Анх ТӨХ-ны дарга асан Д.Сугар Японд эхнэрээ эмчлүүлэхдээ сүмогийн аварга Д.Дагвадоржийн тусламж, дэмжлэгийг хүртсэнийхээ хариуд Улсын циркийг үнэгүй шахуу өгсөн гэх шүүмжлэл тасардаггүй. Өнөөдрийг хүртэл улсын циркийг тойрсон хэрүүл тасрахгүй байна.
Циркийн байрыг нэхдэг, асуудаг цөөн хүмүүсийн нэг нь Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатар. Түүнийг саяхан нийслэлийн харьяа Улаанбаатар чуулгын даргаар томилогдсон тухай уран бүтээлчид хэлж байгаа юм.
Циркийн уран бүтээлчдийг төлөөлөн эсэргүүцлээ илэрхийлж байсан тэрбээр сүүлд ярилцлага өгөхдөө "Аса" циркээс хуучин байсан орон зайг нь томруулж, орчныг нь сайжруулахаа хэлж буй. Бид хийж байгаа ажлыг нь үгүйсгэж чадахгүй шүү дээ. Цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хүмүүс цирк үздэг байснаа дурсан ярихаас биш өнөө цагт Монголынхоо циркчдийн тоглолтыг хэзээ үзсэнээ ч санахаа больсон. Монгол Улсын циркийн уран бүтээлчид бэлтгэл сургууль хийх байргүйгээс хэдэн хэсэг болж хуваагдан, тарж бутраад олон жил болж буй. Учир нь Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан.
“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ”
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.
Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьж байлаа.
УЛСЫН ЦИРКТ ЖИЛДЭЭ 890 МЯНГАН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан.
Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш.
Холбоотой мэдээ