
Нэг ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж шуугиан тарьж байсан үе манай эдийн засгийн түүхэнд бий. 2009 оны хавар гуравдугаар сарын 6-нд ам.долларын ханш ийм хэмжээнд хүрч төгрөг үнэгүйдэж байсан билээ. Төв банкнаас шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн 17 сарын турш ам.долларын ханш тогтвортой байсныг албаныхан ихэд хөөрөлхөн ярьдаг. Харин өчигдөр Монголбанкнаас тогтоосон ам.долларын албан ханш өчигдөр 1302.87 төгрөг байгаа ба ченжийн зах дээр 1294 төгрөгөөр аваад 1299 төгрөгөөр зарна гэсэн ханш тогтоод байна.
Валютын зах зээлд гарч буй өөрчлөлт нь манай эдийн засгийн байдлаас хамаараагүй гэнэ. Төв банкны мэргэжилтэн албан ёсны тайлбар хийхдээ, “Сүүлийн саруудад үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш алгуур чангарч байна. Энэ нь захын суурь үзүүлэлтүүдээс хамаарч байгаа. Түүнээс биш Монголбанкнаас төгрөгийн ханшийг чангаруулах болон сулруулах бодлого бариагүй. Валютын ханш буурах хандлагатай байгаа нь валютын орох урсгал нь гарах урсгалаасаа давуу байгаатай холбоотой” хэмээсэн юм.
Төгрөгийн ханш чангарна гэдэг иргэдийн худалдан авах чадвар сайжирна гэсэн үг. Бяцхан жишээ татахад, 100 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг 145 мянган төгрөгөөр авдаг байсан бол хэрэглэгч 130 мянган төгрөгөөр авдаг болно гэсэн үг. Төгрөгийн ханшийг оны эхэнтэй харьцуулахад, 10 орчим хувийн чангаралттай байгаа. Үндэсний валют чанга байх нь олон улсад ч нэр хүндтэй, үүнээс улбаалж хөрөнгө оруулагчдыг ч татаж болох юм. Харин нөгөө талаас төгрөг чангарах нь зарим нэг экспортын орлогыг бууруулж магадгүй гэсэн эдийн засагчдын байр суурь бий. Тэгэхдээ энэ нь уул уурхайн компаниудад хамаатай ба нийт 2.8 сая хүн амын эрх ашгийг хөндсөн хэрэг биш. Тэгэхээр төгрөгийн ханшийн чангаралтыг ура хашгиран хүлээн авъя.
Монголд уул уурхайг түшиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа. Үүнээс болж ам.долларын нийлүүлэлт, түүгээр илэрхийлэгдэх төлбөр тооцооноос авахуулаад Монголыг чиглэсэн ам.долларын урсгал ихэссээр. Ийм үед ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах нь таагүй мэдээ мэт харагдавч манай улсын экспортолж буй бүтээгдэхүүний тоо хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Олборлосон алт, нүүрсээ экспортлоход валютын ханшийн энэ өөрчлөлт төдийлөн нөлөөлөхгүй ажээ. Манай улсад эхний хагас жилийн байдлаар 600 сая ам.доллар орж иржээ. Мөн Монголбанкны гадаад валютын нөөц нэг тэрбум 300 сая ам.доллар байна.
Төв банкнаас долоо хоногт хоёр удаа явуулдаг валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирсэн саналыг 100 хувь хүлээн авч, тэдний бүх ам.долларыг Монголбанк худалдан авсан юм. Энэ долоо хоногт гэхэд Төв банк арилжааны банкуудаас 66.1 сая ам.доллар худалдан авчээ. Үүнийг Монголбанк валютын орох урсгал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш, баримталж буй мөнгөний болон валютын бодлого, зэргийг харгалзан валютын дуудлага худалдааны шийдвэрийг гаргасан болно хэмээн тайлбарлалаа. Энэ дашрамд инфляци мөн хэрхэн нөлөөлөхийг тандъя. Монголбанкнаас гаргасан мэдээгээр 8.8 хувь байгаа ба цаашид Засгийн газраас олгож буй бэлэн мөнгө, ирэх аравдугаар сард нэмэгдэх төрийн албан хаагчдын цалингаас үүдэж улам нэмэгдэж болзошгүй байгаа. Мөн Төв банк арилжааны банкуудаас ам.доллар худалдан авах замаар зах зээлд гаргаж буй төгрөг инфляцийг хөөрөгдөнө. Харин төгрөгийн чангаралт өсөн нэмэгдэх инфляцийг чөдөрлөх тустай талаар мэргэжилтнүүд ярьж байна. Энэ талаар Монголын Санхүүгийн Зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригийг саналыг сонслоо.
-Би эдийн засагч хүнийхээ хувьд төгрөгийн ханшийг чангарах нь зөв гэж үзэж байгаа. Иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Мэдээж сөрөг талууд бий, гэхдээ төгрөгийн чангаралтын сайн муу талуудыг жагсаавал сайн тал нь давамгайлна гэсэн юм.
Сүүлийн үед зөвхөн ам.доллар ч биш бусад валютуудын ханш ч мөн буураад байгаа. Бусад орны мөнгөн тэмдэгтүүдийн ханш буурч, төгрөг огцом чангарч байгаа нь баярламаар мэдээ мөн үү. Төгрөгийн ханшийн огцом чангаралт бидэнд ямар үр дүн авчирч сөрөг үр дагавар дагуулах бол. Тэгэхээр гадаад валют, ялангуяа ам.доллараар манай дансанд ордог орлогуудыг сонирхох болох нь.
Манай гадаад худалдаа хоёр хөршдөө суурилдаг. Тэгэхээр энэ хоёр улсын мөнгөн тэмдэгт, эдийн засгийн байдал манайд ихээхэн хамаатай гэсэн үг. БНХАУ өнгөрсөн зун ам.долларын эсрэг уясан ханшаа уян хатан болгох чухал алхам хийсэн. Тиймээс дэлхий нийтээр юанийн ханшийг чангарна гэсэн хүлээлттэй байгаа. Манай экспортын орлого юаниар орох нь бий. Гадаад худалдааны төлбөр тооцооны 25 хувийг энэ улсын валют эзэлдэг болохоор ямарваа нэг хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Тэгэхээр юанийн ханш чангарвал манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ, харин суларснаар орлого буурах сөрөг үр дагавар авчрах нь. Юутай ч Хятад төлөвлөгөөт эдийн засагтай тул ханш нь хамаагүй савлахгүй байх гэсэн найдлага манайханд байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр юанийн ханш бусад валютын эсрэг мэдэгдэхүйц хэмжээгээр тогтвортой өсч буйг тус улсын Ардын банкны албаны хүн мэдэгдсэн байна. Ам.долларын эсрэг чангарч буй нь тус улсын экспортын өсөлтийг урагшлуулсан гэнэ. Харин Монголд эсрэгээрээ. Өчигдрийн байдлаар тус улсын валютын төгрөгийн эсрэг албан ханш 191.14 төгрөг болон буурсан байсан ба ченжийн зах дээр 190.50 төгрөгөөр аваад 191.50-иар зарна гэжээ.
ОХУ-ын рубль төгрөгийн эсрэг ямар үнэтэй байгааг сонирхуулъя. Албан ханш 42.22 төгрөг байгаа бол валютын захын ханш 40.8 төгрөгөөр аваад, 41.2-оор авна гэжээ. Энэ нь ердийн үнээсээ таван төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Рубль мөн ханш нь суларч буй валютад багтаж буй. Сүүлийн үед Оросын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа ба тус улсын өрийг ДНБ-тэй нь харьцуулвал их бага гэнэ. Товчхондоо, орос ах нар өртэй гэхээс илүү авлага аж. Ийм тохиолдолд мөнгөнийх нь ханш хамаагүй савладаггүй гэсэн эдийн засагчдын туршлага байна. ОХУ-ын энэ байдал манайд бас эерэг байна гэж тэд үзэж байна.
Б.БЯМБАА