Харилцан ашигтайгаар л төслүүдийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Харилцан ашигтайгаар л төслүүдийг хэрэгжүүлнэ

Зүүн хойд Азийн бүсийн чуулга уулзалтыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд удирдан чиглүүлсэн юм. Түүнээс чуулга уулзалтын талаар дараах асуултад хариулт авлаа. 

-Зүүн хойд Азийн ор­нуудын чуулга уулзалт  энэ удаад Монгол Улсад зохион байгуулагдаж бай­на. Манай талд ашигтай дэвшилттэй асуудал хэр хөндөгдөж байх юм?

-Зүүн хойд Азийн эдийн засгийн чуулга уулзалт энэ жил 19 дэх жилдээ зо­хион байгуулагдаж байна. Бүс нутгуудын байдлыг аваад үзэхэд эдийн засгийн интеграцчлал зэрэг  үзүү­лэлтээр Зүүн хойд Ази нэлээд хоцрогдож явна.  Энэ талаасаа маш чухал арга хэмжээ болж байна. Манай орны хувьд хөгжлийн шинэ шатанд гарч буй уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих болсон  үед эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа нь чухал ач хологдолтой. Зүүн хойд Азийн чуулга уулзалт хоёр талын ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Нэгдүгээрт,  төр засгаас уул уурхайг хэрхэн хөгжүүлэх, хэний оролцоотойгоор, хаа­наас хөрөнгө босгох вэ гэдгийг судалж байгаа үед туршлагатай орнууд болох Солонгос, Япон, Хятад, Оросын төлөөлөгчид  ирж оролцож байгаа нь тэдэнд өөрсдийгөө таниу­лахад чухал алхам боллоо. Мөн манай улсыг уул уурхай болон төмөр замын бодлогын асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн та­лаар гадныхан мэдээлэл бүрэн авч чадаагүй учраас энэ боломжийг ашиглан оролцогчдод  мэдээлэл өгнө гэдэг чухал юм. Оролцож байгаа талууд ч  манайхтай хамтран ажиллах сонирхол их байна.

-Тухайлбал, төмөр за­мын бодлогыг аль улс түл­хүү сонирхож байгаа вэ?

-Чуулга уулзалтад орол­цогчдод хараахан энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. Харин саяхан бид Солонгост уул уурхайд түшиглэн дэд бүтэц, төмөр замыг хэрхэн хөгжүүлэх талаар хоёр талын ажлын уулзалтад оролцоод ир­лээ. Монголтой хамтарч ажиллах сонирхол гадны орнуудад их байна. Гэтэл манайхан гадныхан ирээд бидний юмыг булаагаад явчих гэж байгаа юм шиг, ашиггүй үлдэх гэж байгаа мэтээр төсөөлөөд  яриад байна.  Ер нь байгалийн баялаг гэдэг бол газар доор байхдаа үнэгүй. Эдийн засгийн эргэлтэд оруулсанаар үнэ цэнэ нь өсдөг. Газар дороо байгаад байх юм бол хэнд ашигтай юм бэ. Үнэ цэнэд хүргэхийн тулд гадныхантай хамтран ажиллахаас өөр арга байх­гүй. Хэн ч  манайхтай хамт­ран ажиллаад Монгол Улс ихэнх ашгийг нь ав бид нар цөөн хувийг нь авъя гэхгүй шүү дээ. Бид аль болох хэн хэндээ ашигтай хувилбарыг эрэлхийлж бай­на. Энэ утгаараа гад­ны улсын төлөөлөгчид ирээд манайд өөрсдийн туршлагаасаа хуваалцаад хамт­ран ажиллах болом­жуудыг  санал болгож бай­на. Энэ талаасаа чухал ач холбогдолтой чуулга уулзалт юм. 

-Хөрөнгө оруулагчдыг татах бодлого манай ул­сын хувьд хэр бүрдсэн гэж та үзэж байна вэ. Илтгэл тавьсан гадаадын эрдэмтэд хөрөнгө оруу­лагч­дад таатай орчин чухал гэдгийг онцолж бай­на. Харин манайхан “Монголын хууль гадаа­дын хөрөнгө оруу­лагчдад дэндүү ашиг­тай, сулбагар” гэж шүүм­жилдэг?

-Хоёр талтай асуудал. Харилцан  ашигтай байж  том төслүүдийг хэрэгжүүлж улс орныхоо эдийн засгийг хөгжүүлнэ. Түүнээс бусад оронд ашигтай байдлаар ордуудынхаа төслийг өг­чи­хөөд хараад сууж байхгүй шүү дээ. Ямар байдлаар хамтран ажиллах нь бүхний нүдэн дээр ил байх болно. Аливаа бод­лого боловсруулах, УИХ-аас шийдвэр гаргах­даа асуудалд олон талаас хандаж мэргэжлийн хүмүү­сийн оролцоотойгоор гар­га­даг. Тийм ч учраас энэ шийдвэрүүдийг гаргахад миний хувьд  дэмжсэн.  Харин хөрөнгө оруулагчдад олгох нөхцөлийн талаар 1990-ээд онд гаргасан зарим нэг хуульд алдаатай зүйл байсан. Тухайн үед манайд ирж хөрөнгө оруулдаг орон,,  монголыг сонирхдог мэддэг хүн байгаагүй. Тэр утгаараа тухайн үед гарсан уул уурхай ашигт малтмалын хууль болон гэрээ хэлэлцээрүүдэд  га­даа­дынхныг  татах үүднээс оруулж байсан заалт бий. Өнөөдрийн өндөрлөгөөс шүүмж­лэх зүйл бол энэ.  Сүүлийн үед том төс­лүүдийг хэрэгжүүлэх зорил­гоор УИХ-ын зүгээс Монголын талд илүү ашиг­тай байлгах гэж олгож байсан зарим хөнгөлөлтийг байхгүй болгосон. Гэхдээ хуулийн хүрээнд аль аль талдаа ашигтай байх нөх­цөл бүрдүүлсэн гэж ойлгож болно. Зарим зүйл дээр аль болох Монгол Улсдаа юун дээр илүү ашигтай байх бололцоог бүрдүүлэх вэ  гэдэг үүднээс харж байна. Тухайлбал, Оюутолгойн тө­сөл дээр ажиллах хүчний дийлэнх буюу 90 хувь нь монголчууд байх гэсэн заалтыг оруулж өгсөн байх жишээтэй.

-Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг та­тах гол нөхцөл нь тат­варын таатай орчин болж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү. Гадныхан энэ тал дээр ямархуу байр суурь баримталдаг бол?

-Ер нь  татварын талаас нь авч үвэл манайх бүс нутаг­таа тааламжтай нөхцөлтэй улсад ордог. Мөн Монгол Улсын улстөрийн нөхцөл байдал тогтвортой, хууль дүрмээ тууштай мөрдөх нь үү үгүй юу гэдэг итгэл үнэмшил гадаадынханд  хам­гийн чухал. Түүнээс гадныхан манайд ирчихээд бидэнд давуу эрх олго, тэгвэл орж ирье гээд байгаа асуудал байхгүй. Яагаад гэвэл тэр улсууд монголтой хамтран ажиллаж, өөрс­дөдөө таарсан аш­гийг хүртэхийг үнэхээр эрмэлз­дэг болсон. Ийм  тохиолдолд манай татварын нөхцөл ойлгомжтой байх ёстой. Монголын  татвар өндөр гэж хэлэхгүй байна. Харин  манайхыг хууль тог­тоомжоо тогтвортой мөр­дөөч гэдгийг хэлдэг. Манайх чинь байж байснаа  шинэ хууль гаргаж ирдэг. Түүнийгээ хэсэг хугацааны дараа өөрчилдөг. Мөн улстөрийн ойлгомжгүй бай­дал Засгийн газраа олон дахин солих зэрэг нь гадаадынханд их нөлөөл­дөг. Тийм болохоор гад­ныхан биднийг хууль эрх зүйн орчноо тогтвортой, ойлгомжтой байлгаач,  тэг­вэл хамтран ажиллая гэ­сэн санал тавьдаг. Ер нь бол ямар ч тохиолдолд Монгол Улсын хууль дүрмийн хү­рээнд л ажиллана, хөрөнгө оруулагчид.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж