Ши Жиньпиний засаглалыг хүчирхэгжүүлэх ШИНЭ ХҮЧ

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Ши Жиньпиний засаглалыг хүчирхэгжүүлэх ШИНЭ ХҮЧ

Ши Жиньпиний засаглалыг хүчирхэгжүүлэх ШИНЭ ХҮЧ

NEWS агентлаг энэ долоо хоногийн ХҮМҮҮС буландаа Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Циг онцолж байна. 


Хятадын дарга Ши Жиньпин гуравдугаар сард Москвад айлчлах үед түүнийг Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци дагалдаж явсан. Ши Жиньпин өнгөрсөн оны аравдугаар сард Улс төрийн товчооны долоон гишүүнээ зарлахад 66 настай Цай Ци энэ албан тушаалд томилогдсон юм. Долоон гишүүний гурав нь улиран сонгогдсон бол дөрөв нь шинэ хүн байсан. Цай Цигийн хувьд Ши Жиньпинтэй 20 гаруй жилийн өмнөөс харилцаа сайтай байсан бөгөөд түүнд асар их итгэл хүлээлгэж буйгаа харуулж, энэ албан тушаалд томилжээ. Цай Ци энэ албан тушаалаас өмнө Бээжин хотын Коммунист намын нарийн бичгийн даргаар тав дахь жилдээ ажиллаж байв.

Цай Ци намын үүрэгт ажлаас гадна Хятадын Коммунист намын ерөнхий газар, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны даргын албыг хашдаг. Түүнийг Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилсноор Ши Жиньпиний засаглал улам хүчирхэгжинэ гэх таамаглал бий.  Хятадын Коммунист намын ерөнхий газар нь тус улсын хамгийн хүчирхэг улс төрийн аппаратад тооцогдоно. Тийм ч учраас Цай Циг Мао Зэдуны үеэс хойших хамгийн өндөр албан тушаалтан гэж үзэж байна.

Хятадын Коммунист намын ерөнхий газар нь дээд удирдагчдын бичиг баримт, уулзалт, хувийн аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй, нөлөө бүхий байгууллага. Ши Жиньпин энэ байгууллагыг удирдах албан тушаалтнуудын гол тархи гэж 30 жилийн өмнө өргөмжилж байв.

“Цай Циг дэвшүүлсэн нь Ши Жиньпин намаа илүү сайн хянахын тулд эрх мэдлээ үргэлжлүүлэн төвлөрүүлж, боловсон хүчнээ илүү сайн дайчлах шаардлагатай байгааг илэрхийлнэ. Түүний ойрын хүрээлэл улам нягт болж байна” гэж Азийн Нийгэм бодлогын хүрээлэнгийн Хятадад дүн шинжилгээ хийх төвийн мэргэжилтэн Нейл Томас хэллээ.

Цай Ци 1955 онд Тайваньтай хамгийн ойр байдаг Фүжянь мужид төрж өссөн. Мөн мужийнхаа их сургуулийг улс төрийн эдийн засаг мэргэжлээр 1978 онд төгсөж байв. Хожим нь 1994-1997 онд төрөлх сургуульдаа магистрын зэрэг, 1999-2007 онд Фүжяний Багшийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан.

АЛБАН ТУШААЛЫН ШАТААР ЗОГСОЛТГҮЙ ӨГССӨН ЦАЙ ЦИ

Карьерынхаа эхэн үед тэр төрөлх муждаа төрийн болон намын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай. Тодруулбал, Тамгын газрын орлогч дарга, мужийн Намын нарийн бичгийн дарга зэрэг нөлөө бүхий албан тушаалд ажиллаж, хэд хэдэн удаа дэвшиж байв. Фүжяниас эхлээд Жөжян, Бээжинд ажиллаж байсан арвин туршлага түүнд бий.

1999 онд түүнийг Жөжян рүү шилжүүлсэн бөгөөд тус мужид Намын нарийн бичгийн даргын орлогч, хотын захирагчаар ажиллаж байжээ. Түүнийг Жөжян мужийн Тайжоу хотын намын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Ши Жиньпин мужийн намын нарийн бичгийн дарга байсан. Улмаар 2013 онд Жөжян мужийн гүйцэтгэх дэд захирагч болжээ.

Бээжин дэх түүний карьер 2014 оноос эхэлсэн. Түүнийг 2014 оны гуравдугаар сард Ши Жиньпиний удирддаг Үндэсний аюулгүй байдлын хорооны ерөнхий газрын орлогч даргаар томилжээ. Тухайн үед түүнийг “Шинэ Жөжяны арми” гэх бүлэг албан тушаалтнуудын тоонд багтааж байв. Энэ нь Жөжянд Ши Жиньпиний удирдлага дор ажиллаж байсан албан тушаалтнуудыг хэлдэг аж. Дараа нь 2016 онд Ван Аньшуны оронд Бээжин хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2017 онд Бээжингийн намын нарийн бичгийн даргаар томилогдсон. Бээжингийн намын нарийн бичгийн даргаар Цай Циг томилсон нь уламжлалыг эвдсэн явдал болжээ. Тэрбээр тухайн үед Төв хорооны гишүүн биш байсантай энэ нь холбоотой. Цай Циг ийнхүү уламжлал эвдэн томилсон нь Коммунист намын нэр хүндийг асар ихээр өсгөсөн гэдэг.

Намын нарийн бичгийн даргаар томилогдсоноос нэг сарын дараа буюу 2017 оны зургадугаар сард тэр 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах Бээжингийн хороон даргаар томилогдсон байна. Бээжин 2022 өвлийн олимпийн дараа түүнийг Олимпийн алтан одонгоор шагнажээ.

Цай Циг Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилж, өндөрт өргөсөн нь Ши Жиньпин залуу үедээ бүрэн итгэлгүй байгааг харуулна гэж ажиглагчид дүгнэж байна.

“Цай ийнхүү албан тушаал ахисан нь Ши Жиньпин улс төрийн товчооны доод түвшний хүмүүстээ харьцангуй итгэлгүй байгааг илтгэж байх магадлалтай. Ши Жиньпинтэй нягт хамтран ажиллаж байсан олон хүн хэдийнэ тэтгэвэртээ гарсан, зарим нь тэтгэвэртээ хэзээ мөдгүй гарах гэж байна. Сайн мэдэхгүй залуу албан тушаалтныг ийм эмзэг албан тушаалд томилохоос татгалзах нь зүйн хэрэг” гэж Венийн их сургуулийн багш Ли Лин хэлжээ.

ЦАЙ ЦИГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Тэрбээр цахим сүлжээг идэвхтэй ашигладагаараа, засаглалын уламжлалт бус хандлагатай гэдгээрээ алдартай. “Weibo” дээр тэр өөрийгөө “Большевик Цай Ци” гэж тодорхойлсон байдаг бөгөөд 10 сая гаруй дагагчтай. Түүнийг намынхан дотроо болон иргэдийн дунд нэр хүнд олохын тулд “Weibo” ашигладаг гэж олон хүн хэлдэг.

Ши Жиньпинийг тэр “Ши Дада”, “Босс Ши” гэх мэтээр цахим сүлжээнд дотночлон дууддаг. ОХУ, Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр тэр Ши Жиньпинтэй зэрэгцэж суусан. Өмнө нь иймэрхүү дээд хэмжээний уулзалтууд дээр Ван Хунин л Ши Жиньпиний дэргэд суудаг байв. Бусдыг нэг их магтдаггүй Ши Жиньпин олон удаа Цай Циг хүмүүсийн өмнө магтаж байжээ.

“Хэдүүлээ шилэн өрөөнд ажиллаж дасах хэрэгтэй байна. “Weibo” бол хүмүүс юу хүсч, юу бодож санаж явааг мэдэх боломж. Би үүгээр дамжуулан ард иргэд болон засгийн газар хоорондын үл ойлголцлыг шийдвэрлэж чаддаг” гэж Цай Ци хэлж байв.

Улсын орлогын ерөнхий газарт ажилладаг нэгэн ажилтны ээж 2013 оны есдүгээр сард өөрийн цахим хуудсандаа хүү нь ажлынхаа дарга нартай байнга архидан согтуурах болсныг бичжээ. “Энэ нь түүний эрүүл мэндэд нөлөөлж буй тул Жөжяны намын дарга Цай Ци та үүнд анхаарал хандуулна уу” гэж тэр ээж хүссэн байна. Маргааш нь Цай Ци түүнээс хүү нь аль хэлтэст ажилладагийг асуугаад, “Таны хүү одооноос эхлээд архи уухгүй” гэж олон нийтийн өмнө амласан байна.

Байнгын хорооны бусад олон гишүүнийн нэгэн адил Цай Ци нь Тайванийн үйл хэргийг сайн мэддэг. Энэ нь Тайваньтай ойр харилцаатай Жөжян мужаас гаралтай гэдэгтэй нь холбоотой. Хятад, Тайванийг нэгтгэх нь Ши Жиньпиний ирэх таван жилийн гол төлөвлөгөө учир Цай Циг ийн дэвшүүлсэн ч байж болох юм.

Эх сурвалж: SCMP, NIKKEI ASIA, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж