АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон 1994 онд өндөр түвшний хэлэлцээний үеэр Украиныг цөмийн цэнэгтэй хошуунаас нь салгахаар шахалт үзүүлсэндээ харамсдаг гэж ярьжээ. Тэрбээр Ирландын "RTÉ" мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, хэрэв Украин цөмийн зэвсэгтэй орон байсан бол ОХУ 2014, 2022 онууудад эзлэн түрэмгийлэхгүй байсан гэдгийг онцолсон байна.
ЗХУ задран унасны дараа 1994 онд Украины нутаг дэвсгэрт байгаа цөмийн зэвсгээс ангижрах зорилгоор ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Ельцин, Украины ерөнхийлөгч асан Леонид Кравчук нарын хооронд Будапештын санамж бичгийг байгуулахад АНУ зуучилсан аж. Түүнчлэн АНУ нь Украины бүрэн эрх, хил хязгаарыг хүндэтгэх хэлэлцээрийг Оростой хийсэн нь алсын хараагүй байсан гэдгийг Клинтон хүлээн зөвшөөрчээ.
Тухайлбал, ОХУ нь 2014 онд Орос улс Крым руу дайрсны дараа Украины хил хязгаарыг хүндэтгэнэ гэсэн амлалтаа зөрчсөн. "Wall Street Journal" сэтгүүлд бичсэнээр Клинтон 1994 онд Кравчукт 700 сая ам.доллар санал болгож, цөмийн зэвсгээс ангижруулахын тулд "аюулгүй байдлын хүчтэй баталгааг" санал болгосон аж. "Украиныг цөмийн зэвсгээс нь ангижруулахын тулд тус улсын нутаг дэвсгэрийн хил хязгаарт хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй байх тухай Ельцинтэй байгуулсан гэрээг Путин дэмжихгүй гэдгийг би мэдэж байсан" гэж Клинтон ярилцлагадаа дурджээ.
Санфордын Төрийн бодлогын сургуулийн туслах профессор, ЗХУ ба АНУ-Зөвлөлтийн харилцааны түүхч Саймон Майлс хэлэхдээ, "Украин цөмийн зэвсэгтэй байсан бол нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдалд өндөр итгэлтэй байх байсан. Ийм эзлэн түрэмгийлэл ч болохгүй байсан" гэж дүгнэсэн байна. Түүний тайлбарласнаар цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэл болон цөмийн зэвсгийг аюулгүй байлгахад тулгарч буй сорилтуудтай АНУ-ын гадаад бодлого ихээхэн холбоотой байв. Тухайн үед Украин, Казахстан зэрэг орнуудад цөмийн зэвсэг олон байсан бөгөөд энэ нь өндөр үнэтэй байжээ.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER