Д.Сосорбарам: Анхны 13-ын таваас бусад нь НАХЯ-ны…

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам: Анхны 13-ын таваас бусад нь НАХЯ-ны…

Гартаа гар буу бариад хурал дээр хий буудан сүржигнэх залуус… Тэдний дэврүүн, ойворгон занг ашиглаж үгэнд ороогүй ах нарынх нь өмнөөс сумлан тавих гэсэн их гүрний эзэрхий бодлогын золиос болсон удирдагчдын эмгэнэлт хувь заяа. Толгойлж явсан удирдагчаа албан тушаалаас нь авч хаяхыг хүссэн залуус амийг нь хөнөөх ялд аваачсандаа харамсалтайяа гашуудан зогссон нь гарцаагүй. Ээдрээт он жилүүдийн ээдрээт цагийн нэгэн золиос болсон Жадамбын Баваасан. Бошгыг халах залуучуудын эвлэлийн Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга…

Тэр л намрын халуун өдрүүдээс илүү сартай зунаар эрх мэдэлтний эрх ямба, шударга бусын эсрэг шулуун зан, шувтан цээжээрээ сөрөн зогсогч эгэл залуу. Эцэст нь, Монголын олон зуун сэхээтний нэгэн адил хавчигдан чирүүлж буйгаа  сэтгэлт бүсгүйгээсээ хүртэл нуун ачигдсан ч хагацлын эцсийн мөчид бүсгүй нь босон зогсохыг хөлөг онгоцны тавцан дээрээ харан хөөрөн буй хоргүй, харгүй гал мэт асах Галаа…

Бурхны зараалаар буурал хорвоод ирэн тодорч, төрөх үхэх, элж, элээх орчлонгийн бузар булайн золиосыг эцэст нь биш эхэнд нь мэдсэн ч энэ хорвоогоос эргэлт буцалтгүйгээр бурхны орондоо буцсан хутагт. Эглээс эгэл мөн чанар, хүн байхуйг хожимын бидэнд таниулсаар буй хувилгаан…

Урлагийн их тайзнаас Улс төрийн товчоог огцруулахыг шаардаж, айж эмээлгүй, амаа үдүүлэхгүй, бодлоо баглуулахгүйн төлөө боссон хувьсгалч…

Монголын гэсэн бүхнийг үгүйсгэж, гадны бүхнийг шүтэж, өвгөдөө зүхэж, өрөөлийг тахиж, зулаа орондзураг залсан он жилүүдийг зүхэж, зурж, шүлэглэж, “шанаадаж”, шанаадуулж явсаар нийгэмдээ ад үзэгдэж, хожим дахин амьдарсан эрх чөлөөний дуучийг эргэн амьдруулагч.

Түүнийг хэн боловч өөр өөрсдийнхөөрөө тодорхойлно. Галзуу, дуучин, жүжигчин, Галаа, Баваасан, Хутагт, хүүрнэгч, тэмцэгч, “тонуулчин”, "их хаан"…

Гэхдээ өнгөрсөн хугацаанд нэгээс нөгөөд өөр өөрөөр хувиран олон дүрийг тэр бүтээхдээ хэлбэрээ сольсоноос агуулгаа сольсонгүй. Цаг цагийн аясаар хүн өөрчлөгддөг ч бидэнд анх харагдахдаа л “эрх чөлөө” гэж хашгирч гарч ирсэн залуу өдгөө санчиг нь бууралтаж, илүү ихээр зүрх сэтгэл рүү хурц үгсээрээ дайрсаар. Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин, уран уншигч, Ардчиллын алтан хараацай, элдэвтэй, “Од”-ыг байгуулсан гээд олон гуншин түүнийг дагалдах бол эрчтэй, хүчтэй, эсэргүү, галзуу, сагсуу Со гэх олон хоч зүүх нь бий. Догмидын Сосорбарам. Гэхдээ “Со” гэвэл тэр бүгд дуудах. Бидний яриа ийн өрнөв…

-“Намрын халуун өдрүүд”-ээс “Илүү сартай зун” хүртэл… Бошгыг халах залуучуудын эвлэлийн  Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Баваасангаас нийгмийнхээ араа шургын эсрэг өөрийнхөөрөө тэмцсэн Галбадрах болтол… Догшин хутагтаас Догшин ноён хүртэл… Ингээд харахаар таны бүтээсэн дүрүүд их сонин. Магадгүй таны амьдрал, тэмцлийн эсвэл монгол хүний үе үеийн тэмцлийн цаад мөн чанарыг хэлээд байх шиг. Дүрүүдийнхээ холбоосыг та юу гэж хардаг вэ…

–Найруулагч нарын дүр урлахуйн хүмүүсээ олж хардаг харц, таниц өөр өөр санж. Би болбоос амьдралдаа их хүйтэн дүртэй хүн шиг. Дотны уран бүтээлчид ярихад халгаатай гэдэг. Юундаа байдгийг мэдэхгүй. Миний хувьд нэлээд хожуу энэ урлагт хөл тавьсан хүн. 1982 онд жүжигчний сургууль төгсөөд хоёр, гурван жил өнжөөд ажиллаж эхэлсэн. Харин манай ангийнхан оюутан байхаасаа л кинонд тоглоод одоогийнхоор “од” болчихсон хүмүүс. Сайн хэрэг… Миний ерөнхий төрх найруулагч нарын нүдэнд тусаагүй байж л дээ. “Намрын халуун өдрүүд” миний анхны киноны дүр. Тэр үед Д.Долгор гэж том найруулагч байсан.Их өвөрмөц араншинтай. Баргийн хүнтэй таарамжгүй. Тэр хүн “Намрын халуун өдрүүд” гээд зохиолч С.Удвал, Д.Дожоодорж гуайн зохиолоор МАХН-ын III их хурлаас сэдэвлэж кино хийсэн. Ингээд энэ киноны Ж.Баваасангийн дүрийг надад өгсөн. Ингэхдээ “Сосорбарам минь чи яг өөрийнхөө араншингаар тогло. Нэгт, энэ хүн тийм ч муу хүн биш” гэсэн. Би ч оюун санааны хувьд тэр хүн хэн байж вэ гэдгийг гаргахыг хичээсэн. Солийн Данзангийн баруун, зүүн гар болж явсан хүн шүү дээ. “Иргэн баян бол улс баян”, уулын бэлээс оргилыг нь хүртэл явахдаа юу ч битгий алгас гэхчлэн энэ улс орныг сүйтгэчихгүйхэн шиг аваад яв гэж байсан С.Данзанг МАХН-ын III их хурлаар хөнөөсөн. Данзангийн дүрд манай Ардын жүжигчин П.Цэрэндагва ах маань тоглосон шүү дээ.     Уг кинонд Данзангийн хэлдэг нэг үг байсан юм. “Х.Чойбалсан нарын замаар явбал 50-60 жилийн дараа Монгол ертөнцийн хөрснөөс арчигдана шүү” гэж хэлэхэд нь Баваасан асгартал уйлаад буудуулахаар явдаг. Тэрийг нь хасчихсан. Эргээд харахад Д.Долгор найруулагчийн шигтгээ, шигээ их айхтар байсан. Тухайн үед янз бүрээр л хэлж, муучилж байсан. Гэтэл манай “Хонх”-ын С.Цогтсайхан тэр киноны мөн чанарыг олж харсан. “Ямар азаар бид энэ киног хийгээ вэ” гэдэг. Одоо харахад алдаа оноо бий л дээ.

-Тэр том агуулгыг хайчлуулж байж “Бүхэл бүтэн нийгмийг алгасна гэдэг чинь чиний тэр хормойгоо шуугаад Дунд голын дээгүүр харайхтай адил биш. Өнөөдрийг хүртэл дэлхийн нэг ч орон ямар ч нийгмийг алгасаагүй” гэх мэт диалоги хэсгүүдээ авч үлджээ. Баваасан гэдэг хүний дүрийг харсан ч одоо муу хүн гэж харагдахгүй. Монголыг монголоор нь байлгах гээд л зогсоод байгаа хүн. Баримтыг харсан ч С.Данзан, Ж.Баваасанг  нарыг хорооход их харамссан тухай ярианууд бишгүй дайралддаг… Гэтэл энэ киноноос хоёр жилийн дараа таны тоглосон “Илүү сартай зун” киноны Галаагийн дүр бас л бусдын сайн сайхны системийнхээ эсрэг зогсдог. Гэхдээ хоёулаа харамсалтайгаар төгсдөг. Нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд ордог. Ингээд харахаар таны дүрүүд дандаа нийгмийнхээ эсрэг зогссон байх жишээтэй.

-Манай Б.Баатар найруулагч их сонин өнцгөөс наад санааг чинь хэлсэн. 1996 онд чөлөөт уран бүтээлч болоод У.Шекспирын “Отелло” жүжгийг бие дааж хийсэн юм. Гэтэл Б.Баатарындаа нэг орой очоод байж байтал жаахан охин нь “Со ах дандаа гоё гоё дүрд тоглох юм” гэдэг юм. Тэгсэн Б.Баатар охиндоо баярлаад “Миний охин ямар гярхай харав. Энэ хүн чинь их онгироо нөхөр байхгүй юу” гээд намайг юу гэж ойлгохоо өөр мэд гэсэн. Өөрөө их сонин хүн шүү дээ. Баваасанг онгироо гээгүй. Галааг онгироо гэсэнгүй. Сосорбарамд байгаа өөртөө итгэх итгэл, өөрөөрөө онгирох жижигхээн зучлыг нь олж хараад хэлсэн юм байна гэж одоо л бодож байна. Тухайн үед инээгээд л өнгөрсөн. Чиний хэлээд байгаа Баваасангаас Галаа хүртэлх гэх шугам бас сонин сонсогдож байна. Тухайн үед хоёр жилийн хугацаанд манай үеийнхэн бол хэд хэдэн дүрийг хийнэ шүү дээ. Энэ хоёрын дунд кино, дэлгэцийн бүтээл надад байгаагүй юм. Хоёр өөр араншин. Баваасан бол хэзээ ч өөрийнхөөсөө хазайгаагүй хүн. Данзангаа дэндүү ойлгодог байсан. Тиймээс ч хамт буудуулсан. 25-26-хан настай залуу шүү дээ. Тэр үед буудчихдаг байж: Өнөөдөр ч тийм зүйл цухалзаад л байна.

 -Энэ бидний араншин юм уу?

– Яагаад бидний агшин болгонд ийм зүйл байгаад байна гэвэл маш товчхондоо, бидний ах гээд байдаг хүмүүс асар том чулуу шиддэг. Тэр нь бутраад унахаар монголчууд бие бие рүүгээ аваад шиддэг. Ийм юм эрх чөлөөтэй өнөөгийн нийгэмд ч алга болсонгүй. Энийг л эсэргүүцсэн хүний нэг нь Баваасан. Чи нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд хийчихсэн гэлээ. Эрх чөлөөнд дургүй байгаа үйл явц чинь хүний амьд байх үнэ цэнийг, хүий өөрөөсөө урвахгүй байх мөн чанарыг устгадаг юм. Тийм учраас миний дүр урлах үйл явц өглөө болгон цоо шинээр ургадаг. Туршлагатай байна гэдэг байнга туршигдахын нэр гэж санаандгүй хэлчээгүй. Өглөө босохдоо л би туршилтад өртөнө. Эхнэртэйгээ цайгаа уухаас эхлээд л туршилтанд орно. Тиймээс найруулагч дүрээ сонгохдоо бүхнийг хардаг. Уг нь Галбадрахын дүрийг анх жүжигчин Г.Равдан ах Даваажав/”Илүү сартай зун” киноны Ариунаагийн ээж/ Сэлэнгээ эгчтэй кино үйлдвэрт явж байгаад зохиолыг нь уншаад хэлсэн байгаа юм. Сэлэнгээ эгч “Энэ Галбадрах чинь яг энэ чигээрээ манай театрт гүйж яваа хө”  гэж хэлж л дээ. “Өглөө театраар орж ирээд л Эрдэнэ засгийн унага дууг дуулдаг. Эхлээд би жоохон ёо ёотой хүүхэд юм уу гэж боддог байсан чинь сүүлдээ өглөө нөгөөхийг нь сонсохгүй бол сонин оргиод байдаг болсон” гэж Сэлэнгээ найруулагчид хэлж л дээ. Сэлэнгээ найруулагч надтай хэд хэд мэдэгдэхгүйгээр уулзсан байгаа юм. Сүүлд сонсох нь ээ, уулзаад ярихаар өөрт нь таалагдахгүй юм л яриад байж л дээ. Ингээд кинондоо Хөвсгөл явсан даа. Сорогдогийн Жаргалсайхан  бол зохиолоо намайг харж бичсэн гэж сүүлд хэлнэ лээ. Дүр нь амжилттай болсон болохоор хэлсэн ч байж мэднэ. Эсвэл анхнаасаа ч харсан байж магадгүй. Хоёрдугаар ангийг нь тухайн үед С.Жаргалсайхан бичсэн. Тухайн үедээ хийсэн бол болно. Хоёрдугаар ангийг нь хийгээч гэж одоо ч, өмнө нь ч хэлдэг. Би “Үгүй” гэсэн. Галаа энэ чигээрээ үлдэг… Ер нь миний дэлгэцэнд бүтээсэн дүрүүд надтай их ойр. Эсрэг талын ч дүр гэдэг. Би хувьдаа муу хүн гэж үздэггүй. Тэр хүн өөртөө л зөв байгаа шүү дээ.

-Галаа бухимдлаа барьж дийлэхгүй даргынхаа өрөөнд ороод радиог нь эвдэж буй явдал нь шоронд явахад хүргэж байгаа тэр явдал Ардчилсан хувьсгал руу хөдлөхөд ямар нэгэн түлхэц болсон байх болох уу? Энэ мэт киноноос хойш ардчилсан хувьсгалын эхлэл залгагдчихаад байх шиг санагддаг л даа. Үгүй ч байж мэднэ…

-Галаа бол өөрөөрөө байх, эрх чөлөөтэй байх, байгаагаараа байх эрэл хайгуул. Энэ эрэл хайгуул чинь явсаар 1990 оны хувьсгалтай давхцаад ирсэн юм. Би 1986 онд Р.Чойномын шүлгийг эзнийг нь хэлэлгүйгээр хэлээд, зурагт, радиогоор бичүүлж байсан. Зохиогчийг нь асуухаар зэрэг “аан, уун” гэж байгаад бултчихдаг байсан. Ингээд эхлэхээр ээж, найз нөхөд нь үзэж, сонсоод эхэлсэн. Гэтэл ээж нь гүйгээд ирсэн. “Намайг Ренчин гэдэг юм аа. Чойномын ээж байна” гээд. “Миний хүүг амилууллаа” гээд ирсэн. Тэр цагаас хойш байнгын холбоотой. Цагаан сараар байнга золгоно. Очихоор их баярлана. Ер нь Чойномыг дахин сэргэхгүй гэж харсан уран бүтээлчид их байсан учраас шоглосон юм их бий. Баваасан, Галаа, Чойном нэг юм шиг хэр нь өөр өөр араншингуудтай. Өөр өөр совин, зөн, мэдрэмжүүд байгаа. Тиймээс тэр болгоныг нь ялгаж, салгах хэрэгтэй. Тиймээс “жүжигчин” гэх үгэнд дургүй болоод байна. Яагаад гэвэл Төрийн ордонд тийм хүмүүс их байна. Харин уран бүтээлч бол дүр бүтээдэг. Тиймээс “дүр урлахуйн хүн” гэсэн нь илүү юм гэж боддог болсон.

 

 -1992 онд Нэрт дуучин Цэрэнжав агсны гунигт амьдралаас сэдэвлэсэн таны тоглосон “Чи нэгэн” гэх сайхан кино бий.Алдар хүндийн оргилд хүрсэн ч эхнэр нь гадаад хүнийг дагаад орхиод явдаг. “Илүү сартай зун”-д тантай амраг хосуудын дүрд тоглож байсан жүжигчин О.Оюун энэ кинод таны охин болж тоглодог. Их амраг хосын нандин харилцаанаас амьдралд хагацсан аав, охины хайр. Алдар хүндийн оргил архинд ороод эцэст нь гуйвсаар дайвсаар амь тавьж буйг “арзайтал”өгүүлдэг… Буруутны нэг нь “Чи шүү” гээд чичлээд байх шиг…

-Чи “Чи нэг нь” гэж хэллээ. Энэ зусар, бялдуу явдалтай нийлж байгаа бол буруутны нэг нь чи шүү гэсэн санаа. Радиогийн П.Сандуйжав гэж хүн зохиолыг нь бичсэн. Ардын жүжигчин П.Цэрэндагва ахын ах нь. Ардын зураач П.Цогзол гуай найруулсан. Намайг хойшоо сургуульд яваад ирсэн чинь “Нааш ир, миний хүү” гээд тэр том хүн дуудаж уулзаад “Чамд зориулж бичсэн юм. Өөр хүн байхгүй” гээд зохиол өгсөн. Ингэхээр чинь хүнд урам орно шүү дээ. Цэрэнжав гуайн араг яс одоо ч Анагаахын сургуульд байдаг байх. Өөрийнх нь амьдрал их эмгэнэлтэй. Монголын анхны Балган шүү дээ. Их адармаатай амьдрал туулсан хүн. Мандан гялалзаж, салж, сарниж, архинд орж алдсан хүн. Ингэж явсаар өөд болж. Оршуулах хүн ч олдоогүй учраас анагаахынхан авч л дээ. Яг бодит түүх нь энэ. Үүнээс үндэслэж “Гоож нанаа” гэж анх зохиолын нэрийг өгсөн байдаг…

…Бидний яриа ийн өрнөсөн. Урлаг, соёл, үзэл санаа, үйл явдал хийгээд улс төрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэх түүний ярилцлагыг бүрэн эхээр нь бидний бэлтгэсэн нэвтрүүлгээс үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж