"Би донат амттаны дүрсэнд дурласан"

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

"Би донат амттаны дүрсэнд дурласан"

"Би донат амттаны дүрсэнд дурласан"

"…..Оюун санааны эрэл хязгааргүй үргэлжилж, энэ амьдралд юуг ч хийж амжихгүй юм шиг санагдана. Аль болох их бодож, уран бүтээлээ хийхэд цаг зарцуулах нь илүү үнэ цэнэтэй. Мэдээж хүмүүс нийгмийн харилцаанд орж болох ч цагийг ямар ч үр бүтээлгүй нөхцөөх нь тун харамсалтай. Төсөөлөл, мөрөөдөл, төсөөлөл, мөрөөдөл…Үүнийг ажил болгоход цаг хугацаа хаана ч хүрэлцэхгүй, асар богино мэт…" хэмээн өгүүлэх уран бүтээлч бол Банзрагчийн Орхонтуул. Тэр өнөөдрийн цаг мөчид Монголын уран зургийн салбарт өөрийн  бүтээлүүдээрээ ихээхэн анхаарал татаж байгаа уран бүтээлч юм.

"Шинжлэх ухааны нэршлээр "торус" гэгддэг бидний сайн мэдэх донат амттаны өвөрмөц дүрсийг Б.Орхонтуул маш чадварлаг бөгөөд бүтээлчээр ашиглажээ.

"Торус" шинжлэх ухаан талаасаа бидний оршин буй гурван хэмжээст ертөнцийн татах хүчний эргэлдэх хөдөлгөөнийг илэрхийлсэн геометрын модель.

Анатом, биологи, математикийн ухаанд яригддаг нэн сонирхолтой дүрс. Зураач Б.Орхонтуул уг дүрсийг ямар нэг амьтай бөгөөд үйлдэлд оруулж болохуйц хэлбэрт биежүүлэн интолляц хийсэн нь сонирхол нэлээд татсан" гэж онол судлаач, куратор Б.Мичидмаа түүнийг магтав.

Тэр бидний сайн мэдэх донат амттаны дүрсэнд "дурласан". Түүний хувьд энэ төгс дүрс.

Та бүхэн дотроо төсөөл дөө. Донат амттанг эмнэг сургаж буй хүнтэй зүйрлэж болох уу. Тийм ээ байж болно. Зураач Б.Орхонтуул "Эмнэг сургагч" бүтээлийнхээ талаар өгүүлэхдээ "Би энэ дүрсийг хөгжил дэвшилтэй зүйрлэсэн. Жишээлбэл, аав ээж, өвөө эмээ нар маань бэлэн мөнгөөр тооцоо хийж, захиагаар харилцдаг байсан. Гэтэл  орчин цагаа дагаад цахимаар тооцоо хийж, интернэтээр харилцах шаардлага үүсч байна. Тэр бүхэн тэдэнд хүчирхийлэл болж байгаа ч юм шиг. Хүмүүс хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хичээнэ.  Яг л эмнэг сургаж байгаа хүн шиг морин дэл дээр тогтож ядна" гэв.

"Эмнэг сургагч" бүтээл

Уран бүтээлдээ авч ашиглахад талбай ихтэй дүрс гэх үү. Дүрсийг амилуулж, орлуулж болно. Ерөнхийдөө миний загвар өмсөгч юм. Дизайнер хүний хүссэн загварыг шингээж чаддаг загвар өмсөгч гэсэн үг. Энэ дүрсийг хүн бүр сайн мэднэ. Би энэ дүрсийг хэрхэн харж байгаагаа уран бүтээлээрээ дамжуулан бүрэн утгаар нь илэрхийлэхийг хичээж буй. Бас нэг санаа нь хүн үхэх, аливаа түүх дуусахад ийм дүрстэй болдог…

-Өнгийн будаг, материал энд тэндгүй байгаагаас харахад та саяхан нүүж иржээ дээ?

-Түрээсийн олон байр дамжиж явсаар саяхнаас энд тохижиж байна. Урландаа ихэнх цагийг зарцуулдаг. Шинэ газар орохоороо нэг хэсэгтээ эвгүй байдаг. Тэгж байгаад дасдаг даа. Би урландаа эмх замбараагүй байхыг хүсдэггүй. Гэхдээ яг уран бүтээл хийх үеэр бол “дэлбэрчихдэг”. Ер нь цэвэрхэн байх ямар ч нөхцөл байхгүй.  Урлангаа сайхан цэвэрлэчихээд, бүтээл хийлгүйгээр хараад суувал сууна шүү дээ./инээв/

-Урлангийн голд байрлах гурван баримал их гоё юм.  Энэ  таны цуврал бүтээл үү?

-Яг одоо цуврал гурван баримал, үзэсгэлэнгийнхээ скез, санаан дээр ажиллаж байна. Би сүүлийн үед энэ дүрсэд их дурлаж байгаа. Эхний загвар моделийг баримлын шавраар хийдэг. Энэ дууссаны дараа хэв авч, хоёрдогч хатуу материал дээр буулгана. Дахин хүрэл, мөнгө, алт зэрэг янз бүрийн материалаар өнгөлдөг юм.

-Уран зургаас гадна уран баримал хийдэг бололтой. Аль нь илүү онгод, хүч хөдөлмөр, цаг, хугацаа шаарддаг вэ?

-Зураач мэргэжлийг сонгодоггүй. Би багаасаа л зураг зурдаг байсан. Ер нь өөр мэргэжил сонгоё гэж огт бодож байгаагүй. Миний хувьд 2003 онд Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийн уран зургийн анги төгссөн. Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч байгаад дундаасаа гарсан.

Уран зураг бол хавтгай формат дээр ажилладаг. Орон зай, том талбайд чөлөөтэй ажиллаж болдог бол уран баримал арай хумигдмал. Дүрс модельтой ажилладаг учраас тэр биз.

Уран зургийг зурахад тоглолт ихтэй. Баримлаар нэг хүний хөрөг хийхэд аль ч талаас нь харсан тэр хүн л харагддаг байх ёстой. Олон талаас харж ажиллана. Зураач байж байгаад баримал хийж байгаа учраас илүү сонирхолтой санагдаж байна. Зарим хүн хэцүү байх тусам ард нь гарах гэж зүтгэдэг шүү дээ. Тэрэн шиг л улам сонирхол татаж байна.

-Тэгэхээр удахгүй уран зураг, уран баримал хосолсон үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ дээ?

-Миний хувьд хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна. Өөрийгөө нэлээн сорьсон ажлуудаа олны хүртээл болгохыг зорьж байна. Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэж ярьдаг ч бодол нь түрүүлээд гарчихна. Үзүүлээд өгнө гэсэн ч хийсэн юм бүхэн гологдоод… Цаашаагаа явдаггүй юм билээ.

Тэгж тэгж анхны үзэсгэлэнгээ ноднин гаргасан. Энэ жил хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргана.

Энэ удаа өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ 100 хувь мэдрүүлэхийг хүсч байна. Яагаад энэ дүрсийг ашиглаад байна вэ гэдгээ ойлгуулахыг хичээнэ. Энэ дүрсийг хүн бүр ашиглаж болох ч би ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг харуулахыг зорино.

-Уран бүтээлчид их эмзэг, мэдрэмтгий байдаг. Та юунд, ямар асуудалд эмзэглэж явдаг вэ. Учир нь, уран бүтээлчид нийгмийн соён гэгээрүүлэгчид, шүүмжлэгчид байдаг шүү дээ?

-Хүмүүс бүх зүйлд шүүмжлэлтэй хандах болж. Гэтэл энэ бүхэн эргээд иргэн бүрийн ухамсар, ёс суртахуунтай холбоотой. Үнэндээ хүмүүс өөрийгөө, бусдыг хүндэлж чаддаггүйгээс болж ийм байдалтай байгаа. Ийм хүмүүсийг хэн ч дээрэлхэнэ. Би ч бас архи уудаг байсан. Одоо больсон. Нэг монгол эр хүн архинаас татгалзахад нэг Монгол Улс сэрж байна гэсэн үг. Бүх юмыг архи руу чихэх нь асуудал. Хүн архийг ууж болно, уухгүй ч байж болно. Хүүхэд байхаас том болтол тархинд нь кодлогдсон гэх үү. Ах нар, аав нар, багш нар хүүхэд байхад архи их уудаг байлаа. Агуу зураач заавал архи уух ёстой юм шиг. Байнга согтуу харагддаг. Хүүхэд чинь тэднийг дуурайж үзнэ. Нэг мэдсэн архи хэрэглэдэг болно.

Ер нь бол дүрслэх урлагаар суралцаж байгаа залууст хандаж хэлэхэд “Үгүй ээ. Юун архи. Харин ч уран бүтээлч хүн эрүүл байх ёстой. Архи уух ёсгүй.

Цаг заваа зөв ашиглаж, үргэлж шинийг эрэлхийлэгч байх ёстой. Амьдрал маш богино. Гэтэл таньж мэдэх, хийж бүтээх юм асар их. Ер нь монгол тэр чигээрээ уумааргүй байна. Асар их хөдөлмөрлөх шаардлагатай. Архи уух нь цэвэр сэтгэлийн асуудал. Яг гар хангалга шиг. Хүн болгон хийж бүтээх амбиц гэж бий. Эр хүн гэр орноо, улс эх орноо авч явах үүрэгтэй. Гэтэл архийг уусан үедээ том ярьж сэтгэлээ онгойлгож, зогоодог. Тархи үнэн худлыг ялгадаггүй гэдэг шиг баахан том ярьж, хиймлээр тархиа цатгадаг. Ингэхээр тэр хүний бүтээх чадвар угаасаа байхгүй болно. Гараад явсан энергиэр юм хийхгүй шүү дээ. Хий нь гарсан шаартай адил болно.

-Тэгвэл таныг юу “сэрээсэн” бэ?

-Хүмүүс сэрж байх ёстой. Ярьж болохгүй амьдралын олон шалтгаан бий. Яг юунаас болов гэдгээ ухаарсан гэх үү. Энэ тухайгаа зурж байсан. Амыг нь боогоод дээшээ нисч буй шаараар илэрхийлж. Хүний дотоод хий ярих, чалчихаар гарч байдаг. Тэр хий нэмэгдсээр шаар хагарах ёстой. Хий нь гарсан шаар шиг гараас нь юм гардаггүй. Зөвхөн ярьж, тургидаг шаар болж хувирна. Энэ бол “Нисдэг нь” нэртэй бүтээл. Өөр өөртөө зориулсан бүтээл гэж хэлж болно.

"Нисдэг нь" бүтээл 2017 он.

Нийгэм рүү хандсан бүтээл ч бий. Хувь хүн рүү хандсан бүтээл ч байдаг. Уран бүтээлч хүн нийгмийн алдаа оноо, золиосыг гярхай харж, олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх үүрэгтэй. Залуу хүн шоудах, гадуур зугаалах, алдаа гаргах, худлаа ярих гэх юм гарна. Өөрийнхөө хийж буй бүтээлд чин сэтгэлээсээ ажиллаад ирэхээр халтуурдаж, хуурч, болохгүй. Тэрийгээ дагаад хүнд худлаа ярихгүй, дэмий зүйлд цаг гаргахаа больж, үхэхийн хооронд юу амжуулахаа тооцож эхэлнэ.

-Таны бүтээлд гүн хөх өнгө ноёлох юм. Яагаад хөх өнгөнд ийм дуртай юм бэ?

-Эмээл нь томдсон, дуулга малгай тэвэрсэн жаал хүү гунигтайхан ширтэнэ. Бид бол энэ хүү. Өвөг дээдэс хүн чулуугаар мөрөө үлдээж, бид өнчирч үлдсэн. Хэзээ нэгэн цагт хүү том болж, эмээл, дуулга таардаг болно. Эх хүн хүүгээ эрийн цээнд хүргэнэ. Харин энэ дүрсээрээ цаг хугацааг бэлгэдсэн. Монголчууд мандан бадарч, буурч явсан ч бүрмөсөн устаж үгүй болж байгаагүй түүхтэй ард түмэн гэдгийг өгүүлэхийг хичээсэн бүтээл.

Миний хувьд энэ өнгөнд дуртай гэх үү. Яг энэ өнгөө бас уусгаж, гаргаж авдаг юм.

Хүмүүс онгод гэж их ярьдаг. Нэгдүгээрт гэнэт онгод орж ирээд л чичигнэж салганаад шууд юм хийгээд эхэлдэг гэдэгт огт итгэдэггүй. Гэнэт хайж байсан санаагаа олж, баярлах яарах юм байна. Уран бүтээлч хүн бүтээлдээ зүрх сэтгэл, тархиа зориулж, байнга эрэл хайгуул хийж байдаг. Тэрийг л онгод гэдэг байх. Хэр их ажиллаж, бүтээлийнхээ мөн чанарыг олох гэж хичээнэ, төдий чинээ санаагаар баялаг байдаг.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж