Ноолуурын салбарынхан италийн дэвшилтэт технологитой танилцав

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбарынхан италийн дэвшилтэт технологитой танилцав

Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо ACIMIT, Италийн худалдааны төв (ITA)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Италийн Милан хотноо ноолуур үйлдвэрлэгчид ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол дахь Италийн элчин сайдын яам, Монголын ноос, ноолуурын холбоо, Говь, Кашмер Холдинг, Ханбогд Кашимер, Сор Кашемир, Монгол Нэхмэл, Сноу Филдс, Натурал Текстайл Групп, Баялаг-Өлзий, Нанс Кашемир, Мөнх Бумууд, Уужин, Лидер Кашемир, Говь-Эрдэнэ Кашмер, Өгөөж Шим, Гоёл Кашмер зэрэг үндэсний томоохон цогцолбор үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон юм.

Ноолуур үйлдвэрлэгчид Италийн текстилийн салбарын сүүлийн үеийн дэвшилтэт ногоон технологи үйлдвэрлэгч STALAM, FADIS, SAVIO, ITEMA, C.P.S. зэрэг 20 гаруй ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулах, лаборатори болон сав баглаа боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан хүрээлэн буй орчинд ээлтэй, уур, ус, цахилгааны хэмнэлттэй, хог хаягдалгүй, аюулгүй ажиллагааг хангасан машин, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршлага судалсан юм.

Айлчлалын үеэр ACIMIT буюу Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны захирал Федерико Пэллэгатад Монгол Улсын Засгийн газрын шагнал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны "Хүндэт жуух"-ыг гардуулан өглөө. ACIMIT нь Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийг үүсгэн байгуулах суурийг тавилцаж, текстилийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Италийн дэвшилтэт техник, технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт судалгаа хийх, боловсон хүчнийг чадавхижуулж мэргэшүүлэх зэргээр монголын ноолуурын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ноолуур үйлдвэрлэгчдийн Итали улсад хийсэн бизнес айлчлал нь 2023 оны 06 сарын 08-14-ны өдрүүдэд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдах “ITMA-2023” үзэсгэлэнг угтан шинэ тоног төхөөрөмжийн танилцуулга, мэргэшүүлэх сургалтыг нэгдсэн зохион байгуулалттай авснаар  Италийн ногоон, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэртээ техник технологийн шинэчлэл хийж, салбарын хөгжлийг ахиулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Цаашид монголын ноос ноолуурын холбоо болон Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны хүрээнд текстилийн салбарыг хөгжүүлэх олон үр дүнт ажил хамтран хийхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж