НАТО Оросын хил дагуух хүрээгээ хоёр дахин тэлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

НАТО Оросын хил дагуух хүрээгээ хоёр дахин тэлэв

НАТО Оросын хил дагуух хүрээгээ хоёр дахин тэлэв

Финланд улс энэ долоо хоногийн эхээр Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнээр НАТО нь Оросын хилд хүрээгээ хоёр дахин тэллээ. Москва  хүйтэн дайны дараа НАТО-г зүүн зүг өргөжүүлэхгүй гэсэн амлалтыг барууны орны зөвлөлөөс авсан байв. Гэвч Орос улс өнгөрсөн оны хоёрдугаар сард хөрш Украинд довтолж, дайн эхлүүлснээс Финланд, Швед улсууд НАТО-д элсэх шалтгаан болсон. Орос-Украины дайн хөрш улсуудад айдас төрүүлсэн.

Түүнчлэн ОХУ нь 2014 онд Украины зүүн хэсэгт салан тусгаарлах бослого өдөөж, Крым хойгийг булааж авсных нь дараагаас НАТО ОХУ-тай түншлэх оролдлогоо бүрмөсөн орхисон. Тухайн үед “НАТО Оростой түншлэлийн харилцаа тогтоох гэж хоёр арван жилийн турш чармайлт тавиад, одоо эргээд өрсөлдөгчийн хувиар харьцах болох нь” хэмээн тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбов мэдэгдэж байв.

Финланд нь ОХУ-тай 1340 км газраар хиллэдэг бөгөөд өнгөрсөн тавдугаар сард НАТО-д элсэх өргөдлөө өгч, цэргийн эвслийн хамгаалалтыг хүссэн. Финландын хүсэлтийг хүлээн авахынхаа өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлсэн үгэндээ, хөрш Украинд довтолсонд нь Путинд талархах ганц зүйл нь энэ боллоо гэж мэдэгдсэн.
Финланд улсын тугийг НАТО-гийн төв байранд өргөх ёслол тус эвслийг байгуулсны 74 жилийн ойн өдөртэй давхацсан. НАТО нь 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд Вашингтоны гэрээгээр үүсгэн байгуулагдсан.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтөд ялагдсанаас хойш төвийг сахих бодлого баримталсаар ирсэн Финланд улс НАТО-д нэгдсэн нь Европын аюулгүй байдлын зураглалд түүхэн өөрчлөлт болов. Путины хувьд НАТО Оросын хилд хүрээгээ улам тэлсэн нь стратеги, улс төрийн том цохилт юм. Путин Украинд дайн эхлүүлсэн шалтгаанаа ч НАТО-гийн өргөжин тэлэлттэй холбодог ч өөрөө энэ үйл явдлыг хурдасгасан нь энэ.

Хариуд нь ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Финландын үйлдэл нь дэлхийн хамгийн тогтвортой бүс нутаг болох Хойд Европын суурь нөхцөл байдлыг өөрчилснийг онцолж, НАТО-гоос ямар зэвсэг тус улсад байршуулахаас шалтгаалан хариу арга хэмжээ авна гэсэн байна. Орос улсаас өнгөрсөн жил Украин руу дайрахынхаа өмнө аюулгүй байдлаар шалтаглан хилийн ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлж байсан.

Финландын үйлдлийг ОХУ аюулгүй байдлын заналхийлэл гэж нэрлээд "хариу арга хэмжээг авна" гэдгээ анхааруулсан. Тодруулбал, НАТО-гоос  31 дэх гишүүн орон руугаа нэмэлт цэрэг, техник илгээвэл Финландын ойролцоох хүчээ нэмэгдүүлнэ гэж анхааруулжээ.

НАТО-гийн зүгээс Финландын гишүүнчлэл Москвад заналхийлэл болохгүй гэж мэдэгдсэн. 

Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, Финландаас хүсэлт тавихгүй л бол цэрэг, техник илгээхгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр Финланд улс НАТО-д нэгдсэнээр "аюулгүй байдлын төмөр хамгаалалын баталгаатай" болсон гээд аливаа дайралтад өртвөл бүх гишүүн орнууд холбоотондоо туслах амлалтыг сануулжээ. Гэхдээ Финландад цэргийн сургуулилалтаа нэмэгдүүлэх боломжийг үгүйсгэсэн. 

Үүнтэй зэрэгцэн Финландын парламентын албан ёсны цахим хуудсууд халдлагад өртсөн бөгөөд Оросыг дэмжигч "NoName057" хакерын бүлэг үүнийг үйлдсэнээ хүлээсэн. Тэд Финландыг НАТО-д нэгдсэний хариуд ийм халдлага хийсэн гэжээ.

Швед улсын тухайд 200 гаруй жилийн турш ямарваа цэргийн эвсэлд нэгдэхээс зайлсхийж ирсэн. Гэвч Финландтай хамт Швед улс НАТО-д нэгдэх хүсэлтээ өгсөн. Гэхдээ Шведийн өргөдлийг батлах явц Турк, Унгар улсаас шалтгаалан удааширсан байгаа. Туркийн засгийн газар нь дээрх хоёр орныг Курдистаны ажилчны нам тэргүүтэй зэвсэгт бүлэглэлийн дайчдыг орогнуулж байна гэж буруутган эвсэлд нэгдэхийг нь эсэргүүцсэн. Энэ эсэргүүцлийг шийдвэрлэх зорилготойгоор Швед, Финланд, Турк улсууд өнгөрсөн онд гурвалсан хэлэлцээр байгуулжээ. Харин Унгар улс нь Европын холбооноос алсарч, ОХУ-ыг налсан бодлого баримтлах болсонтой холбоотойгоор НАТО-гийн гишүүн элсүүлэх явцад саад болж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж