Улс төрийн харалган шийдвэрээр эдийн засгаа сүйрүүлчих вий!

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Улс төрийн харалган шийдвэрээр эдийн засгаа сүйрүүлчих вий!

Улс төрийн харалган шийдвэрээр эдийн засгаа сүйрүүлчих вий!

Улстөржилт, намчирхал өнгөрсөн 30 жилд улс орны хөгжлийг доош татсаар ирэв. Өнөөдөр Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурсан таатай мэдээлэл гарч буй. Үүнтэй уялдан жилийн дундаж инфляцийн түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь буюу Монголбанкны зорилтот түвшинд ойртож, 2022 оны өндөр түвшний үзүүлэлтээс алгуур буурах төсөөлөлтэй байна.

Монгол Улсын эдийн засгийн 2023-2024 оны нөхцөл байдал төлөвийн төсөөллөөр, 2022 онд 4.8 хувьтай гарсан эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4, 2024 онд 6.1 хувиар тус тус нэмэгдэхээр байна. Уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдсэн нь тээвэр бусад салбарт эерэгээр нөлөөлж буй юм.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгааг хэлсэн.

Covid-19 цар тахлын дараа төсвийн нийт тэнцлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ эерэгээр өөрчлөгдөж, эдийн засгийн орчинд төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжих шаардлага бага болж байна. Төсвийн нийт тэнцлийн хувьд 2022 онд төсөв алдагдалтай гарна хэмээн төлөвлөж байснаас буюу УИХ-аас баталсан түвшнээс илүү сайжирсан, ДНБ-д эзлэх байдал нь 0.8 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай үзүүлэлттэй гарав.

Үүнийг УИХ-аас 2023 онд баталсан төсөвтэй харьцуулахад энэ онд төсвийн алдагдал нэмэгдэхээр харагдаж буй боловч хэрэв төсвийн зардлыг хумих чиглэлд бодлогын тохиргоо хийж, орлого давж биелвэл төсвийн нөхцөл байдал мөн 2022 он шигээ сайжрах бүрэн бололцоотой нь харагджээ.

Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасч, тээврийн зардал буурна. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний дансны алдагдал буурч, барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал багасахаар байна.

АХБ-ны эдийн засагч Эдуард Фабераас хэлэхдээ, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт жилийн эцсийн дүнгээр 4.8 хувьтай гарсныг онцолсон.

АХБ-наас 2022 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засгийн байдал таагүй байхыг таамаглаж байсан ч томоохон өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, БНХАУ “Тэг-Ковид” бодлого барьж, хилийн худалдаа хязгаарлагдмал байсан ч Монгол Улс боомтууд дээрээ тусгай шугам гарган, жолоочгүй автомат тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон төмөр замын тээвэрлэлт ашиглан нүүрсний экспортоо нилээн сайн нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн.

Экспорт нэмэгдэхийн хэрээр эргээд гадаад валютаар орж ирэх, Монгол руу чиглэх хөрөнгийн урсгал өссөн. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн зарцуулалт болон хувийн хэвшил, иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Эдгээр нь эдийн засаг өсөхөд нөлөөлж, энэ байдал 2023 онд үргэлжлэх төлөвтэй байгааг Эдуард Фабераас онцлов. Учир нь,

Хятадын эдийн засаг нээлттэй болсноор Монгол Улс экспортоо чөлөөтэй хийх боломж бүрдсэн. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлж, эргээд хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлтэй байна.

БНХАУ-ын эдийн засаг 2022 онд 3 хувийн өсөлттэй байсан бол өнгөрсөн оны эцэст “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар энэ онд 5, ирэх онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

“Оюутолгой”-н уурхай гүний олборлолтоо эхлүүлснээр дараагийн жилүүдэд үйлдвэрлэл жигдэрч, тэр хэрээр Монгол Улсын эдийн засаг улам идэвхжих билээ. Гадаад талд томоохон өөрчлөлт гарахгүй гэж тооцвол 2023-2024 онд Монгол Улс өөрийн экспортлох гол нэрийн бүтээгдэхүүн нүүрс, зэсийн экспортоос нэлээн их ашиг олох боломжтой. Энэ нь эдийн засгийг тэтгэх гол хүчин зүйл болно гэж АХБ-ны эдийн засагч хэлэв.

АХБ-наас эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх олон эрсдэл бийг анхаарууллаа. Тодруулбал, дотоодын улс төрийн эрсдэлд бодлогын тогтворгүй байдал нөлөөлнө гэж үзжээ. Оффтэйк гэрээнүүдийн болзошгүй сөрөг үр дагавар гарвал нүүрсний экспортын орлого, төлбөрийн тэнцэлд мөн эрсдэл учруулна. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд огцом унах эрсдэлтэй бөгөөд үүний улмаас гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцэл өөрчлөгдөнө. ОХУ-Украины нөхцөл байдал удаан үргэлжлэх, илүү хурдтай болох нь худалдаа, хөрөнгийн урсгал, инфляци, гадаад төлбөрт эрсдэл учруулна. Коронавирусийн шинэ хувилбар гарч, халдварын давлагаа ихэсвэл бүс нутгийн хэмжээнд шинээр гадаад сөрөг нөлөө, цочрол үүсгэх магадлалтайг анхааруулсан юм.

Хамгийн гол нь,  сонгууль ойртож буйтай холбоотойгоор улс төрийн шийдвэрээр мөнгө хэвлэх, бэлэн мөнгө тараах зэрэг зохисгүй үйлдэл гаргах нь эдийн засгийг сүйрүүлэх эрсдэлтэйг хэлэв.

АХБ-наас, ДНБ дэх хувийн хэрэглээ эерэгээр нөлөөлж, инфляци, мөнгөний хатуу бодлого, ипотекийн зээлийн эргэн төлөлттэй уялдан багасна, 2023 оны эхний хагаст системийн томоохон 3 банк IPO хийхтэй уялдан зээлийн өсөлт эрчимжихгүй гэж үзжээ.

2024 онд мөнгөний бодлогын төлөв зөөлрөх орон зай үүсэх, зээл өсөх, төсвийн зардлын өсөлт үргэлжлэх, нийт зардал 14.3 хувиар нэмэгдэх, экспортын өсөлт нийт импортын өсөлтөөс өндөр байснаар цэвэр экспорт ДНБ-д эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж