Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлж буй “Эрдэнэс Монгол” ХХК үр ашиггүй охин, хараат компани болон зарим шаардлагагүй ТУЗ-ийг татан буулгахаар болжээ. Тодруулбал, Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд үр ашиггүй, үйл ажиллагаа зогссон 6 компани, 1 төслийн нэгжийг татан буулгах юм байна. Харин ТУЗ-ийг нь татан буулгах боломжтой 8 компани байгаа талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр (2023.04.05) эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа хэлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор Эрдэнэс Монгол нэгдлийн компаниудыг Зэс, металлын групп болон Нүүрс, эрчим хүчний группийн зарчмаар ажиллуулахаар болсон. Эрдэнэс Монгол нэгдэлд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Эрдэнэс Баянбогд” ХХК багтаж буй юм.
“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ-уудыг нэгдэлд оруулж ирснээр нэгдлийн нийт орлого 5 дахин өсч, ирэх 2024 онд 30 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөжээ. Мөн нэгдлийн нийт баланс томорч, балансад өр төлбөрийн эзлэх хувь буурч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө 50 хувиар өссөн байна. Иймд 2024 онд орлого, ашгийн өсөлтөөс үүдэн 10 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ