Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй гишүүд УИХ-ын даргад өргөн барьлаа. Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-МАН-аас гурав, Ардчилсан намаас хоёр, ХҮН намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж, бүгд санал нэгдсэн. Сонгууль дахь мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Аль болох хүний санал УИХ-ын гишүүний суудлын тоон дээр заавал тусгалаа олох манайд хамгийн сайн тохирох хувилбарыг холимог тогтолцоог сонгон авч хуулийн төслөө өргөн мэдүүллээ. Мажоритар тогтолцооны хувьд “Иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлдчихлээ” гэж хамгийн их шүүмжлэл хүлээдэг. Нийт иргэдийн 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-ын 70-80 хувийг бүрдүүлж байгаа нь нийгмийн шударга ёс талаасаа байж болшгүй зүйл. Хоёрдугаарт нийгмийн бүхий л давхрагын төлөөлөл, хүсэл эрмэлзэл УИХ дээр тусгалаа олохгүй байна гэдэг асуудлыг олон жил яригдсан. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг бодоогүй. Үндсэн хууль батлагдсанаас хойшхи УИХ-ын сонгуулиудын дүн, түүний үр дүн, нийгэм улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурь, сонгогчдын хүсэл эрмэлзэлийг хамтатгаж нэгтгээд уг хуулийн төслийг болрвсруулан оруулж ирсэн. Одоо УИХ-ын холбогдох бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж, сонгууль эхлэхээс жилийн өмнө уг хууль батлагдсан байх ёстой. Багцаа хугацаа хэлэхэд энэ оны зургадугаар сарын 20-ны үед Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёр сарын л хугацаа байна. Бүхий л талаас нь хэлэлцэж уг хуулийг батлаад явах бодолтой байна. Албан ёсны хэлэлцүүллэгүүд ирэх долоо хоногоос явах байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-УИХ-ын гишүүнээс сонгогдсоноос хойш сонгуулийн холимог тогтолцоо зайлшгүй чухал. Үүнийг хийхгүй бол эдийн засаг 10-12 тэрбум доллар дээр гацчихлаа. Улс орны бүтээн байгуулалтыг хэлэлцэж шийддэг парламент биш тойргийг төлөөлсөн парламенттай боллоо гэдэг агуулгаар иргэдийнхээ саналыг авч ажилласан. Та бүхэн санаж байгаа бол 2022.06.28-нд Үндсэн хуулийн Цэц дээр эцсийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоо биш пропорциональ тогтолцоогоор явах боломжтой гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний үр дүн нь өнөөдрийн хуулийн төсөл юм. Энэ бол Монголчууд бидний хувьд таатай мэдээ. Учир нь УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл хоорондоо ойлголцсон. Ажлын хэсэгт орж ажилласан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх намын төлөөллийн саналыг олон удаагийн хэлэлцүүлэгээр тусгасан. Энэ удаа зарчмын асуудалд нэгдсэн. УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл Сонгуулийн хуулийн төслийг боловсруулсан. Үр дүн бодитой гарна.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн 50 хувь нь пропорциональ элемэнтээр сонгогдоно. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь нийт Монголчуудаас буюу 3.4 сая иргэнийг төлөөлдөг болно. Үр дүнд нь эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтыг шийддэг, эрүүл мэтгэлцээн өрнүүлдэг, сонгодог парламентын жишиг рүү орж байна. Энэ бол дэвшил. Хоёрдугаарт, олон удаагийн парламентын сонгуулиар гадаадад байгаа Монголчуудын санал гээгддэг. Энэ Порпорциональ системтэй болсноор гадаадад амьдарч байгаа 200 гаруй мянган иргэний саналыг авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 2-3 аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний иргэний саналыг парламентад тусгах боломжтой болж байна. Гуравдугаарт, нийгмийн төлөөлөлүүдийг оролцуулдаг байя тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангахын тулд 50 хувийн пропорциональ тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Мөн жагсаалтад оруулахдаа нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн байдлаар оруулах юм. Үр дүнд нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх юм.
Сонгуулийн тухай хууль хаврын чуулганаар батлагдвал Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд маш том дэвшил гарна.
Холбоотой мэдээ