ОХУ: Украин үнэн алдартны сүмийг хавчин шахаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

ОХУ: Украин үнэн алдартны сүмийг хавчин шахаж байна

ОХУ: Украин үнэн алдартны сүмийг хавчин шахаж байна

Үнэн алдартны сүмийн лам нарыг баривчлах, нэгжих, байцаах, сэтгэл зүйн элдэв дарамт шахалтыг Украин үзүүлж байна. Сүм хийдүүдийг хүчээр эзлэн авах, тэр дундаа зохиомлоор хагалан бутаргасны үндсэн дээр бий болгосон раскольник «Украины үнэн алдартны сүм» гэгчид «сайн дураар нэгтгэх» хэлбэрээр лам нарын холбоодыг татан буулгах тохиолдлууд улам бүр нэмэгдэж байна. Украин үнэн алдартны сүмийн 10 санваартны эсрэг өмч хөрөнгөө хөдөлгөх эрхийг нь хаасан «хориг арга хэмжээ» авсан бөгөөд хэд хэдэн санваартныг иргэний харьяаллаас нь хассан. Украин үнэн алдартны сүмийг өмч хөрөнгөнөөс нь салгаж, Украины нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглох зорилготой хуулийн төслүүдийг Дээд Радад өргөн барив. Энэ бүх ажиллагаа нь өндөр албан тушаалтай улстөрчид болон төрийн албан хаагчдын оролцоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явагдаж буй гүтгэн доромжлох кампанит ажиллагаатай зэрэг явагдаж байна.

3-р сарын сүүл болон 4-р сарын эхний өдрүүдэд Украин дахь үнэн алдартны шашны хамгийн чухал ариун газар болох Киев-Печерскийн Лавра сүмийг булаан эзлэх кампанит ажиллагаа шийдвэрлэх шатандаа орсон. Энэ оны 4-р сарын 1-нд уг сүмийн хамба лам метрополит Павлыг гэрийн хорионд оруулж, дээрэлхэв. Киев-Печерскийн Лавра нь энгийн нэгэн хийд биш. Уг хийд нь эртний Орос улсын хамгийн хуучин Лавр хийдүүдийн нэг бөгөөд каноник үнэн алдартны шашны төв юм.

Итгэгчдийн хүслийг үл ойшоон Киевийн эрх баригчид хийдийг салан тусгаарлагдсан раскольникуудад өгөв. Түүгээр үл барам Украины эрх баригчид сүм хийдүүдийг тонон дээрэмдсэн гэх хэргээр лам хуврагуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн заналхийлж байна. Хоёр дахь том хийд болох Почаев Лаврын лам нарыг үүний адил мөн хавчин хөөхөд бэлдэж байна. Энэ бүхнийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн шууд болон олон нийтийн өмнө илэрхийлсэн зөвшөөрлийн дагуу үйлдэж байна. Христийн шашны гол баяр болох Улаан өндөгний баярын өмнөхөн лам хуврагууд болон итгэгчдийн эсрэг явуулж буй уг кампанит ажиллагаа эрчимжсэн нь эдгээр үйлдлүүд нь ямар айхтар доромжлол болохыг улам бататгаж байна.

Ийнхүү үйлдлээрээ Киевийн дэглэм нь хүний шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын өргөн хүрээний баримт бичгүүдийг зөрчиж байна. Энд НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Шашин шүтлэг, итгэл үнэмшлээр нь үл тэвчих, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенци, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын тухайн чиглэлийн үүрэг зэрэг олон олон бичиг баримтуудыг дурдаж болно.

Шашин шүтэх эрх чөлөө ийм илт, илэн далангүй зөрчигдөж байгаа явдал нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын гадна үлдэх ёсгүй. Энэ оны 3-р сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын нэрийн өмнөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга К.Короси, ЕАБХАБ-ын дарга Б.Османи, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмидтэд албан тоотууд илгээв. Эдгээр захидлуудад Киевийн дэглэмийн зүгээс Украин үнэн алдартны сүмийн эсрэг хэрэгжүүлж буй хууль бус үйлдлүүдийг буруушааж, мөн эдгээр үйлдлүүдэд зарчмын үнэлгээ өгөхийг хүссэн. Олон улсын байгууллагын удирдагчдын зүгээс шийдвэртэй хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь маш тодорхой хариулт юм.

Киев-Печерскийн Лаврыг булаан эзэлсэн нь одоогийн Киевийн эрх баригчдын үйлдэл нь хууль зүйн үүднээс бол хууль бус, харин сүнслэг оюун санааны үүднээс бол ёс суртахуунгүй үйлдэл юм. Энэхүү үйлдэл нь хүний эрх, хүсэл эрмэлзлийг, хамгийн чухал нь Украины иргэдийн эрх, хүсэл эрмэлзлийг үл тоомсорлоход бэлэн байгаа Киевийн дэглэмийн гэмт шинж чанарыг түүний бусад олон алхмуудыг бодвол илүү тод нотолж байна.

Эх сурвалж: ОХУлсын элчин сайдын яам
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж