Иргэн Д.Монголхүүг цагдан хорьсонтой холбогдуулан өнөөдөр /2023.04.05/ түүний өмгөөлөгч болон гэр бүлээс мэдээлэл хийж байна.
Өмгөөлөгч Б.БАЯРАА:
-Иргэн Д.Монголхүүд холбогдох эрүүгийн хэргийн талаар эхний ээлжид мэдээлэл өгөх нь зүйтэй. Түүнийг анх төв талбайд жагсаал хийж байх үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар зорчих эрхийг нь нэг жил хязгаарлах арга хэмжээ авсан. Тухайн үед Д.Монголхүү жагсаалд үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор төв талбай руу хүүхдийн гутал оруулах гэсэн ч цагдаагийн алба хаагчид хууль бус шаардлага тавьсан. Үүнээс болж маргаан үүссэн. Тухайлбал, тэр үед иргэний биед халдсан, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарласан, иргэн Д.Монголхүүгийн биед халдсан цагдаа нарт хариуцлага тооцоогүй. Харин Д.Монголхүүд цагдаагийн биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мэдээж шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж байсан ч шийдвэр гарсан учир хэрэгжүүлэхээс өөр аргагүй учир Д.Монголхүү зорчих эрхээ хязгаарлуулж, цахим гав зүүж байсан.
Харамсалтай нь түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн гэж үзээд хорих шийдвэр гаргалаа. 2020 онд эгэмний хагалгаанд орж байсан. Цагдаад баривчлагдах үедээ тус гэмтэл сэдэрч Гэмтэл согог судлалын үндэсний төвд дахин үзүүлэх шаардлага үүсч прокуророос зөвшөөрөл хүссэн. Гэвч прокурор түүнд нэг хоногийн зөвшөөрөл олгосон байдаг юм. Тухайн үед ГССҮТ-рүү яваад буцах замдаа маршрут зөрчсөн гэж үзэж эхний зөрчлийг тооцсон.
Эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч байгаа хүнд зорчих замын маршрутыг холоор тойрч явахаар гаргаж өгсөн. Сансрын тунелд байдаг түүнийг Нарны замаар ГССҮТ явах маршрут гаргасан. Улмаар иргэн Д.Монголхүү харихдаа гудамж зөрчсөн гэж үзэж түүнийг ял зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнийг зөрчил гэж үзэхэд хүндрэлтэй. Ирсэн замаар буцаж яваагүйгээс ял оноох нь байж болзошгүй үзэгдэл. Үүгээр шалтаглаж, иргэнийг хорьж байгаад харамсч байна. Хууль хяналтын байгууллага, төр иргэнийг хаана хазгай гишгэхийг байнга хянана гэдэг утгагүй.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд худал мэдээлэл тарааж Д.Монголхүүг ГССҮТ-д очоогүй гэх ярилцлага гаргасан нь хууль.
Шүүх хэт нэг талыг баримталж, ташаа мэдээллийг санаатайгаар түгээж байна. Цагдаагийн байгууллага үзэмжээр цагдан хорих эсэхийг шийддэг боллоо.
Д.Монголхүүгийн эгч Д.ЭРДЭНЭСУВД:
-Хууль хяналтын байгууллага илтэд санаатайгаар иргэнд ял оноож болохгүй. Д.Монголхүү гэрээсээ гарч, прокурорын байгууллагаас зөвшөөрөл явж ГССҮТ-д очиж үзүүлсэн. Цахим гаваар тогтмол хянаж байж илтэд гүтгэж, нэг талыг баримталсан мэдээллээр иргэнийг хорино гэдэг утгагүй. Тиймээс бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.
Холбоотой мэдээ