Байр суурь: Барилгын салбарт дарамт биш дэмжлэг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Байр суурь: Барилгын салбарт дарамт биш дэмжлэг хэрэгтэй

Байр суурь: Барилгын салбарт дарамт биш дэмжлэг хэрэгтэй

Монгол Улсын эдийн засгийн амин судасны нэг бол барилгын салбар. Гэвч цар тахлын хугацаанд зогсонги байдалд ороод байсан тус салбарт тулгамдаж буй олон асуудалд төрийн оролцоо хэт их байгаа аж. Тиймээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй төлөөллүүд цаашид зайлшгүй тодорхой зохицуулалтуудыг хийх ёстойг хэлж байна. Тухайлбал, арилжааны банкны бага хувийн хүүтэй зээл олгох, давтагдашгүй хүчин зүйлийн үед гэрээгээр ажил гүйцэтгэгчдэд ямар боломж бий болгох хэрэгтэйг аж ахуй нэгжүүдийн төлөөллийн саналыг сонсч улс төрийн шийдвэр гаргах түвшинд хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм. Тиймээс цаашид барилгын салбарын сэргэлтэд юуг чухалчлах хэрэгтэй талаар тус салбарын төлөөллийн байр суурийг хүргэж байна.

COVID-19-ИЙН ҮЕД КОМПАНИУД БАНКНЫ ЗЭЭЛЭЭ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН

“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын ТУЗ-ийн дарга Ч.НАРАНБААТАР:

-Цар тахлын давтагдашгүй хүчин зүйлийн үед барилгын салбарынхан маш их эрсдэл үүрсэн. Үүнийг харгалзаж төрөөс тодорхой шийдлийг гаргаж, импортын бараа, материалын татварыг хөнгөлөх зэрэг арга хэмжээ авсныг үгүйсгэхгүй. Бид өнөөдөр эдийн засгийн нөөцийг нэмэгдүүлэх, салбаруудын сэргэлтэд онцгой анхаарах хэрэгтэйг ярьж байгаа. Тэр дундаа барилгын салбарт одоо ямар асуудлууд байгаа түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой гаргалгааг эрж хайхыг чухалчилж байна.

Тухайлбал, барилгын төсөвт өртгүүд анхны тооцсон хэмжээнд хүрэхгүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалан барилгууд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс барилгын салбарт тулгамдаж буй асуудлын шийдлийг олоход төр, хувийн хэвшлийн хамтын хэлэлцүүлэг, харилцан санал солилцол чухал ач холбогдолтой.

Хил гааль, тээвэрлэлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд барилгын материалын үнэ нэмэгдэж, энэ оноос харьцангуй бууж эхэлж байгаа. Гэвч 2018-2019 суурь үнэ дээр очих хэмжээнд буугаагүй. Тиймээс улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэгчид тулгамдаж буй асуудал илүүтэй их байгаа. Барилгын салбар бол ажил олгогч хамгийн их салбар. Тэгэхээр төрийн бодлого, дэмжлэггүйгээр аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Covid-19 дэлхий нийтийн эдийн засагт нөлөөлсөн. Үнийн өсөлтөөс шалтгаалж олон компанийн үйл ажиллагаа доголдож, нийгмийн даатгал, татвар, банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Цаашид ч ийм нөхцөл байдал дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс эрсдэлийг тооцож барилгын салбарынханд бодит дэмжлэг төрөөс олгох хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг төдийгүй дэд бүтэц, бүтээн байгуулалтад олон эерэг нөлөө үзүүлнэ.

УЛСЫН ТӨСВӨӨР АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧДЭД ТӨР ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ГЭХЭД ХИЛСДЭХГҮЙ

“Түмэн алт” ХХК-ийн барилгын инженер Э.ХИШИГСҮРЭН:

-Барилгын салбар үндсэндээ хоёр ангилагддаг. Нэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг бол нөгөө нь орон сууц борлуулдаг. Орон сууц барьж, борлуулдаг компаниудын тухайд цар тахлын хугацаанд харьцангуй бага алдагдал үүрсэн гэж хэлж болно. Учир нь тухайн аж ахуй нэгжүүд байрныхаа метр квадратын үнийг өсгөж, бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж үүссэн зардлаа нөхөж ажилласан. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэгч компаниуд алдагдлаа дийлэхгүй байна. Энэ асуудлыг бид удаа дараа холбогдох албаныхан мэдэгдэж, шаардлага хүргүүлж байсан.

Барилгын салбарт өнгөрсөн хугацаанд зөвхөн бараа, материалаас гадна машин механизм, ажиллах хүчний зардал гээд олон асуудал үүссэн. Гэтэл энэ алдагдлыг нөхөх нэрийдлээр ганцхан хэсгийн зардлыг тусгаж 88 дугаар тогтоолыг батлаад байгаа.

Тиймээс барилгын салбарт аж ахуй нэгжүүд дуу хоолойгоо илэрхийлж, төрөөс бодлогын хэмжээнд арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэж харж байна. Манай компанийн хувьд 2019 онд улсын төсвөөр ажил гүйцэтгэх хоёр тендертэй байсан. Ажил гүйцэтгэж эхлээд нэг нь 80 хувьтай байсан ч цар тахал гараад аргагүй нөхцөлд барилгын ажлыг зогсоосон. Материалын үнийн зөрүүг тооцсон ч жил ирэх бүрд өсч байгаа инфляцитай уялдаж чаддаггүй. Гэтэл төрөөс гэрээ хийсэн л бол гэрээнийхээ заалтад багтааж тухайн хугацаанд ажлаа дуусга гэх дарамт үзүүлдэг гэхэд хилсдэхгүй. Барилгын компаниуд өөрсдийн бүхий л хөрөнгөө барьцаанд тавьж тендерт оролцож, ажил үйлчилгээгээ гүйцэтгэж дуусаад ариа гэж гүйцэтгэлийн санхүүжилтээ авах гэдэг. Гэтэл энэ шатлалд цар тахлын хугацаанд олон өөрчлөлт орж, аж ахуй нэгжүүд 70-80 хувийн гүйцэтгэлтэй эмнэлэг, сургуулийн барилгаа дуусгаж хүлээж өгч чадахгүйд хүрээд байгаа.

Манай компани гэхэд хоёр цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж, нэг нь 80 хувь, хоёр дахь нь 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэхдээ Covid-19-ийн хугацаанд үүссэн алдагдлыг бид авч чадаагүй. Тухайлбал, цемент, гадна өнгөлгөөний тоосгоны үнэ 88 дугаар тогтоолд бидний авсан үнээс маш хямд заагдсан.

Үүнээс болж алдагдал өсч, 1-2 тэрбум төгрөгөөр хэмжигдэхүйц болоод байна. Тэгэхээр улсын төсвөөр ажил үйлчилгээ үзүүлж буй компаниудад дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Хэрэв зөв бодлоготой байсан бол хоёр жилийн өмнө 80 хувийн гүйцэтгэлтэй байсан цэцэрлэгийн барилгаа өнөөдөр аль хэдийнэ хүлээлгээд өгөх байсан. Тиймээс улс барилгын салбарт бодит магадлагаа хийх шаардлага үүсч байна.

БАРИЛГЫН САЛБАРТ ЧАНАРЫН СТАНДАРТ, ҮНИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Барилгын салбарын норм нормативын шинжээч Ш.Цэвэлрагчаа:

-Миний хувьд 1968 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын ажлаас гадна барилгын чанар стандарт, норм, нормативтай холбоотой олон судалгааны ажлыг хийсэн. Тухайлбал, 1972-1980 онд барилгын бүх байгууллагуудыг эдийн засгийн системтэй болж байлаа. Тэр цаг үед Монгол Улс барилгын салбарт гадаад улс орны стандарт буюу ЗХУ-ын нормыг баримталж ажилладаг байсан. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдсэн.

Өнөө цагт барилгын салбарт дутагдаж, тулгамдаж байгаа асуудал бол чанарын стандарт. Мөн үнэ.

Барилгын материалын үнийг 100 айл, Гурвалжингийн гүүрний барилгын материалын зах тогтоодог жишиг тогтож байна. Энэ бол маш буруу. Ингэснээр хэн нэгэн бизнес эрхлэгч барилгын салбарт дур мэдэн үнийн тоглолт хийх зэрэг асуудал үүсч байгаа. Мэдээж чөлөөт зах зээлтэй учир үнийг төрөөс барих боломжгүй. Гэхдээ харьяа яам, салбар нэгжүүд нь үнийн хэт хөөрөгдөлд анхаарах хэрэгтэй.

Барилгын салбарт ганц төсөв биш чанар, аюулгүй байдал гээд бүхий л зүйлсийг харгалзсан бодлого, шийдвэр шаардлагатай байна.

Стандартыг арга зүйн хувьд зөв оновчтой боловсруулбал бид барилгын салбараас өндөр ашиг олж, түүний хэрээр эдийн засагт өгөөж их байх болно. Үүний тулд гагцхүү улс төрийн зөв бодлого, дэмжлэг хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж