Нүүрсний хулгайд чирэгдэхээс айж, нээлттэй сонсголыг хойшлуулав уу !

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайд чирэгдэхээс айж, нээлттэй сонсголыг хойшлуулав уу !

Эрх баригчид нүүрсний хэргээр хуулийнханд чирэгдэхээс үнхэлцэг нь хагарах шахаж байна.

Үнэндээ ч УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болж, сайдаасаа ч чөлөөлөгдсөн Т.Аюурсайхан нүүрсний хэргээр “бөмбөг” тэсэлбэл  МАН-аас бүтэн нэртэй, бүлээн зүстэй гишүүн үлдэх нь юу л бол…

Тиймдээ ч дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулахаар товлоод байсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав бололтой.

Сонсголыг хойшлуулсан шалтгаанаа Хянан шалгах түр хорооны дарга,  УИХ-ын гишүүн Г.Ганболд “Авлигатай тэмцэх газраас “Тус нээлттэй сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасан  “Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.  Нүүрсний хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтайгаас гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүмүүсийг нийгэмд гэм буруутайд тооцох эрсдэл байна гэж үзэж, нээлттэй сонсголыг  хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авлаа” гэсэн юм.

Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор гурван сарын турш нээлттэй сонсгол зохион байгуулахдаа гэрч нараа ялтан шиг үзэж, мөрдөн байцаасан атлаа нүүрсний хэргийг хэлэлцэх болоход хойшлуулдаг нь хууль дээдэлсэн гэхээсээ хулгай нь илрэх вий гэдгээс л эмээсэн хэрэг шүү дээ.

Үнэхээр МАН-ынханд хууль дээдлэх зарчим байсан бол Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулахдаа “Бизнес эрхлэгчдээ чи бол хулгайч” гэж цоллон, нийгмээр шүүлгэх байсан уу?. Үгүй.

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулах үеэс л иргэд, хуульчид “Сонсгол шүүх хурал болж, хувирлаа. Сонсголыг удирдаж байгаа Б.Энхбаяр сонсголд дуудагдсан гэрч, оролцогч нарыг загнаж зандарч, үгээр доромжилж байгаа нь маш буруу. Тэр мөрдөн байцаагч, шүүгч биш биздээ. Ялтныг ч зандардаггүй байх шүү” гэж шүүмжилж байхад сонсголоо зогсоолгүй үргэлжлүүлсэн.

Цаад зорилго нь сөрөг хүчнээ намнах нэрийн дор бизнес эрхлэгчдээ яллаж орхисныг өнөөдөр өөрсдөө шүүлгүүлэх болоход Авлигатай тэмцэх газрын нэр барьж, бултаж буйгаас харж болохоор байна.

Нүүрсний хэрэг бол үнэндээ Хөгжлийн банкны хэрэгтэй харьцуулах юм биш.

Муу нэр луу данстай Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа Хөгжлийн банкаар дамжуулан Монголд олон бүтээн байгуулалт хийжээ гэдэг нь ойлгомжтой болсон. Тус банкнаас олгосон зээлүүдийн дийлэнх нь төлөгдсөн. Монголын аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь авсан зээлээ ханшийн эрсдэл үүрч байсан ч төлж, дуусгаж буй.

Харин МАН-ынхныг Засгийн эрх авах бүрийд долоож ирсэн “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын улс төрийн холбоо сүлбээ ихтэй бизнес эрхлэгчид л “Хоёр чих авна биз” ухааны зүйл яриад зээлээ төлөхгүй гүрийж байгаа. Үл хөдлөх хөрөнгүүдийг нь хураахад л хохирлоо барагдуулчих бүрэн боломжтой.

Нүүрсний хэргийн тухайд яривал их зүйл бий. Хохирол нь 40 их наяд төгрөг гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зарласан. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх их мөнгөний хулгай яригдаж буй. Энэ хэрэгт УИХ дахь МАН-ын бүлгээс олон гишүүн нэр холбогдсон. Тэднээс ганц Т.Аюурсайханы бүрэн эрхийг л түдгэлзүүлээд буй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд энэ хэрэгтэй холбоотой олон нууц бий. Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгтнүүдийг зарлахад түүний нэр багтсанд уурсаж, “Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа шүү дээ. Энэ худлаа биш шүү. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Чинбат аа/Улсын ерөнхий прокурорын орлогч/, чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ.

”Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүй гээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Одоо энийг зарлана, шалгуулна.

Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмд, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл шүү, уучлаарай. УИХ дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн гадуур бий. Хүний өөрийн намын. Эд нарын идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө” гэсэн ч таг дуугүй болсон.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгт нийт 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татсанаас долоог нь үргэлжлүүлэн хорьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийг хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжилсэн. Тодруулбал, 78 орон сууц, 3 оффисын талбай, 43 машин, 4 газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаас, бондыг битүүмжиллээ.

Нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна.

Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн тухайд Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авсан. Хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуух зорилгоор өөрчилсөн нь алба тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Мөн Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз, нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас, бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна.

Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон бөгөөд уг оффисыг битүүмжилсэн" хэмээн мэдээлж байв.

Тиймээс эрх баригчид нүүрсний хулгайд чирэгдэхээс айж, сонсголыг хойшлууллаа гэж хардахад хэтрүүлсэн болохгүй л болоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж