“Шувуу”-гаар саатуулагдсан Т.Бадамжунай гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

“Шувуу”-гаар саатуулагдсан Т.Бадамжунай гэж хэн бэ?

“Шувуу”-гаар саатуулагдсан Т.Бадамжунай гэж хэн бэ?

Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдаж, Монголд ирээд байгаа Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай бол цагтаа МАН дотроо Ц.Нямдоржоос ч том, С.Баяр, Н.Энхбаяр нарыг ч айлгадаг нөлөөтэй улстөрч явсан гэх нь бий.

МАН-аас УИХ-ын сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг өнжөөх, хэнийг зайлуулах вэ гэдэг төлөвлөгөө Т.Бадамжунайгийн гараар боловсруулагддаг , тэр байтугай Засгийн газрын танхимд хэн сайдын алба хаших зураглалыг ч гаргаж ирсэн тухай сонсогддог. Хамгийн сүүлд түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрсийг гаргасан гэх яриа бий.

МАН 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, гудамжинд гарахад ч  намдаа гүйцэтгэх үүрэг нь суларсангүй, бүр ч идэвхжсэн байдаг. Улс төрд мөр ч үгүй явсан Ж.Мөнхбатыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, цаашлаад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудалд хүргэсэн хүн бол Т.Бадамжунай.  Учир нь, хоёр ч сонгуульд дараалан ялагдсан МАН удирдлагууддаа хариуцлага тооцон, шинэ дарга тодруулахаар Их хурлаа зарлан хуралдуулахад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар нар өрсөлдсөн юм. Уг өрсөлдөөнд Ж.Мөнхбат ялалт байгуулж, Ж.Сүхбаатар ялагдсан.  Өрсөлдөөн шударга бус болсныг Ж.Сүхбаатар эгдүүцэж, “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтнүүд.  Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж нүүр номоороо дамжуулан “жиргэсэн” нь олон жилийн туршид яригдсан ч хуулийнханд гавлуулаагүй Т.Бадамжунайд хариуцлага хэзээ тооцож, авлигатай тэмцэх вэ гэдэг асуудал хөндөхөд хүргэсэн.  Гэвч тухайн үед Авлигатай тэмцэх газар /АТГ/ хөдлөөгүй.  Харин Ж.Сүхбаатар МАН-аас явж, Н.Энхбаярын байгуулсан МАХН-д элссэн түүхтэй.

Т.Бадамжунай нь Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч, Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээврийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгсч, ажлын гараагаа  Ачаа тээврийн удирдах газарт диспетчерээр эхлүүлж байсан ч дарга нь болсон. 1996-2000 онд “Меркури” группын дэд ерөнхийлөгч хийж байгаад Улаанбаатар хотын ерөнхий менежер болжээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежерээс МАН-ын сонгуулийн менежер, төрийн хүний нөөцийн менежер болтлоо нөлөөгөө томсгосон тэрбээр Архангай аймгийн угшилтай ч УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцад харьяалагдаж байв.

М.Энхболд унасан, мандсан ямар ч цаг үед тэрбээр гол ажлыг нь гардаж ирсэн. Тухайлбал, 2007 оны арваннэгдүгээр сард М.Энхболдын Засгийн газар унаж, С.Баяр Засгийн газраа байгуулахад хотын фракцаасаа гишүүдээ танхимд үлдээх тохироо хийж байсан хүн нь Т.Бадамжунайг гэдэг. Харин Ерөнхий сайд асан С.Баяр 2008 оны есдүгээр сард Засгийн газраа байгуулахдаа Т.Бадамжунайг Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлж, томилуулж байв. Энэ үед хөдөө аж ахуйн салбарт хийсэн хамгийн том ажил  нь Атрын гуравдугаар аян болж, импортын гурилаар 100 хувь хараат байсан Монгол Улс хэрэгцээгээ дотоодоос хангах боломж бүрдсэн юм.

Харин 2007 онд “Хадгаламж” банкнаас дутсан 14 тэрбум төгрөгөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Т.Бадамжунай, тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн нар казино тоглосон хэрэг мандаж, шүүхээр дэнслүүлэхэд ялгүй үлдэх ажлыг хийсэн хүнээр тэр л нэрлэгддэг. Энэ хэргийн хариуцлагыг зөвхөн Ц.Чимэдцэрэн үүрсэн юм.

Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй өрөнд баригдсан байсан МАН-ыг 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах гол ажлыг нугалж, санхүүжилт босгосон хүн нь Т.Бадамжунай гэлцэх нь бий. Гэвч Засгийн газарт орж ажиллаагүй, далдаас томилгоонд оролцон, менежерийн ажлаа гүйцэтгэсэн байдаг.

Хуулийн салбарт ч хүнээ шургуулсан мафийн толгойлогчоор нэрлэгдэж ирсэн түүнийг 2018 оны арванхоёрдугаар сард  УАЗ-469 машинаар Эрээн рүү гараад эргэн ирээгүй тухай дуулиан дэгдсэнээр АТГ түүнд зугтах боломж олгов уу гэх хардлага ч дагасан. Харин өнөөдөр АТГ-ын дарга З.Дашдаваа “Шувуу ажиллагааны хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авч ирж байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан. Өнөөдрөөс яллагдагчаар татаад мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа” гэж мэдэгдсэн юм.

МАН-аас төрсөн олон лидерүүдийн сайн, муу “хэрэг”-үүдийг хамгийн сайн мэдэх Т.Бадамжунайг Монголд авч ирсэн нь Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд эхлүүлж буй авлигатай тэмцэх том ажлын эхлэл үү, эсвэл шоу драмынх нь нэг хэсэг байсан уу гэдэг нь цаг хугацааны асуудал болж хувирч байна.

Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тайлбараар бол Т.Бадамжунайд Монголд ирэх хүсэл байж, түүнийг нь Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд гүйцээж, ёсоор болгож өглөө.

Харин тэр Засгийн газрын тэргүүний хүсч буй “Зэс” бүлэглэлийг илрүүлэхэд хуулийнханд дэмжлэг болж чадах уу, эсвэл бүлэглэлийнхнээ хамгаалаад ганцаараа хэрэг үүрэх үү гэдэг нь хамгийн их анхаарал татах бас нэг асуудал юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж