Сургуулийн удирдлагатай хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Сургуулийн удирдлагатай хариуцлага тооцно

Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас ирэх оноос эхлэн Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг төлөх учраас 9-12 сарын хугацааны зохих төлбөрийг авахыг шаардаж байгаа.

 Энэхүү шаардлагыг зарим их, дээд сургуулийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ямар байгаа талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Төрийн өмчит их дээд сур­гуу­лийг өнгөрсөн хавраас эхлэн нэгтгэсэн. Нэгдэн орсон сургуу­лиудад сургалтын төлбөрийн зөрүү гарч байгаа. Төрөөс тухайн сургуу­лийг ч, оюутныг ч ямар нэгэн байд­лаар хохироохгүй байдлаар асууд­лыг шийдвэрлэнэ гэж байсан. Энэ талаар ямар шийдвэр гарах бол?

-Өнгөрсөн долдугаар сарын нэгэнд сайдын тушаал гарсан. Тэр тушаалаар төрийн гаргасан шийдвэрээр хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирж буй оюутны сургалтын төлбөрийг зөрүү болох тэрбум гаруй төгрөгийг төр хариуцах юм. Харин энэ жил бүрэлдэхүүнд нэгдэж орсон сургуулиудын сургалтын төлбөр хуучин хэвээрээ хадгалагдаж үлдэнэ. Тухайлбал, өчигдөр МУИС-ийн рек­тор мэдээлэл өгөхдөө Худалдаа Үйлд­вэрлэлийн дээд сургууль л гэхэд хуучин тогтоосон үнээрээ оюутнуудаа бүртгэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ мэтчи­лэн МУИС-ийн харьяа нэгдсэн сургуулиуд хуучин тогтоосон жиш­гээр сургалтын төлбөрийг тооцож авна гэсэн үг.

-Ихэнх их, дээд сургуулийн сур­галтын төлбөр тодорхой хэмжээ­гээр нэмэгдэж байгаа. Үүнийг БСШУЯ-ны зүгээс яаж зохицуулах вэ?

-Үнийн өсөлт, инфляцийн төвшинтэй уялдуулаад 13-аас дээш хувиар нэмэгдүүлж болохгүй гэдэг чиглэлийг сургууль тус бүрд үүрэг болгосон байгаа. Одоогоор их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар нэгдсэн мэдээлэл яаманд ирээгүй байна. Тухайн сургуулийн сургалтын төлбөрөө нэмэх болсон үндэслэл, шалтгааныг судлаж үзээд, үндэслэлгүй нэмсэн тохиолдолд хариуцлага тооцно.

-Сургалтын төлбөрийн талаар сайдын шийдвэр маргаан дагууллаа гэсэн мэдээлэл бий. Эхний дөрвөн сарын мөнгөө төлөөд тухайн сургуульдаа суралцаж болно гэсэн Засгийн газрын шийдвэрийг зарим их, дээд сургууль үгүйсгэж, бүтнээр нь төлөхийг шаардаж байна. Энэ талаар?

-Засгийн газраас гаргасан тогтоолыг төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд дагаж мөрдөх учиртай. Аливаа их, дээд сургуулиудын байдалд хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа. Хүүхдийн сургалтын төлбөрийг урьдчилан бүтэн жилээр авдаг дүрэм журам хаана ч байхгүй. Тийм болохоор ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Хүний хөгжил сангаас иргэдэд хувь хишиг олгох үйлчилгээ эхэлж буйтай холбоотойгоор 12 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг ав гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ер нь хувийн болоод төрийн их, дээд сургуулиудын удирдлагуудад дараах зүйлийг анхааруулмаар байна. Аливаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн хойно төлбөрөө авдаг зах зээлийн журмаар нийлүүлээгүй, үзүүлээгүй үйлчилгээнийхээ төлбөрийг урьдчилж авах гэж оюутнуудыг дарамталж, шахаж болохгүй гэдгийг хэвлэлээр дамжуулаад албан ёсоор хэлье.

-Их, дээд сургуульд анхлан орж буй нэгдүгээр курсын оюутнуудыг сургалтын төлбөрөө бүтнээр нь төлөх ёстой гэж зарим сургуулиуд шаардаж байна. Энэ зөв үү?

-Тийм шаардлага тавьсан төрийн их, дээд боловсролын байгууллагын удирдлагуудтай салбар хариуцсан сайдын хувьд хариуцлага тооцно. Хэрвээ хувийн сургууль ийм байдал үүсгэсэн бол оюутны квот, тусгай зөвшөөрөл хоёртой нь хатуу ярина.

-Жил болгон сургалтын төлбөрөө нэмж буй их, дээд сургуулиудад хариуцлага тооцох сайдын арга хэмжээ тэгсхийгээд замхардаг. Энэ жилийн хувьд албан ёсоор энэ талаар мэдэгдэл ирээгүй учраас төлбөрөө бүтнээр авна гээд байгаа сургуулиудын удирдлагуудтай яг ямар хариуцлага тооцох гээд байна вэ?

-Тухайн сургуулийн захирал нь халагдах өргөдлөө л бичнэ биз. Төрөөс гаргаж буй тогтоол шийдвэрийг биелүүлдэггүй төрийн өмчийн их дээд сургуулийн захирал сайн дураараа өргөдлөө өгөх хэрэгтэй ш дээ. Үгүй бол би ажлаас нь чөлөөлнө.

-Ерөнхий боловсролын сургуу­лийн хувьд сурах бичгийн хэвлэх, тараах ажил хичээлийн шинэ жилээс өмнө амжих уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ном, сурах бичгийн хувьд 12 жилийн сургалттай 3, 8 дугаар ангийн сурах бичгээс бусад нь хэвлэлтээс гарсан.Одоо тараалт, хүргэлтийн шатанд шилжээд байгаа. Энэ жилийн хувьд шинээр гарах 12 жилийн сургалттай 3, 8 дугаар ангийн сурах бичгийг хэвлэх санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас хийх юм. Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл нь ирээгүй учраас эдгээр ангийн сурах бичгүүд хэвлэлтэнд шилжээгүй байна. Бусад сурах бичгүүд хэвлэлтэнд ороод түрүүчээсээ тараалт, хүргэлтийн шатанд шилжээд байна.

-“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон хэрэгжүүлс­нээрээ ямар ач холбогдолтой вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Үдийн хоол” болгоно гээд заачихсан байгаа. Үүнтэй холбогдуулаад бодлогын шийдвэрээ гаргасан. Хүнсний комбинатууд нь ямархуу хүчин чадалтай байх вэ, ямар шаардлага, шалгуурыг тавих вэ гэдэг асуудлаар баримт бичгээ боловсруулж байна. Ес, аравдугаар сард багтаагаад сонгон шалгаруулалтыг хийнэ.

-Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн байрны хүрэлцээ энэ хичээлийн жилд ямар байх вэ?

-Цэцэрлэг хүрэлцэж байсан түүх байгаагүй. Манай улсад ерөнхийдөө цэцэрлэгийн насны хоёр хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг байсан. Өнгөрсөн хичээлийн жилийн байдлаар хамрагдвал зохих хүүхдийн 76 хувь нь сургуулийнг өмнөх боловсрол хамрагддаг байсан бол энэ жил 79 хувьд хүргэнэ гэж бодож байгаа. Цэцэрлэгийн хангамжийн хувьд хоёр томоохон асуудал байгаа. Олон жил засварлаагүй хуучин цэцэрлэгүүдэд хүүхэд хичээллүүлэхэд төвөгтэй асуудал их бий. Нийслэл хотод ерөнхийдөө цэцэрлэгийн байр хүрэлцээгүй байгаа. Барья гэхэд газар олдохгүй байдгаас болж өнгөрсөн жил гэхэд зарим мөнгийг буцааж тушаасан байх жишээтэй. Нийслэлийн удирдлагуудтай сургууль цэцэрлэгийн барилгад заавал газар олгодог байя гэсэн зарчим дээр энэ жилээс эхлэн тохиролцож байгаа учраас энэ жил улсаас төсөвлөсөн хөрөнгөөр цэцэрлэгийн барилгуудаа барина гэдэгт итгэлтэй байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж