Нийгмийн сүлжээнд иргэд Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлж буй сэрэмжлүүлэг мессежийг улсын төсвөөр илгээдэг эсэхийг ихээр лавлажээ. Мөн урьдчилан сэргийлэх ажил нь үр дүнтэй байдаг эсэх нь иргэдийн сонирхлыг татаж буй. Тиймээс холбогдох газруудаас иргэдэд илгээж байгаа мессежийн талаар тодрууллаа.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий мэдээллийг тусгайлан бэлтгэж түгээдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд оператор компаниуд тус мессежийг илгээдэг. Сар болон улирал тутамд гэж тусгайлан тоо заадаггүй бөгөөд цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй нийтийг хамарсан үйл ажиллагааг нийгэмд сурталчлан таниулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мессеж явуулдаг.
Төсвийн мөнгө, үйл ажиллагааны зардалд дээрх сэрэмжлүүлэх, таниулах мэдээллийн зардал гэж огт тусгадаггүй. Зөвхөн үүрэн телефоны компаниудтай хамтарч ажиллах албан хүсэлт илгээж, түүний дараагаар иргэдэд мессеж илгээдэг.
Энэ ажлыг ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хариуцаж ажилладаг" гэсэн юм.
АТГ: ЦААШИД "Ш" АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ ГҮҮР БОЛНО
Харин Авлигатай тэмцэх газраас иргэд рүү илгээж байгаа "Шүгэл ажиллагаа: Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээний хүнд суртлын талаар АТГ 110, Засгийн газрын 11-11 дугаарын утсанд мэдээлнэ үү" гэх мэдээллийг тодруулахад мөн ижил хариулт өгөв. Тухайлбал, АТГ тус мессеж үйлчилгээнд ямар нэгэн төсөв тусгадаггүй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд мэдээллийг түгээж байгаа хэлбэр" гэлээ.
Мөн өнгөрсөн жилүүдэд ч иргэдэд АТГ мессеж мэдээлэл хүргэдэг байсан гэв.
Энэ нь шинэ зүйл биш бөгөөд иргэдээс гомдол мэдээлэл хүлээж авах утсанд ирэх дуудлагаар долоо хоног, сараар үр дүнтэй байгаа нь тогтоогдсон байна. АТГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс иргэдээс ирэх гомдол мэдээллийн дата мэдээллийг тодорхой хугацаанд харьцуулан үр дүнг хянадаг аж. Тиймээс иргэдэд хүргэх урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий мессеж мэдээллийг цаашид "Ш" ажиллагааны мэдээллээр үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ