амыг нээх ёстойгоос эхний 1А хэвтээ амыг бүрэн нээж, 1-р хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрэлт хийсэн байдаг.

Уурхайн амуудыг нээж, технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажлыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж байсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас элемент тодорхойлогч багажийн туслалцаа авч, УУХҮЯ, АМГТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах ангитай хамтран ажиллажээ.

УИХ-ын Ажлын хэсгээс өнгөрсөн оны долдугаар сард ордын ажлын явц байдлын талаар “Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн. Удахгүй нөөц нэмэгдүүлэх хайгуулын ажилтай зэрэгцээд ашиглалтын баяжуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ажил явагдана. Асгатын орд эдийн засгийн эргэлтэд орсноор Баян-Өлгий аймгийн тулгамдсан асуудал болсон ажилгүйдэл, ядуурал буурахаас гадна аймгийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө төвлөрнө” гэж мэдээлсэн. Түүнээс хойш бүхэл бүтэн есөн сарын хугацаа өнгөрч, өөр тодорхой мэдээлэлгүй, байдал бахь байдгаараа, Ажлын хэсгийн ажилд ахиц гарсангүй гэж дүгнэж болохоор байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2022 онд Наурызын баяраар Баян-өлгийчүүдтэй очиж уулзахдаа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж амалсан ч энэ ажил урагшлаагүйг нутгийн иргэд хэлэв. Зарим иргэн Асгатын мөнгөний ордыг ашиглана гэдэг “бүтэшгүй мөрөөдөл” гэсэн бол зарим нь тус орд ашиглалтад орвол ажлын байр бий болж, өлгийчүүдийн амьдрал дээшилнэ гэсэн өөдрөг үзэл бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад дараагийн “Оюутолгой”, дараагийн “мөнгөний уурхай”-г нээн илрүүлж, ашиглах тухай одооноос ярих зайлшгүй шаардлага тулгарч буй. Энэ утгаар Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхэлснээр эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах билээ. Харамсалтай нь, гүйцэтгэх засаглалын ам түрүүлж, ажил урагшлахгүй байна. Хэдийгээр орд газрыг ашиглана, эдийн засгийн эргэлтэд оруулна гэж ярьж буй боловч өнөөдөр Асгатын мөнгөний ордын ядаж нөөцийг нь ч бүрэн тогтоож чадаагүй хэвээр байна.

Асгатын мөнгөний ордын хэмжээнд 1986 оноос хойш төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 онд нөөцийг нь бүрэн тогтоож амжилгүйгээр зогсчээ. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид тус ордод судалгаа хийсэн байна. Тодруулбал, хойд хөршийн геологичид тухайн үеийн ЗХУ-тай хиллэсэн, баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгийн 100 км-ын гүнд геологийн судалгаа явуулжээ.

Асгатын мөнгөний ордын хэмжээнд 1986 оноос явуулсан геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрч, нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байсан аж. Үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн гэсэн судалгаа гарч байжээ. Нэмэлт судалгаагаар үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бүрэн боломжтой гэж геологичид мэдээлдэг.

Геологийн ажлын үр дүнд Асгатын ордод үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий агуулгатай хүдэрт мөнгө, зэс, сурьма, висмутаас гадна дагалдах байдлаар төмөр, хар тугалга, кадми, мышьяк, цайр, алт бийг тогтоожээ. Үүнээс хойш 1990 он хүртэл эрэл үнэлгээ, геологийн зураглалын ажил хийгджээ.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой. Мөн нийт 500 хүний ажлын байр шинээр бий болж, жилд 7.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо гарсан байдаг. Үүнээс гадна Асгатын мөнгөний ордыг түшиглэсэн үйлдвэрийг дэд бүтэцтэй нь байгуулахад нийт 57.1 сая ам.доллар хэрэгтэй гэсэн мэдээлэл ч гарч байв.

Тус орд Монгол Улсын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залган оршдог бөгөөд Засаг захиргааны нэгжийн хувьд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд харъяалагддаг.

MV-004388 – Асгатын ордыг (37.03 га талбай) 2002 оноос, MV-008191 – Асгатын өмнөд участок, 390.28 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-008645 – Асгатын хойд төвийн хэсэг, 620.63 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-000278 – Асгат, 2.41 га талбай бүхий ордыг 1996 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээр “Монголросцветмет” нэгдэл тус тус эзэмшиж байв.

Улсын хилийг хоёр ч удаа давж байж Асгатын ордод хүрдэг байсан зэрэг бэрхшээл саадыг олон жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас барилгын цэргийн 340-р анги байгуулж, 3.4 тэрбум орчим төгрөгөөр 10-аад км-ын урттай уулын сайжруулсан зам тавьж байж арилгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж