СУРВАЛЖЛАГА: Иргэд үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийх сэхээгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: Иргэд үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийх сэхээгүй байна

СУРВАЛЖЛАГА: Иргэд үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийх сэхээгүй байна
  • Кэйс 1

-“Сүүний үнэ хэзээ нэмэгдчихсэн юм бэ. Саяхан л 4500 байсан биз дээ. Бүр 5200 төгрөг болчихсон юм уу” гэх тэтгэврийн насны эмэгтэй дэлгүүрт толгой сэгсрэнгээ дурамжхан картаа уншуулж харагдана. “Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж ирээд байна. Сүүлдээ бараагаа татахаас ч зүрхшээх боллоо.Үнэ нь нэмэгдээгүй бараа нэг ч алга. Өдөр өдөрт үнэ нь өөрчлөгдөж байна. Цаанаасаа нэмэгдэж ирээд байхаар бид ч бас үнээ нэмэхээс өөр арга алга. Үнийн өсөлтөөс болж өдөржингөө хүмүүст загинуулсаар, сүүлдээ бүр залхаж байна” хэмээн дэлгүүрийн худалдагч амандаа бувтнах. Энэ мэт хэн, хэндээ гоморхох ч хэнийг буруутгахаа мэдэхгүй худалдагч болоод үйлчлүүлэгчид хаа сайгүй…

  • Кэйс-2

-Үхрийн мах 1 кг нь 18 мянган төгрөг болчихсон байна лээ.

-Тийм үү. За арай ч дээ. Худалч хүнд өдрийн цалин маань 1 кг үхрийн махтай тэнцэхээр болчихсон юм уу. Ядахдаа өдөрт 2 кг махаар цалинждаг болчихсон юм сан. /Инээв/”

-“Хавар болохоор мах, ногооны үнэ нэмэгддэг ч арай ч хэтэрч байна аа. Монгол Улс мал аж ахуйн орон 70, 80 сая малтай гэдэг ч бодит амьдрал дээр 1 кг мах бараг 20 мянга хүрчихээр бид яаж амьдрах болж байна. Ер нь найз нь мянгат малчинтай суучихаад хааяа нэг хонь явуулж байдаг юм уу” хэмээн тас тас хөхрөх  20 гаруй насны охидын яриа инээдтэй ч бас эмгэнэлтэй…

  • Кэйс-3

…. Чи эмээгийнхээ өгсөн мөнгөөр ундаа авах уу эсвэл чипс авах уу гэж дүүгээ өхөөрдөхөд,

-Хоёуланг нь авна, хоёуланг нь авна.

-Наад мөнгө чинь хүрэхгүй. Чипсний үнэ нэмэгдчихсэн байна лээ гэж дүүдээ учирлах эгчийнхээ үгийг тэр одоогоор ойлгож амжаагүй л хөөрцөглөнө. Магадгүй чипс, ундаа хоёрынхоо аль нэгийг лангуун дээр нь үлдээгээд гарахдаа эгчийнхээ хэлснийг хагас хугас ойлгох биз дээ…

Энэ мэт үнийн өсөлтийн талаарх яриа өдөр тутам гудамж талбай, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд, нийтийн тээвэрт өрнөж байна.  Түүнд өртөөгүй, түүнийг мэдрээгүй хүн үлдсэнгүй.  Өнгөрсөн оны сүүлд инфляци хамгийн өндөр буюу 15 хувьд дөхөж очсон нь өрх гэр бүрийн хаалгаар орж, хэрэглээнд нь нөлөөлж, иргэдийг бүсээ чангалахад хүргэсэн. Хурдацтай өсч байсан инфляцийн хурд энэ он гарснаар саарч байгаа гэдгийг засгийн газрын удирдлагууд, Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдсэн.

Тэдний хэлж байгаагаар он гарснаар Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирсан гэнэ. Нүүрсний экспортын хэмжээ өмнөх саруудыг бодвол өссөн үзүүлэлттэй байгаагаас гадна нь үнийн хувьд өндөр байгаа нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж инфляцийн түвшин буурахад нөлөөлж буй аж.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг эдийн засгийн тайлангийн энэ оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарт өгүүлснээр, Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8 хувийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар тус тус өсөх төлөвтэй байгааг онцолсон. Гэсэн хэдий ч бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцийн түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8,7 хувь болж буурах төлөвтэй байгааг сануулав. Бодит амьдрал дээр эдийн засгийн сэргэж, инфляцийн түвшин буурсан нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байгаа гэдгийг хэлж байна. Зарим нь Засгийн газраас төсөв тэлэх бодлого явуулж, их хэмжээний бэлэн мөнгө эдийн засагт нийлүүлснээр үнийн өсөлтийг улам өдөөж байна хэмээн үзэж байгаа бол зарим нь төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийг барьж чадахгүй байгаа учраас тээврийн зардал, үйлчилгээний зардал өндөр байгааг шүүмжилж байна.

Үнийн өсөлтөөс үүдэн зарлага нь орлогоосоо хоёр дахин өссөн учраас өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байгаагаа ч хэлж байна. Тиймээс эдийн засаг сэргэж, инфляцийн түвшин буурсан талаар хий хоосон тоо баримт дурдахаас илүү иргэдийн бодит амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт хийхийг шаардаж байв.

Д.БААСАН:ГУРАВДУГААР САРД МАХНЫ ҮНЭ 6.2 ХУВИАР ӨССӨН

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр оны 2022 оны сүүлд инфляци улсын хэмжээнд 13.2 хувь байсан бол нэгдүгээр сард 13.2 хувь, хоёр болон гуравдугаар сард 12.2 хувь гарсан байна.  Үндэсний статистикийн хорооноос гаргасан гуравдугаар сарын тайлан мэдээнээс харахад инфляцийн түвшин улсын хэмжээнд өмнөх сараас 12.2 хувиар өссөн гэдгийг  ҮСХ-ний Бодлого хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа тархалтын Хэлтсийн дарга Д.Баасан хэлж байна.

Түүнчлэн  хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ нийт дүнгээрээ 17.3 хувиар өсчээ. Тэр дундаа согтууруулах бус ундааны бүлэг 21 хувиар, хувцас бүс бараа гутлын бүлгийн үнийн дүн 13.5 хувиар, согтууруулах ундаа болон тамхины үнэ 9 хувиар, эм тариа эмнэлгийн бүлгийн дүнгээр 7.2 хувиар, тээврийн бүлгийн үнийн дүнгээр 5.4 хувиар, зочид буудал болон нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний дүнгээр 20.1 хувиар өссөн нь инфляцийн түвшин 12.2 хувь өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

Хоёрдугаар сарыг гуравдугаар сартай харьцуулахад хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэг хувиар өссөн аж. Энэ өсөлтөд хүнсний барааны бүлэг, түүн дотроо мах махан бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн аж. Түүнчлэн хоёрдугаар сартай харьцуулахад гуравдугаар сард махны үнэ 6.2 хувиар өсчээ. Тухайлбал, хонь, үхрийн мах килограмм тутамдаа  200-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Инфляцийн тоосгонд орж байгаа хэрэглээний сагсны 46 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг аж. Импортын бараа бүтээгдэхүүний үнийн нөлөө гуравдугаар сарын инфляцийн хэмжээний 42 хувийг бий болгосон байна.  ҮСХ-ноос долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн харьцуулсан судалгааг гаргадаг. Хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн ажиглалтаас харахад нийт хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар өссөн нь гуравдугаар сарын дунджаас 4.4 хувь өссөн үзүүлэлттэй байна.Үхрийн махны тухайд 1 кг нь 18 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа нь өмнөх сараас 600 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ.  Д.Баасан хэрэглээний бараа үйлчилгээн дээр үнийн өсөлт болж байгаа ч нийт үнийн өсөлтийн хурд нь саарч байгаа гэдгийг тодотгож байна.  Эндээс хараад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ойрын саруудад иргэдийн хүлээлтийн хэмжээнд очиж буурахгүй гэдгийг харж болохоор байна.

Харин урт хугацаандаа буюу оны төгсгөлд Төв банкнаас дэвшүүлсэн нэг оронтой тоонд очих зорилтод хүрэхгүй ч Азийн хөгжлийн банкнаас гаргасан 10.9 хувьд дөхөж очвол аз болж мэдэхээр байна.

Ч.ОТГОЧУЛУУ: СОНГУУЛЬ ДӨХЧИХСӨН УЧРААС ШОУ ХИЙЖ БАЙНА

Харин эдийн засагчдын үзэж байгаагаар Монгол Улс импортын бараа бүтээгдэхүүний хамаарал өндөртэй. Хэрэв төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байвал бараа бүтээгдэхүүний үнэ тийм ч амархан буурахгүй гэдгийг хэлж байгаа юм.  2023 он бол УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жил гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Олон жилийн дунджаас харахад сонгуулийн өмнөх жил төсөв тэлэх бодлого явуулж их хэмжээний мөнгө эдийн засагт оруулдаг нь инфляцийг өдөөх бас нэгэн шалтгаан болдог. Энэ жилийн тухайд инфляцийн түвшин буурч нэг оронтой тоонд очно гэдэгт итгэлтэй бус байгаагаа Эдийн засагч Ч.Отгочулуу тодотголоо.

Улсын хэмжээнд нүүрсний экспорт сайн, үнэ нь өндөр байгаагаас үүдэн нүүрснээс олдог орлогын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн нь статистикийн тоо мэдээнээс харахад манай улсын эдийн засгийг тэлсэн мэт харагдуулж байна. Гэхдээ энэ өсөлт өрх гэрийн хаалгаар орж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх боломжгүй гэнэ. Инфляцийн хэмжээ өсөхийн хэрээр ажилгүйдэл, ядуурал нийгэмд нэмэгддэг. Албан ёсны дүн мэдээг харахад ажилгүйдэл буурч байгаа гэх үзүүлэлт байгаа ч ядуурлын статистикаас харахад дундаж давхаргынхан асар хурдацтай ядуучуудын эгнээнд шилжиж байгаа гэдгийг тэрбээр хэлж байсан. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг  Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон. Үлдсэн 9 хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Үүнээс үзэхэд, Засгийн газар нэг ёсондоо ядуурал 90 хувь хүрснийг цаагуураа хүлээн зөвшөөрснөөс  ялгаагүй болж байна. Тиймээс цаашид ажлын байрыг олноор бий болгодог боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Харамсалтай нь боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжих бодлого байхгүй, зээлийн өндөр хүү, татварын дарамт өндөр байгаагаас энэ салбар өндийж босохгүй байна. Жижиг, дунд үйлдвэрүүдээ бодитоор дэмжиж ачааллыг нь багасгамаар байна. Мөн НӨАТ-ын хэмжээг хоёр дахин бууруулах хэрэгтэй байна.

Татвар, төсвийн орлого өссөн дүнтэй харагдаж байгаа ч үүний дийлэнх хувийг НӨАТ-аас бүрдүүлдэг. Энэ бол манай төсвийн орлого гажуудчихсан буруу явж байгаагийн илэрхийлэл. Тиймээс иргэдийн хэрэглээ, амьжиргааг торгож, шийтгэж байгаа НӨАТ-ын орлого дээр улсын төсөв тогтож байгаа нь буруу. Засгийн газраас эдийн засаг сэргэж, төсвийн орлого өндөр байна гэж сонгууль дөхчихсөн учраас шоу хийж байна. Гэтэл бодит байдал дээр иргэдийн амьжиргаа хүнд байна. Тиймээс хэрэглээг урамшуулсан, ажлын байр олноор бий болгох салбаруудаа дэмжих хэрэгтэй ч сануулсан юм.

Эцэст нь, 2022 оны IV улирлын байдлаар Монгол Улсад нийт ажиллах хүчний оролцооны түвшин 59 хувьтай буюу 100 хүн тутмын 59 нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үзүүлэлт гарч ажилгүйдлийн түвшин 5.3 хувьд хүрсэн байна.  Харин дундаж цалингийн тухайд нэрлэсэн дүнгээрээ 1.8 сая төгрөг байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсдын 50 хүртэлх хувь нь 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа бол үлдсэн 50 хувь нь түүнээс дээш цалин авдаг гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байгаа иргэдийг салбараар нь аваад үзвэл олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн байгууллага, уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байгаа ажиллагсдын цалин бусад салбартай харьцуулахад өндөр буюу дөрвөн сая төгрөгөөс дээш байгаа аж.

Харин хамгийн бага цалинтай салбарын тухайд урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллаж байгаа ажиллагсдын цалин бага, сая орчим төгрөгийн цалин авдаг байна. Энэ  бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс өмнөх үнийн дүн гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй.

Ямартай ч иргэдийн орлого, ажилгүйдэл, үнийн өсөлтийн талаар энэ удаагийн сурвалжлагаараа хөндлөө. Эдийн засгийн өсөлт, инфляци буурсан үзүүлэлтийг иргэдийн халааснаас хайгаад нэмэргүй нь.  Иргэд үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийх сэхээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж