VS: Д.Монголхүүг хорьсон нь үндэслэлтэй, үндэслэлгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

VS: Д.Монголхүүг хорьсон нь үндэслэлтэй, үндэслэлгүй

Энэ долоо хоногийн VS буландаа Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Г.Ганхөлөг болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Уртнасан нарын Д.Монголхүүг цагдан хорьсон талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. 

 

Ө.УРТНАСАН
Анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн

-Д.Монголхүүг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Ялтан Д.Монголхүү шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тогтоогдсон маршрутаас гарсан, 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь тогтоогдсон учраас Д.Монголхүүгийн үлдсэн 6 сар, 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Цахим хяналтын төхөөрөмжийн цэнэг дууссан биш санаатайгаар өөрөө унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан хуульд заасан үүргээ гурван сарын хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж тооцно гэсэн заалт байдаг. Д.Монголхүүгийн хувьд гурван сарын хугацаанд хоёр удаа маршрутаа зөрчиж цахим хяналтын төхөөрөмжийг унтраасан нь тогтоогдсон.

Г.ГАНХӨЛӨГ
Ардчилсан Залуучууд Холбооны дэд тэргүүн

-Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд төр засаг, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд халдах явдал газар авч Монгол Улсад ардчиллын үнэ цэн алдагдаж байна. Эрх баригчид бодит үнэнийг хэлж, шүүмжилсэн, тайван жагсаал, цуглаан хийсэн залуусыг шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргах, удаан хугацаанд шалгуулж, сэтгэл, санаа, эрүүл мэндэд нь дарамт учруулж, ил далд хэлбэрээр эрүүдэн шүүх, барьж хорих явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Эрх баригчид маш айдастай байна. Иргэд ямар нэгэн хулгайн хэргийн талаар ярихад эрх баригчид тэр хулгайг хийчихсэн байдаг. Тиймээс “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр өөрийнх нь хулгайг ярьж байна гэж айгаад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шоронд хорьдог. Өнгөрсөн тав дахь өдөр Шадар сайд С.Амарсайханы гомдлоор Dens.mn сайтын эрхлэгч Т.Шинэбаярт холбоотой шүүх хурал болсон. Өчигдөр Д.Монголхүүг хорьсон. Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал болж байна. Иргэдээ хорьж дуусчхаад цагдаагийн бага цолтноос эхлээд хорьж эхэлнэ. Эрх баригчид донтой бас айдастай байна. Монголд, цахим үндэстэн биш цахим гав ажиллагаа эрчээ авлаа. Тэд цахим гаваа зүүх гээд иргэдээ отож байна. Тэгсэн ч бид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно. Дарангуйлал руу нэвт ороход ойрхон байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж