Ж. Гарьд /Евро Экзим Банк – Худалдааны санхүүжилтийн зөвлөх /
– ОПЕК: Юу болоод байна, газрын тосны үнэд юу болоод байна?
– Дэлхийн томоохон нефтийн экспортлогч хэд хэдэн улс олборлолтоо бууруулж байгаагаа зарласан нь түүхий нефтийн үнийг огцом өсгөжээ. Саудын Араб, Ирак болон Персийн булангийн хэд хэдэн улс хамтран өдөрт нэг сая баррелиар газрын тосны нийлүүлэлтээ бууруулж байгаа бол ОПЕК+ бүлгийн гишүүн Орос улс нь он дуусахаас өмнө өдөрт хагас сая баррелиар бууруулах төлөвтэй байна.
– ОПЕК+ гэж юу вэ?
-ОПЕК+ бол газрын тос экспортлогч 23 орны нэгдэл бөгөөд дэлхийн зах зээлд хэдий хэмжээний түүхий нефтээ борлуулахаа шийдэхээр тогтмол хуралддаг байна. Энэ бүлгийн цөм нь ОПЕК-ийн (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) 13 гишүүн бөгөөд гол төлөв Ойрхи Дорнод болон Африкийн орнууд юм. ОПЕК нь 1960 онд дэлхийн нефтийн нийлүүлэлт ба түүний үнийг тогтоох зорилгоор байгуулагдсан.
Өнөөдөр ОПЕК-ийн орнууд дэлхийн түүхий нефтийн 30 орчим хувийг үйлдвэрлэдэг. Саудын Араб нь ОПЕК-ийн хамгийн том газрын тос олборлогч бөгөөд өдөрт 10 сая баррель нефть олборлодог.
2016 онд нефтийн үнэ маш хямд байх үед ОПЕК бусад 10 газрын тос үйлдвэрлэгчтэй нэгдэн ОПЕК+ -ийг байгуулсан.
Эдгээр шинэ гишүүн орнуудад өдөрт 10 сая гаруй баррель олборлодог Орос улс багтаж байна. Эдгээр улсууд хамтдаа дэлхийн нийт түүхий нефтийн 40 орчим хувийг үйлдвэрлэдэг. ОПЕК+ нь зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд эрэлт нийлүүлэлтийг тохируулдаг. Тэд газрын тосны эрэлт буурах үед нийлүүлэлтийг бууруулж үнийг өндөр байлгадаг. Мөн тус байгууллага зах зээл дээр илүү их газрын тос гаргах замаар үнийг бууруулж чаддаг.
– ОПЕК+ нь яагаад газрын тосны олборлолтоо бууруулж байна вэ?
-Хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард өдөрт 2 сая баррелиар буурсны дараа өдөрт 1.16 сая баррелиар буурсан байна. Энэ нь олон улсын бирж дээр газрын тосны үнэ даруй таван хувиар өсөхөд хүргэсэн. 2020 онд тус групп Ковид-19 тахлын эсрэг хариу болгож олборлолтоо өдөрт 9 сая гаруй баррлаар бууруулсан. Улс орнууд хөл хорио тогтоох үед түүхий нефтийн үнэ худалдан авагчгүйн улмаас буурчээ.
Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа баррель нь 130 ам.доллар давж байсан бол энэ оны 3- р сар гэхэд сүүлийн 15 сарын доод цэгтээ хүрч, баррель нь 70 ам.доллараас арай л давжээ. Нефтийн үнийн өсөлт дэлхий даяар бензиний үнийг дахин өсгөж, амьжиргааны өртөгт илүү их дарамт учруулж болзошгүй байна.
– Оросын газрын тосны хувьд юу болж байна вэ?
– Орос Украинд довтолсоны дараа Европын холбооны орнууд далайн тээврээр тээвэрлэж буй Оросын бүх нефтийг импортлохоо зогсоож, АНУ болон Их Британи зэрэг орнууд худалдаж авахаа бүрэн зогсоосон. Барууны Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээнд нэгдээгүй Энэтхэг, Хятад руу Орос одоо газрын тосоо их хэмжээгээр экспортолж байна. Гэвч “G7” (Их долоо) бүлгийн орнууд экспортолж буй газрын тосныхоо баррель тутамд 60 ам.долларын үнийн дээд хязгаар тогтоосноор Оросын нефтийн орлогыг бага байлгасаар байгаа.
Холбоотой мэдээ