Улаанбаатарын хаврын орой

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын хаврын орой

Улаанбаатарын хаврын орой

Оройн 20:00 цагт нар жаргахтай зэрэгцэн шөнийн Улаанбаатар гэрлээ асаажээ. Гэрийн зүг яарсан хүмүүсийн хөлд гудамж талбай хэдийнээ дарагдана. Өдрийн болсон сонирхолтой, гунигтай үйл явдлуудын талаар хоорондоо ярилцан түргэн түргэн алхана. Автобусны буудлын саарал бүхээгт автобус хүлээж буй аниргүй хүмүүсээр дүүрэн. Хүн хөдөлгөөн их боловч намуухан. Залуучууд дийлэнх нь чихэвч зүүсэн бол настай хүмүүс хаа нэг тийшээ харан бодолд автан зогсоно. Сандал дээр суун, зүүрмэглэн буй өсвөр насны охин “автобус ирчихлээ” гэх дуунд цочин сэрж, бусадтай чихэлдэн автобус руу явж орлоо. Дийлэнх нь энэ автобусыг хүлээж байсан мэт багтаж ядан чихэлдэнэ. Карт уншуулж, бэлэн мөнгө өгөхийн хажуугаар төлбөрөө төлөлгүй чихэлдэн орох хүмүүс цөөнгүй. “Хөөе мөнгөө өгөөч ээ” гэх жолоочийн шаардлагад хэн ч хариулсангүй. Жолооч бухимдангүй хаалгаа хаан явж одлоо.

Хүнсний дэлгүүрүүдэд урт дараалал үүсэж ачаалал ихтэй харагдана. Худалдан авагчдын дийлэнх нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах боловч түүнээс дутахааргүй архи согтууруулах ундаа эрэлттэй байлаа. Улаан малгайтай цамц өмссөн ахимаг насны эмэгтэй урагдаж сэмэрсэн 10 мянган төгрөг сарвайж архи авахыг хүсэхэд худалдагч түүнийг үл анзаарна. 23:00 цагт ихэнх цайны газрууд хаалгаа барьжээ. Зөрөлдөн өнгөрөх хүмүүсийн тоо хэдийнээ багасаж, түгжрэлгүй замаар машинууд салхи татуулан зөрж одно. Бага зэргийн салхи сэвэлзэн хүйтэн агаар үлээнэ. Хаа нэг согтуу хүмүүс тааралдан чангаар орилж, уйлж, дуулж намуун байдлыг эвдэнэ. Ганц, хоёроороо удаан алхах хүмүүсээр Улаанбаатар хот шөнийн хөдөлгөөнд оржээ.

Сансарын туннелиэр дээш эргэн алхах зуур “Би зуун хувь өөртөө итгэлтэй” гэх нарийн хоолой караокены цонхоор сонсогдоно. Хүчтэй дуу хөгжим энд тэнд цуурайтаж, хөл хөдөлгөөн ч ширүүхэн харагдана. "Night club" гэсэн бичиг өнгө өнгийн гэрлээр анивчин асаж, дараалан байршжээ. Үүдэнд нь хэсэг залуус тамхи татан хуучилж, шүлсээ хаян зогсоно. Хажуухан талд нь шорлог зарах агаад “Нэгийн үнээр хоёрыг аваарай” гэж чангаар орилно. Таксинууд дараалан зогсож такси авах эсэхийг дахин дахин лавлан асууна. Хүмүүс нэг хоёроороо баар, караокеноос гарч явцгаана.  Мөн төдий хэмжээний хүмүүс зөрж орно.

Замын уулзварууд дээр цагдаа зогсож жолооч нарыг архи согтууруулах ундаа уусан эсэхийг шалгаж байв. Шөнийн 02.00 цагийн үед 11 хүн согтуугаар жолоо барьж байгаад саатуулагдаад байгаа тухай замын цагдаа мэдээллээ. Шөнийн 03.00 цагт нэгийгээ угз татан чирсээр баарнаас гарч ирсэн хоёр залуу тамхи татан хаалга налан зогсоно. Тэд хэдийнээ согтжээ. Хаалгаар орж, гарах хүмүүс тэднийг түлхэн зай барьж зөрж орно. Эмэгтэйчүүд тод өнгийн задгай хувцас сонгож өмссөн бол залуучууд голдуу хар бараан өнгийн малгайтай цамц өмссөн байх нь элбэг. Согтуудаа юу хийж байгаагаа үл мэдэх согтуу залуус хашлага бараадан ээлжлэн шээх нь түгээмэл харагдлаа. Цонх хагарах чимээтэй давхцан хэсэг залуус бие биеэ заамдан үгийн зөрүүгүй хэд хэд хүчтэй цохиод авлаа. Хажууд байсан хүмүүс нь орилж сандралдан “салгаач ээ” хэмээн орилолдох боловч бусдын хэрэгт орооцолдохыг хүсээгүй бололтой. Тамхилж байсан залуус буцаад яваад орчихлоо. Хүчтэй цохисноос болж нүд нь хавдаж хувцас нь урагдсан залуус хараалын үг урсгаж бие бие рүүгээ дайрч давшилна. Удалгүй цагдаа ирж тэднийг салгах боловч эрүүлжүүлэх рүү авч явсангүй. Нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гэсэн амлалт аваад явлаа. Түрүүхэн зодолдож байсан залуус буцаж ороод бүжиглэж байх нь тун сонирхолтой. Шөнийн 04.00 цаг шөнийн цэнгээний газар хаалгаа барилаа. Увж цувж явсаар үлдсэн залуус хаалга барихтай зэрэгцэн гарч одно. Улаанбаатар хаа нэг зөрж өнгөрөх машин, сэлүүхэн гудамж , сэрүүн салхинаас өөр анир үгүй.

Д.Нямхүү, Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж