Ардчилсан намын бүлгээс Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Иргэдийн бүртгэл, мэдээлэл замбараагүй байна гэдэг бол цаана нь сонгууль будлиантуулах нөхцөл үүсч байна. Тийм учраас сонгуулийн хар машинд итгэл төрөхгүй байгаа. Тиймээс энэ бүхнийг хаасан процессын шинжтэй заалтууд оруулсан. Мөн Сонгогчийн бүртгэл, хяналтын дэд хороо УИХ-д бий. Энэ дэд хорооны удирдлагыг сөрөг хүчний төлөөллөөс хийх ёстой гэх мэт олон зүйлүүд тусгасан. Яагаад холимог тогтолцоонд шилжих ёстой талаар хоёр тоо хэлье. Сүүлийн хоёр сонгуулийн дүнг харахад 2016 онд МАН сонгуульд оролцсон нийт иргэдийн 46 хувийн санал, нийт хүн амын 30 гаруй хувийн санал авсан. Ийм нам УИХ-ын 76 суудлаас 65 суудлыг нь авч байсан. 2020 онд иргэдээс 44.5 хувийн санал авчихаад УИХ-ын 62 суудал авсан. Энэ бол сонгуулийн тогтолцоо, Сонгуулийн хуулийн гажигаас болж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг зарчмын хувьд холимог тогтолцоотой байхыг дэмжиж байгаа хэдий ч зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн учраас тусдаа хуулийн төсөл өргөн барьж байна. УИХ-ын нэгдсэн чуулган болоод байнгын хороодын хэлэлцүүлгээр хэлцүүлнэ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сонгууль болохоос жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой. Үндсэн хууль баталснаас хойш 32 жил өнгөрөхөд УИХ-ын найман удаагийн сонгууль явагдсан байна. Нэг удаагийн сонгуулиа холимог тогтолцоогоор явуулсан. Бусад үед иргэдийн санал гээгддэг, тэр бүр тусгагддагүй мажоритор тогтолцоогоор явуулж ирлээ. Иймээс улс төрийн намууд төлөвшдөггүй, иргэдийн хувьд ажтлгүйдэл, ядуурал нэмэгдэж, мөнгөний сонгууль явуулсаар ирсэн. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 гаруй мянган иргэдийн саналыг гээгдүүлсээр ирсэн. Тийм учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн нэг хүйсийн төлөөллийн квот 40 хувиас багагүй байх асуудлыг тусгасан. Монгол Улс өргөн уудам нутагтай. Тиймээс тойрог болон намын жагсаалтын харьцаа 38:38 байх нь зохисгүй. Харин 48:28 байх нь зүйтэй гэж үзэж байна.
Холбоотой мэдээ